ОХУ-ын Волгоград дахь газрын тос боловсруулах үйлдвэрт хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө гал гарч, 300 метр квадрат талбайг хамарчээ. ЛУКОЙЛ-Волгограднефтепеработка нь Оросын Өмнөд Холбооны дүүргийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэр нь 14.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэр Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн аж. Үйлдвэрт ноцтой хохирол учирсан боловч хүний амь эрсдээгүй.
"ОХУ-ын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборыг хангадаг газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дайрснаар бид дайсны логистикийг таслаад зогсохгүй Москвагийн эдийн засгийг сааруулна. Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн дэлбэрэлт үргэлжилсээр байх болно" гэж эх сурвалж "Ukrayinska Pravda" хэвлэлд мэдээлжээ.
Украины нисгэгчгүй онгоцууд ОХУ-ын Усть-Луга дахь далайн терминал, Туапсе дахь газрын тос боловсруулах үйлдвэр рүү дайрсан тухай мөн эх сурвалж дурссан байна. Дээрх халдлагуудын улмаас Оросын нефтийн бүтээгдэхүүний экспорт бараг гуравны нэгээр буурчээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA