Орон нутгаас ирсэн иргэн автомашинтайгаа Улаанбаатар хотод 48 цагаас илүү хугацаагаар зорчих бол төлбөр төлдөг байх зохицуулалт яригдаж буй.
Тодруулбал, УИХ-аас баталсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг буруулах, гэр хорооллыг барилгажуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлээс дээрх зохицуулалтыг журмаар батлуулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгоод буй. Харин энэхүү төлбөр авах тухай зохицуулалтад аймгийн Засаг дарга нар тун их шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Хөдөө орон нутгийн автомашинууд Улаанбаатар хотод олон хоновол төлбөр авдаг болох зохицуулалтыг өргөн барьсан гэж ойлгосон. Эсэргүүцэж байна. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотод аялж зугаацах гэж ирдэггүй. Эмчилгээ үйлчилгээ авах гэж гол төлөв ирдэг. Орон нутгийн дугаартай автомашинаас төлбөр авна гэдэг нь дэндүү хүнлэг бус шийдвэр. Зөвхөн хөдөөгийнхнөөс татвар авна гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн, ард иргэдээ хот, хөдөө гэж ялгасан үйлдэл” гэж буруутгасан юм. Бусад аймгийн Засаг дарга нар ч дээрх зохицуулалтыг эсэргүүцэж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ