Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси ирэх долоо хоногт Украинд айлчлах гэж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Киев хотноо Украины удирдагчидтай хэлэлцээ хийхээс гадна фронтын шугамын ойролцоох Запорожье станцад дахин очихоор төлөвлөжээ.
Оросын эзлэн түрэмгийллийн хугацаанд атомын цахилгаан станцын ажилтнууд 11500-аас 4500 болтлоо цөөрсөн аж. Тиймээс боловсон хүчний хомсдол нь Оросын талтай хийх яриа хэлэлцээний гол сэдэв байна. Цөмийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх нь тус үйлдвэрийн хувьд маш чухал.
Запорожье нь Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц юм. Тус станц 2022 оны гуравдугаар сараас хойш Оросын мэдэлд байна. Тэгвэл Украины төрийн "Энергоатом" компанийн мэргэжилтнүүдийг Запорожьед ажиллахыг хориглосон тухай Олон улсын атомын энергийн агентлагийн сүүлийн тайланд дурджээ. Одоо тус үйлдвэрт ОХУ-ын оператор компанитай гэрээ байгуулсан “Энергоатом” компанийн хуучин мэргэжилтнүүд болон ОХУ-аас томилолтоор ирсэн боловсон хүчин л ажиллаж байна.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL
Холбоотой мэдээ