АНУ-ын сенат Том Коттон хоёр хоногийн өмнө болсон Конгрессын сонсголын үеэр олон нийтийн сүлжээ тикток компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чюг Хятадын Коммунист намтай холбоотой эсэхийг байцаасан. Тэрбээр Шоу Зи Чюг сингапур хүн гэдгийг үл харгалзан Хятадтай холбоотой гэж харагдуулах зорилгоор хэд хэдэн удаа ижил агуулгатай асуулт асууснаараа өөрөө олны шүүмжлэлийн бай болжээ. Тухайлбал, тэрбээр Шоу Зи Чюгаас "Хэзээ нэгэн цаг Хятадын коммунист намын гишүүн байсан уу, Хятадын Коммунист намтай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байсан уу, Хятад улсын иргэншил авахаар хүсэлт гаргаж байсан уу" гэх мэтчилэн асуусан. Тухай бүрд Шоу Зи Чю Сингапур хүн гэдгээ давтан хэлж, Хятадтай холбоогүй гэдгээ баталсан бөгөөд Сингапурын армид хоёр жил алба хааж, гэр бүлээрээ тэнд амьдардгаа ч тайлбарлажээ.
АНУ-ын Конгресс Лхагва гаригт олон нийтийн сүлжээнд хүүхэд гэмт хэргийн золиос болж байгаа асуудлаар сонсгол зохион байгуулж, фейсбүүк, инстаграм, тикток, дискорд зэрэг компанийн удирдлагуудыг дуудан мэдүүлэг авсан юм.
Гэсэн сонсголын дараа Коттон "Fox News" телевизийн "The Story with Martha MacCallum" нэвтрүүлэгт оролцохдоо, "Харамсалтай нь Сингапур бол Хятадын Коммунист намын нөлөө, оролцоогоор дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн орнуудын нэг. Тиймээс Шоу Зи Чюд тикток аппликейшн АНУ-д юу хийж байгаа, яагаад үүнийг хийж байгаа талаар хариулах зүйл их" гэж өөрийгөө өмөөрчээ.
"Тикток" нь Хятадад төвтэй "ByteDance" компани болон Хятадын засгийн газартай холбоотой гэх асуудлаар АНУ-д сорилттой тулгардаг. Энэ талаарх хууль тогтоогчдын айдсыг арилгахын тулд уг платформ нь АНУ-ын хэрэглэгчийн мэдээллийг толгой компаниас нь хаахын тулд Техасын төслийг боловсруулсан. Гэсэн ч "The Wall Street Journal" Мягмар гаригт мэдээлснээр Техас төсөл дээр ажилладаг хүмүүс компани эсвэл "ByteDance"-ийн өөр өөр хэсгүүдтэй мэдээлэл хуваалцах хүсэлттэй үе үе тулгардаг гэжээ.
Шоу Зи Чю мөн тус компанийн Хятадтай холбоотой асуудлаар сонсголын хурлын үеэр Техасын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Жон Корнин, Тед Круз зэрэг бусад хууль тогтоогчдын дарамттай тулгарсан. Корнин түүнийг нэлээд шахсан боловч Шоу Зи Чю гүйцэтгэх захирал үүнийг эсэргүүцэж, нийтлэлд алдаатай олон зүйл байгааг тайлбарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ