Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Хуучирсан мэдээ: 2024.02.05-нд нийтлэгдсэн

Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Цочир "шуурга" айсуй: Сэвээчдээс сэрэмжлүүштэй

Цагаан сар үүдэнд ирж, сонгууль саахалтын зайтай явааг улстөрчдийн сошиал ертөнцөд сэвсэн зургууд гэрчлэх аж .

Тэнгэрийн  жигүүртэн, лус, савдаг шиг үзэгдэж харагдахгүй, түмэнд хилэгнэж явсан амьтад Луу жилд хөрсөнд бууж, жирийн иргэний дүрд хувирч хүүхэд, нохой шуугиулж явна.

“Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн лүнд буусан нь "Хаадын тоглоом"-ын төгсгөлд хайртай залуудаа хөнөөлгүүлсэн Луугийн эхийг эрхгүй бодогдуулав. Байдал бишдэж, ааруулаа авч ч чадахгүй байгаа иргэдийг аргадах гэсэн эрх баригчдын цуврал зураг улам л цухал төрүүлэв.

Сонгууль дөхсөн болохоор улстөрчид улайм цайм хандалт авахаар хичээж, цагаан сар ойртсон болохоор шороон үхрийн зурлага хүн бүхэнд сонин харагдана. Луу жилийн шороон үхрийн зурлагыг харж суухад сүсэггүй мань мэтэд хачин жиштэй бодол төрнө.

Шороон үхрийн зурлага:Шороон үхрийн зурлагад үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.

Бичигчийн бодолд: Улстөрчдийг үхэр гэж үзвэл амаа ангайлгасан нь ханаж цадахаа мэдэхгүйг илтгэх мэт бөгөөд идсэн уусан нь харшилж, ходоодонд нь халуун төөнөж буй бололтой. Ам нээх хамхиагүйг нь ажиглавал эрх баригчид гарцаагүй бодогдох төдийгүй сүүлээ зүүн тийш шарвасан нь зүүний үзэлтнүүд болох Ардын намынхан гэдгийг андуу бодлыг төрүүлэх шиг.

Үхэр хариулаач:Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд  үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна.

Бичигчийн бодол: Ногоон үзэлтэйдээ үхэрчин хүү тийм дээл өмсөөгүй бөгөөд "ногоорсоор" дэлхийд эргэн ирж буй "улаантнууд"-ыг дэмжиж буй сонгогч мань мэтийг бдалдуур тоншоод байх шиг. Баруун гутлаа өмсөөд зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан нь элээхгүйхэн шиг эвтэйхэн талхаар ч болтугай арилжихийг хэлээд байх шиг. Тал талх л худалдан авч буй иргэдэд нэг гутлаа хэмнэх хүсэл байх боломжтой төдийгүй байхгүй гэх баталгаа алга. Хүү мяндсан шилбүүр бариад, үхрийнхээ өмнө яаран алхаж байгаа нь улстөрчдийн өмөөрч бусдыг буртаглах гэж яваагүй гэдгийг хэн мэдлээ. Үгүй гэвэл үхрээр мяндсаар…

…Ийн эргүү балай бодол төртөл улстөрчид сошиал ертөнцөөр солиоруулж байна. Учиргүй ажилласаг эмэгтэй болох гэсэн нэгэн гишүүн эрээ цээргүй энэ үйлдэлдээ эхийгээ ч ашигласан бөгөөд харамсалтай нь гярхай иргэдийн хурц хараагаар хөлдүү бууз чимхсэн дүр эсгэж, олныг хуурсан нь илчлэгдэв. Эрхэм гишүүн энэ үйлдэл нь баригдмагц зуд болж буй нутгийн малчдад "аварга малчин" өргөмжлөл гардуулаад гайхуулсан зургаасаа оруулангаа буузны зургаа баллуурдахаар нэвтрүүлэг хийх болсноо зарлав. Бас нэгэн гишүүн эмэгтэй гал тогоондоо зургаа татуулан оруулсан нь урьдын явдлыг уудлан сануулахад хүргэжээ.

Ер нь УИХ-ын гишүүд тойрогтоо дахин зүсээ зүслүүлэхийн тулд хоёр төрлийн тавилттай зургийг цахим хаягаараа танилцуулж байна. Эхнийх нь бууз, баншаа өөрсдөө хийдэг мэт баримтжуулсан зураг бол нөгөө нь зудандаа малаа алдаж буй малчдад "аварга малчин", ургацаа алдсанд нь "аварга тариаланч" гэх цол олгох нь холгүйхэн явна.

Зам тээвэр, хөгжлийн сайд ч үүнээс хоцроогүй төдийгүй хөдөөгийн хүүтэй зургаа постлоод малчны өрхний даруулгыг татаж өгч буйгаа баримтжуулан оруулжээ. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын дарга нь агаар салхи амлангаа хонио эргүүлж яваа хүүтэй зургаа татуулж, уянгын халилтай пост бичсэн харагдана. Сонгууль дөхөх тусам эл мэтийн энгийн хүний дүрд тоглохдоо ичгүүр, сонжуургүй аашлах бөгөөд түмэн олон байтугай төрсөн эхдээ танигдахааргүй төрөл арилждаг улс.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга үүгээрээ хамгийн ихээр гаршсан бөгөөд жирийн монгол гэрт бууз сэвэлтийн зургаа баримтжуулан түгээсэн анхны алтан медалийг авах ёстой хүн. Гэхдээ галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр түүнийг даган баясаж байгаад улсаараа уруудсан жишээ биднийх…

Тиймээс энэ их бухимдалтай үед аль болох тэдний тэнэглэлийг тэвчиж, даавалгаалан тараахын оронд хэн нь хэрхэн хувирч буйг сайтар ажиглаж байгаад хэрэг болгон сонгууль өгөхдөө дагуулж тонгорхыг мэргэн эсэх нь эргэлзээтэй сонгогчдод зориглон бичлээ. Зүхэх эсэх нь таны эрх.

Сэвээчдээс сэрэмжилж, цочир цочир зургийн "шуургаас" сайтар болгоомжлохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
27
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж