Д.Сүхбаатарын дөч: Хүмүүс намайг өвөөтэйгөө төстэй гэдэг

Хуучирсан мэдээ: 2024.02.02-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын дөч: Хүмүүс намайг өвөөтэйгөө төстэй гэдэг

Д.Сүхбаатарын дөч: Хүмүүс намайг өвөөтэйгөө төстэй гэдэг

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой өнөөдөр /2024.02.02/ тохиож буй.  Энэ өдөр "Эконтэ" ХХК-ийн санаачлан бүтээсэн "Сүхбаатар" анимэйшний нээлт Тусгаар тогтнолын байранд боллоо. Д.Сүхбаатар жанжны жинхэнэ нэр нь Сүхээ байсан гэнэ. Тийм ч учраас “Сүх хүү” хэмээн ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ.

Гавьяа байгуулсан түүнийг “Гоймон баатар” гэж өргөмжлөн хочилсоор яваандаа сүүлийн Баатар гэх нэртэй нь холбогдож Сүхбаатар гэдэг болсон гэдэг.

"Д.СҮХБААТАР ЖАНЖНЫ АЧ ОХИНЫ ҮР ХҮҮХДҮҮД НЬ 90 ХҮРЧ, ӨНӨР ӨТГӨН БОЛСОН"

Жанжин Д.Сүхбаатар 1893 оны энэ өдөр эцэг “цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон одоогийн Амгаланд мэндэлсэн тухай эх сурвалжид тэмдэглэжээ.  Эхнэр Н.Янжмаатай 1910 онд гэрлэж, Галсан гэдэг нэг хүүтэй болсон. С.Галсан хоёр охин, нэг хүүтэй. Тэднийг Г.Наран, Г.Амгалан хүүг нь Г.Сүхболд гэдэг. Их жанжны ганц хүү С.Галсангийн том охин Г.Нарангийн хүү Сүх-Эрдэнийн хүү Өлзий өндөр өвөөгийнхөө түүхэн гавьяагаар бахархдаг тухайгаа ярилаа. Тэрбээр "Жил бүрийн хоёрдугаар сарын 2-ны өдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ой тохиодог. Манай өвөөгийн байгуулсан намын зүгээс энэ өдөр ач холбогдол өгдөгт баярладаг. Их жанжин хүний үр удам гэдгээрээ үргэлж бахархдаг. Манай эмээ бол Д.Сүхбаатар жанжны ач охин. Эмээгийн үр хүүхдүүд нь өдгөө 90 хүрч, өнөр өтгөн болсон" гэв.

 "Манай өвөө Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 22-нд цэл залуу 30 настайдаа зуурдаар таалал төгссөн. Ид залуу насандаа жанжин болж, улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж, журмын нөхөдтэйгөө хамтран өнөөдрийн Монгол Улсыг бий болгосон.

Хүмүүс намайг харагдах байдлаасаа өндөр өвөөтэйгөө төстэй гэж ярьдаг. Зарим нь "Гоймон баатар" гэж дууддаг. Миний хувьд одоо 30 нас гарсан. Би хувийн компанид бизнесийн чиглэлээр ажилладаг. Манай өндөр өвөө маш богино хугацаанд ихийг хийж бүтээсэн баатар хүн. Их жанжин Д.Сүхбаатар судлаач О.Баатар гуайд өвөө, эмээгийн эдэлж хэрэглэж байсан аяганаас эхлүүлээд олон зүйлс хадгалагдан үлдсэн байдаг. Манай эмээгийнд зарим эд хэрэгсэл нь бий" гэдгийг онцолсон юм.

"ОРЧИН ЦАГИЙН ЗАЛУУС ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛААР 2-ХОН ЗҮЙЛИЙГ Л МЭДЭЖ БАЙСАН"

Комикс зохиолч, зураач, Соёлын элч Н.Эрдэнэбаяр:

-"Сүхбаатар" анимэйшнийг хоёр жилийн өмнө хийж дууссан. Өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан МАН-ын залуус энэ анимэйшний эхний хоёр ангийн нээлтийг хийх санал тавьсан. Бид 2017 оноос хойш Монголын түүхтэй холбоотой комисыг хийж эхэлсэн. Монголын хойч үе болсон хүүхэд залууст зориулан эх түүхээ танин мэдүүлэх зорилготой. Бид энэ төслөө эхлүүлэхээс өмнө залуусаас судалгаа авсан. Орчин цагийн залуус Их жанжин Д.Сүхбаатарын талаар хоёрхон зүйлийг л мэдэж байсан. Тодруулбал, мөнгөн тэмдэгт дээр энэ жанжны зураг нь байдаг. Бас төв талбай дээр хөшөө нь байдаг гэж хариулсан. Нөгөө нэг хэсэг нь мөрийтэй тоглодог, танхай хүн биш үү гэдэг хариултыг өгч байсан нь эмзэглүүлсэн юм.

Шинэ анимэйшнд Их жанжин Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, тэр дундаа 1911 болон 1921 оны түүхэн хувьсгалын тухай өгүүлнэ. Түүхэн зохиолоо комик, анимэйшний аргаар баяжуулж, орчин үеийн хэлбэрт оруулсан.

Энэ төслийг хийхийн тулд 350 гаруй судалгааны материал болон эрдэмтэн судлаачидтай хамтран ажилласан. Энэ бол бидний ажлын эхний хэсэг. Цаашдаа энэ төсөл үргэлжлэх төсөв санхүүжилт нь тодорхойгүй байгаа. Манай "Эконтэ" ХХК-ийн санаачлагаар нийт 20 орчим уран бүтээлч хамтран ажилласан" гэлээ.

Д.Сүхбаатар улс орны үйл хэрэгт өндөр албан тушаал хашиж явсан нь цөөнгүй. Тухайлбал, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын төлөөлөгч байгаад хамгийн сүүлд нас нөгчихдөө Бүх цэргийн жанжин байсан аж. Тэрээр 1921 оны арваннэгдүгээр сард Зөвлөлт Орос улсад очиж хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулан, гарын үсэг зурж, Владимр Ильич Ленинтэй уулзан гар барьж, зураг татуулсан байдаг.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХөөрхөнХөөрхөн
17
ХахаХаха
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж