"Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой"

"Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой"

"Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой"

Манай улс мэдээлэл технологийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд нэлээдгүй "хүч" хаяж буй. Энэ үүднээс тус салбарын "Малгай хууль" гэж хэлж болохуйц Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын яамнаас боловсруулаад байна. Эл хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлтүүд орж байгаа болон түүнийг дагасан үр нөлөөллийн талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатартай ярилцлаа. 


-Цаг хугацаатай уралдах шахуу хөгжиж буй салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар. Бие даасан хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье? 

-Аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа эсэх нь санааны зоргоор гардаг зүйл биш. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу 5 жил тутам хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ёстой байдаг. Үүний дагуу бид хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагаар уг хуулийн хэрэгжилтийн үр үр дагаварт үнэлгээ хийлгэж гарсан зөвлөмж болон салбарын үйлчилгээ эрхлэгчдээс гаргасан саналын дагуу судалгаа хийж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнийг гаргасан.

Харилцаа холбооны тухай хууль нь 1995 онд анх батлагдаж, 2001 онд шинэчилсэн найруулга орсон. Салбарын хувьд 2019 онд томоохон өөрчлөлт оруулснаас өөрөөр сүүлийн 23 жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан. Эргээд хуулийн тодорхой зохицуулалтууд нь харилцаа холбоо, технологийн салбарын хурдацтай өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Зарим нэг заалтууд зорилтдоо хүрч, эерэг үр дүнг авч ирсэн. Огт хэрэгжээгүй заалтууд ч бий. Харилцаа холбооны чиглэлийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН байгууллагууд байгаа. Тухайн байгууллагууд тусгай зөвшөөрлийн хүрээнд Зохицуулах хорооноос тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллах ёстой. Нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг маш олон төрлийн харилцаанд оролцдог. Энэ харилцаанд оролцож байх явцад зарим хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай, бусад хуулиудтайгаа зөрчилддөг зэрэг асуудлууд гардаг.   Газрын нөөц, ялангуяа хот суурин газарт газрыг үр ашигтай, зохистой ашиглахын тулд авто зам, эрчим хүч, харилцаа холбоо, ус, дулааны шугам зэрэг дэд бүтцийн хамгаалалтын зурвасыг зохистой хэмжээнд хамтран ашиглах, энэ асуудлыг Газрын тухай хуулиар зөвшөөрснөөр дэд бүтцийн байгууламжуудын зурвас газрын давхцалыг газар зохион байгуулалт, төлөвлөлтийн программд тусгах боломжтой болж, аль нэг шугам сүлжээний газар нь бүртгэгдэхгүй болж сүлжээгээ хамгаалж чадахгүйд хүрдэг хүндрэлтэй асуудлууд арилах юм.  Энэ чиглэлд санаа бодлыг нь судлах зорилготойгоор яамнаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. 

Мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зүгээс гишүүн улс орнууддаа тав дахь үеийн шинэ зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгохыг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн зохицуулалтын арга хэлбэртэй, үр ашигтай, хараат бус бие даасан байдал нь хангагдсан эрх зүйн орчныг бий болгож байж ирээдүйд харилцаа холбоо, мэдээллийн технологийн бизнесийн хэрэглэгчдийн хэрэглээг хангах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнд орсон хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгоход дэмжлэг болно гэж үздэг. Тиймээс ЦХХХЯ-ны зүгээс салбарын Зохицуулах байгууллагыг тав дахь үеийн шинэ зохицуулалттай байгууллага болгох зорилт тавьж, хуулийн төслийг боловсруулаад олон нийтэд хэлэлцүүлж байна. 

-Хуулийн төсөл дээр нээлттэй санал авч буй юм билээ. Ер нь хэлэлцүүлэг, танилцуулгын шатанд иргэд болоод энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн зүгээс ямар асуудлыг хөндөж байсан бэ? 

-Хууль тогтоомжийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт салбарын үйлчилгээ эрхлэгч байгууллага, компани болон тэдгээрийн нэгдэл ТББ-ын төлөөллүүдийг урьж оролцуулсан. Гадаад орны харьцуулсан судалгааг Эстони, Турк, Солонгос зэрэг хөгжсөн улсуудын хууль тогтоомжийг судалж хийсэн. Иргэд болон ААН-үүдээс дараах хэд хэдэн саналууд гарч байгаа. Нэгдүгээрт, компаниудын зүгээс дэд бүтцээ шийдээд шилэн кабелаа татаад харилцаа холбооны бааз станцуудыг байгуулж хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэе гэхээр үндсэн суурь асуудлууд байна гэж байгаа юм.

Тухайлбал, газраар шилэн кабелийг тавихад тухайн газрыг эзэмшлийн асуудалд орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд харилцан адилгүй нөхцөл тавьж байна. Газрыг дуудлага худалдаагаар олгож байна. Дуудлага худалдаагаар газар эзэмших, ашиглах эрхийг авах нь тухайн бүс нутагт дэд бүтэц байгуулах, шилэн кабель татахаас өндөр өртөгтэй болж таардаг.

Энэ нь эргээд үйлчилгээний өртөгт нөлөөлж хэрэглэгчид өртөг өндөртэй үйлчилгээ хүргэх нэг хүчин зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, тэнд өндөр өртгөөр сүлжээ байгуулах нь иргэдэд очих үйлчилгээний төлбөрт л нөлөөлнө. Эцсийн дүндээ иргэдийн л халааснаас гардаг учраас харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар газар олгохтой холбоотой эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх шаардлагыг тавьж байна. Түүнчлэн барилга байгууламж, хот байгуулалт тал дээр ч томоохон асуудал тулгардаг. Шинээр баригдаж буй барилга байгууламжийн цэвэр, бохир усны шугамын төлөвлөлт хийгддэг боловч харилцаа холбооны шугам, сүлжээний төлөвлөлт байхгүй байна. Анхнаасаа барилгын, хотын төлөвлөлтөд харилцаа холбооны дэд бүтцийн асуудлыг тусгаж өгөөгүй нь эргээд энэ дэд бүтцийг үүсгэх суурь зардлыг нэмэгдүүлж, дараагийн түвшний үйлчилгээг хүргэх боломжийг хязгаарлах нэг нөхцөл болоод байна.  Салбарын нэгдсэн шаардлага, норм нормативыг батлахад салбарын мэргэшсэн боловсон хүчний оролцоо дутмаг байгаагаас үүдээд боловсронгуй болохгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ бүх зүйл нь эцэстээ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж буй юм. Иргэдийн зүгээс хямд өртөгтэй, хүртээмжтэй, хурдтай үйлчилгээг л авъя гэж байгаа юм.  

Монгол Улсын 15-аас дээш насны нийт хүн амын 98 хувь нь үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байгаагаас харахад хөдөө орон нутгийн иргэд малын бэлчээр дээрээсээ ч интернэтэд холбогдож, бүх төрлийн цахим үйлчилгээ авах, дэлхий өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй холбогдох боломжийг бүрдүүлээд байна. 

Бид 2024-2025 онд багтаж үлдсэн 5 сумыг шилэн кабелийн сүлжээнд, 100 гаруй багыг үүрэн холбооны сүлжээнд холбож, алслагдсан бүс нутагт харилцаа холбооны сүлжээг хүргэхээр төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагааг бүх нийтийн үүрийн санд тулгуурлан төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж байна. Малын бэлчээр дээрээс иргэн Дондог, Дорж хэн ч гар утсаараа дамжуулаад бүх төрлийн төрийн, бизнесийн үйлчилгээ авах, дэлхий өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй холбогдох боломжийг үүсгэх суурь дэд бүтцийг хүртээмжтэй байгуулж чадсаны үр дүнд тухайн үйлчилгээг авч чадаж буй зүйл билээ. Тэгэхээр бид энэ хүртээмжийг нэмэх чиглэлд бүх нийтийн үүрийн сангийн санхүүжилтийг яаж уялдуулж, төр хувийн хэвшилтэй хамтарч дэд бүтцийг хөгжүүлэх вэ гэдэг чиглэлд анхаарч байна. 

-Таны сая дурдсан тодорхой хэд хэдэн өөрчлөлтүүдийг шинэчилсэн найруулгын төсөлдөө бүгдийг тусгаад байгаа юу. Аль эсвэл зарим асуудал дээр дагалдах хууль тогтоомж болоод яамд хоорондын уялдаа холбоотойгоор ажиллах чиглэлд саналаа хүргүүлэх юм уу? 

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Салбар хоорондын уялдаа холбоог хангана гэдэг бол манай яамны гол хүлээж буй үүрэг. Тэгэхээр бид төрийн бодлогод салбарын эрх ашгаа тусгах, салбар хоорондын уялдааг хангах хүрээнд Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Орон сууцны тухай зэрэг холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар зохих төслийг боловсруулаад байна. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийн доод хугацааг 5 жил байхаар тусгасан. Гэтэл манай салбарын зөвшөөрлийг аваад үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд гаднаас хэдэн зуун сая ам.доллароор хэмжигдэхүйц хэмжээний хөрөнгө оруулалтыг авч ажилладаг. 

Тэгэхээр тавхан жилийн тусгай зөвшөөрөлтэй компанид гаднын хөрөнгө оруулалтын компани өндөр хэмжээний өртөгтэй хөрөнгө оруулалтыг хийхэд эрсдэлтэй. Тиймээс бид урьд байсан хуулийн хугацааг нэмэгдүүлэх, боломжит зарим зөвшөөрлийг 15 жилээр олгох зэрэг концепцийг хуулийн төсөлд тусгасан. Ингэж чадсанаар тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгоно гэсэн үг шүү дээ. 

-Иргэдийн аюулгүй байдалтай холбоотой агуулга багтсан байх шиг байсан? 

-Орон сууцны дээгүүр маш олон кабелийн утас, антен тавьчихсан тохиолдлуудтай бид байнга шахуу таардаг. Антен байна гэдэг нь тэнд өндөр хүчдэл, радио долгион байна гэсэн үг. Радио долгион өндөр хүчдэлд тухайн орон сууцны оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл байна уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тэгвэл үүнийг хэн тогтоох юм, ямар тохиолдолд зөвшөөрч ямар тохиолдолд зөвшөөрөхгүй вэ гэдгийг илтгэх зохицуулалт өнөөдөр байхгүй байна. Тэгэхээр бид 

Орон сууцны тухай хуульд зохих өөрчлөлтийг төлөвлөөд хэрвээ радио давтамжийг хүний биед хортой бол хориглох, хориглох эсэхийг хэн тогтоохыг тодорхой болгох зохицуулалтыг оруулж өгч байгаа. Бид уялдаа холбоог хангах чиглэлд ажиллаж байна. 

Манай салбарын бас нэг тулгамдсан асуудал нь мэргэшсэн боловсон хүчингүй болчихсон байгаа. Тиймээс бид яамтай болсны хувьд харилцаа холбоо болоод мэдээлэл технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх бодлогыг батлах боломжийг бий болгох гэж байна. Сургалтын хөтөлбөр агуулгыг тодорхойлоод ямар шаардлагыг хангасан хүнд ямар зэрэг олгох вэ гэдэг журмыг батлах эрх зүйн орчныг бий болгоно. Ингэснээр боловсон хүчнээ бэлтгэдэг, үнэлдэг, гадагшаа зах зээлд гарахад ажиллах боломжтой болно. 

"ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ТӨРИЙН ОРОЛЦООГ ХАМГИЙН БАГА ТҮВШИНД БАРИХ ЁСТОЙ"

-Өнгөрсөн хугацаанд технологийн салбар төрийн оролцоогүйгээр хөгжиж чадсан. Төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагаа байж болох ч гэлээ нөгөө талдаа төр юу хийх вэ, ямар бодлогоор дэмжих вэ гэдгээ л тодорхой болгож зааг тогтоох ёстой юм шиг санагддаг. Төрийн оролцоо талаас ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ? 

-Харилцаа холбооны салбарын өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн амжилтын нэг үндэс нь төрийн оролцоо бага байсантай холбоотой. Хоёрдугаарт, өрсөлдөх орчин нь бүрдэж чадсаны үр дүн. Төрийн оролцоо хамгийн бага түвшинд байх ёстой. Эргээд төр оролцохдоо Зохицуулах хороо буюу бие даасан институтийн тохируулгаар явдаг зохицуулалттай зах зээл цаашид хадгалагдаад явах ёстой. Улс төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал энэ салбарт ажиллаж байгаа ААН-үүдэд эергээр нөлөөлнө. Жишээлбэл, улс төрөөс хамааралгүй байхын тулд яах вэ. Ерөнхий сайд энэ хорооны гишүүдийг томилдог. Энэ бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ олон улсын зохицуулах хорооны жишиг энэ чиглэлд явж байгаа. Тэгвэл бид нэр дэвшигч нар нь мэргэжлийн байх, улс төрийн албан тушаалтан нэр дэвшихийг хориглоно гэдэг заалт оруулж өгч байгаа. Мөн хувийн хэвшлийн оролцоог хангах үүднээс МҮХАҮТ-ын хоёр нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх боломжийг бий болгож байна. Мөн нэр дэвшигч бүрд тавигдах шаардлагыг чангатгаж байгаа.

Зөвхөн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбартаа ажилласан байх буюу ажилласан жилийн шаардлагыг нэмэгдүүлж өгнө. Ингэснээр яг мэргэжлийн хүмүүс нь тухайн үүссэн асуудлыг, шаардлагатай арга механизмыг тодорхойлохдоо оновчтойгоор тодорхойлж чаддаг, хөндлөнгийн байх ёстой л гэж байгаа юм. 

 

Бас нэг том оролцогч байгаа. Хувийн хэвшлүүд нь эргээд Зохицуулах хороондоо нөлөөлдөг, Зохицуулах хороонд ажиллаж байгаад тусгай зөвшөөрөл авсан ААН рүү яваад орчихдог ашиг сонирхлын зөрчилтэй боловсон хүчний томилгоо хийгдэж байсан муу туршлагууд хэд хэд байна. Тиймээс бидний зүгээс Нийтийн албанд нийтийн болон албаны ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үндсэн концепцд нийцүүлээд хэрвээ та Зохицуулах хорооны гишүүнээр ажилласан бол хоёр жилийн хугацаанд салбарт байгаа тусгай зөвшөөрөл эзэмших компанид ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай байж болохгүй гэдэг хязгаарлалтыг тогтоож өгч байгаа. Ямар нэгэн бизнесийн төдийгүй улс төрийн ашиг сонирхолгүй, мэргэшсэн байгууллага болоход дэмжлэг үзүүлэх байдлаар зохицуулалт тусгаж байгаа. Зохицуулах хорооны бас нэг чухал функц бол ажлын аппарат нь бие даасан хараат бус, эдийн засгийн хувьд бэхэжсэн байх ёстой. Тэгэхээр бил ажлын аппаратын хараат бус бие даасан ажиллах нөхцөлийг хангах үүднээс ажлын албан даргыг нь Зохицуулах хорооны хурлаар томилдог байх өөрчлөлтийг оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, даргаасаа ч үл хамаарч ажиллах боломж бололцоог бий болгож өгнө гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг олон улсад ч ашигладаг. 

-Тэгвэл технологийн салбар дахь зах зээл нь хэр чөлөөт байна гэж хардаг вэ? 

-Манай харилцаа холбоо, шилэн кабелийн суурь дэд бүтэц гэдэг бол бусад салбар хөгжих үндэс. Бид интернэт оруулахын тулд шилэн кабель тавиад, бүх сүлжээг барьж байгуулаад хэдэн ч километрт очих боломжтой болж байна, тийм үү. Тэнд интернэт очсоноор бүх ААН байгууллагууд интернэтээр дамжуулаад өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулж байна. Мэдээллээ солилцож байна. Төр хүртэл И Монголоор дамжуулаад төрийн үйлчилгээгээ хүргэдэг болсон. Бусад салбар хөгжих үндэс болдгийн хувьд энэ дэд бүтцийн асуудалтай төр бодлогоор дэмжиж оролцох ёстой л гэж би хардаг. Төр суурь дэд бүтцийн өртгийг бууруулах, хүртээмжтэй байлгах боломжийг бий болгох ёстой. Мөн энэ удаагийн өөрчлөлтөөр ирээдүйд ямар сорилтууд бий болох вэ гэдэг асуудлыг харж байгаа. Жишээлбэл, өнгөрөгч 2023 онд хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрлийг Старлинк компанид олгосон. Монгол Улс даяар интернэт авах бололцоог нээж чадсан. Ингэснээр интернэтийн өртгийг гурав дахин бууруулсан. Одоогоор Старлинкийн төлбөр 280 орчим мянган төгрөг байна. 280 мянган төгрөгөөр авсан интернэтийг 50 орчим хэрэглэгч хэрэглэх бололцоотой болчихсон. Гэтэл саяхан тухайн компани маань харилцаа холбооны үүрэн телефон компаниудын адилаар үйл ажиллагаа явуулах бололцоотой болсон. Үүний зэрэгцээ сансраас авах боломжтой болсон. 

Технологи ийм л хурдацтай хөгжиж байна. Нөгөө талдаа монголын ашиг сонирхол байна. Хөрөнгө оруулалтыг нь хамгаалах, даах ёстой. Үр ашигтай үйл ажиллагаа явуулах, шударга өрсөлдөөн бий болгох ёстой. Тэгэхээр ирээдүйд бид технологийн хөгжил ямар сорилтыг бий болгох вэ гэдгийг бид тооцооллыг өнөөдөр хийж, хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлага үүсэж буй юм. 

-Хувийн хэвшил гэж ярьсных асууя гэж бодлоо. Сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулалт гэж их яригдаж байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт татаж ирсэн нь үнэн. Цаашид бид технологийн салбараараа хөрөнгө оруулалт татах боломж бололцоо бий юу. Эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад энэ хуулийн өөрчлөлт ямар давуу талыг бий болгох вэ? 

-Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын экспортын хувьд хамгийн ирээдүйтэй байж болох салбарыг ашигт малтмалаас гадна технологийн салбар гэж дүгнэсэн. Тиймээс технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлд цаашид ажиллана. Технологийн салбар интернэтийн хурд, хүртээмжтэй байдал, өртөг, дэд бүтцийн хүртээмжтэй байдал зэргээс шууд хамаарч хөгждөг салбар. Технологийн компаниудын хөгжлийг дэмжих бодлогыг бид Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг шинээр боловсруулахаар дахин ажлын хэсэг гараад тусдаа ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид технологид суурилсан үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ, экспортод хэрхэн гаргах вэ, компаниудад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, түүнийг нь яаж хамгаалах вэ зэрэг асуудлыг анхаарч үзнэ. Манай яамны зүгээс цахим хөгжлийг дэмжих үүднээс бүх технологийн компаниудыг үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх суурь дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг хариуцаад явж байгаа. Мөн 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь бусад төрлийн бизнесийн дэд бүтцийг бий болгож байна. Цаашид дараа дараагийн технологийн бизнесийг бий болгох боломжууд гарч ирнэ. 

"БИД ӨНДӨР ХУРДНЫ 5G ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА"

-Олон нийтийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа зүйл бол олон нийтийн цахим сүлжээнд хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тусгах асуудал. Хязгаарлахгүй байх агуулга. Хамгийн сүүлд л гэхэд Zarig.mn сайтыг хаасантай холбоотойгоор олон нийтийн мэдээлэл авах эрхэд халдлаа гэдэг байдлаар шүүмжлэл гарсан шүү дээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд өөрчлөлт орж ирж байгаа юу? 

-Одоогоос яг нэг жилийн өмнө манай яамнаас боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлагдсан боловч Ерөнхийлөгч хориг тавьж хүчингүй болсон. Олон нийтийн сүлжээ гэдэг бол эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчин биш. Эсрэгээрээ эрүүл бус, аюултай, эрсдэлтэй орчин. Гэхдээ энэ орон зайд бид аюулгүй байдлаа хангаж чадвал мэдээллээ аюулгүй солилцдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, илэрхийлсэн үзэл бодол нь хамгаалагддаг нөхцөлийг бий болгож байх ёстой. Дэлхийн улс орнууд олон нийтийн сүлжээн дэх худал хуурмаг мэдээллийг зориуд түгээж байгаа нөлөөллөөс хэрхэн иргэдээ хамгаалах талаар тусгайлан бодлого гарган ажиллаж байна. 

Монгол Улсад 2.8 сая орчим фейсбүүк хэрэглэгч байна. Үүнээс ойролцоогоор нэг сая орчим нь хэн эзэмшиж байгаа нь үл мэдэгдэх хаягууд байна. Ийм хаяг байна гэдэг бол янз бүрийн хэлбэрээр хууль бус зүйлд ашиглагддаг. 

Жишээлбэл, олон нийтийн цахим сүлжээг ашиглан үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ 2019 онд 19 тэрбум байсан бол 2023 оны сүүлд 83 тэрбум төгрөг болж эрс өссөн. Өөрөөр хэлбэл тэр орон зайд сэтгүүлч, хэвлэл мэдээлэл, мэдээлэл авах гэсэн иргэн нөгөө талд залилагч нар бүгд оршиж байгаа. Тусгай албад ч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл Дорж, Дулмаа гэсэн хуурамч хаягийн цаана зохион байгуулалттай бүлэг, баг ажиллаад зохион байгуулалттайгаар улсын, байгууллагын, компанийн, иргэний эрх, эрх ашиг, нэр төрд халдсан сөрөг үр дагавар үүсгэхүйц, худал мэдээллийн урсгалаар довтолбол яаж хамгаалах вэ гэдэг нь нь ямар ч зохицуулалтгүй байна гэсэн үг. Хэрэглэгчдийн судалгаагаар 60 хувь нь олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг үнэн гэж үздэг. Гэтэл Эстони гэх мэт олон нийтийн сүлжээний хэрэглээ нь тогтсон улсуудад 90 орчим хувь нь цахим сүлжээн дэх мэдээллийг эх сурвалж гэж үздэггүй байх жишээтэй. Дайны олон төрлийн хэлбэр бий. Мэдээллийн дайн маш ноцтой. Энэ эрсдэлийг бууруулах зохицуулалтыг бид хийх ёстой. Тэд яаж иргэдийг худал мэдээллээр хангаж, төрийн үйл ажиллагааг буруугаар ойлгуулах вэ гэдэг урсгал явж л байдаг. Энд хэдэн улс төрчид л хоорондоо нэгнээ хараар будаад байгаа зүйл биш юм. Энэ удаагийн Харилцаа холбооны тухай хуулийн өөрчлөлтөд энэ чиглэлийн зохицуулалт ороогүй, цаашид зохицуулах шаардлагатай асуудлын нэг гэж л харж явдаг. 

-Иргэнд ач холбогдолгүй хууль гэж байхгүй шүү дээ. Тэгвэл Харилцаа холбооны тухай хуульд оруулахаар бэлдсэн агуулгуудыг том зургаар нь аваад үзэхэд иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь ярихгүй юу? 

-Гар утас, интернэт сүлжээ ашиглах бүртээ бид Харилцаа холбооны тухай хуулийн үр дүнг хүртэж байгаа. Бид тав дахь үеийн зохицуулалтыг бий болгож чадвал илүү хурдтай, дэлхийн технологийн боломжоос үр дүн хүртэж чадна. Бид 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бол өндөр хурдыг гаргадаг технологи. Гэхдээ энэ технологи өндөр өртөгтэй. ААН-үүдэд дэмжлэг хэрэгтэй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өртгийг бууруулах шаардлага байна. Энэ талаас нь төр дэмжих ёстой. Ингэж чадвал таны утсанд 5G технологийг нэвтрүүлэх боломжтой. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашигласны үр дүн нэмэгдэн, давхар хөрөнгө оруулалт эрс буурч, үйлчилгээний чанар сайжрах, Харилцаа холбооны Зохицуулах хорооны хараат бус, бие даасан байдал бэхжих, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг гэмтээхгүй, үйлчилгээг тасалдуулахгүй байх нөхцөл хангагдаж, мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээний зориулалттай газар буюу зам, шугам сүлжээ  барьж байгуулсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөгдөж, чөлөөлөгдсөнөөр иргэнд хүргэх харилцаа холбооны үйлчилгээний өртөг буурах, алслагдсан баг болон зуны цагт хүн ам их төвлөрдөг газар, аялал жуулчлалын бүс нутагт харилцаа холбооны дэд бүтэц байгуулснаар иргэд үүрэн холбооны үйлчилгээ, интернэт үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэн, төрөөс иргэдэд үзүүлж байгаа цахим үйлчилгээг авч, тоон хуваагдал багасах боломж бүрдэнэ. 

Түүнчлэн Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн, цагдаа, гал түймэртэй тэмцэх болон эмнэлгийн яаралтай тусламжийн үед иргэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн сүлжээ хамаарахгүйгээр тусламж, үйлчилгээ дуудах боломжтой болох юм. 

эх сурвалж:ubn.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.184.243

Odoo l oilgoj dee. Xx yam gej baix xereggui sh dee.

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.168.8

МАЛГАЙ ХУУЛЬ ГЭДЭГ ТЭНЭГ ЮМЫГ ЯГ ХЭН НЬ ЯРИАД БАЙДГИЙН ЭДНИЙ ЯАМНЫХАН Л БҮГД ЯРИНА, ӨӨР ХЭН Ч ИЙМ ТЭНЭГ НЭР ӨГЧ БАЙГААГҮЙ

Avatar

Нэргүй 2024-02-05 202.179.31.242

ХХ гэдэг бол Стратегын хувьд чухал салбар …..

Avatar

Нэргүй 2024-02-05 213.87.135.234

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-05 66.181.180.141

МАНгасын МАНгар хулгайч банди шдээ

Avatar

Нэргүй 2024-02-05 112.72.8.90

Хэлэх гэж ам байхад бодох гэж боловсрол нэмсэн ухаан байх үзүүлэх гэж шар хад бас байх

Avatar

Нэргүй 2024-02-05 202.21.114.170

Ene chin ooroo bas nuursnii ch biluu hulgaich gee bizdee. JDV ch biluu ? butehgui eee. bugd hulgaich, neeh poporson garuud

Avatar

НААД САЛБАРАА НООЛОХ ХЭРЭГГҮЙ Ш 2024-02-05 202.179.25.203

ТХХХ… ЯАМ ГАЗАР ХОРОО БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГААД ХУВЬЧИЛАХЫГ НЬХУВЬЧИЛААД ХУУЛЬЧЛАХЫГ НЬХУУЛЬЧИЛААД ТАРААХ ХЭРЭГТЭЙ ШД… ДЭЛХИЙ ДАЯАРАА ТИЙШЭЭ ХӨГЖӨӨД БАЙХАД МОНГОЛ ГЭХЭЭР ЯАМТАЙ САЙДТАЙ БҮР ДЭД САЙДТАЙ ТӨРИЙН НАРИЙНТАЙ БААХАН ГАЗАР ХЭЛТЭСТЭЙ., ХЭДЭН ЗУУН МЭРГЭЖИЛТЭН Ч БАЙХ ШИГ…. ХУВИЙН ХЭВШЛИЙХЭН БҮГДИЙ НЬ ХИЙЖ ЧАДНА ШД.

Avatar

Нэргүй 2024-02-05 202.131.253.155

Харин тийм, тийм болхоор цахимын дэд сайд нтр гэж хэрэггүй юм бишүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж