Бурхан, бугаа болгооё

Хуучирсан мэдээ: 2024.02.02-нд нийтлэгдсэн

Бурхан, бугаа болгооё

Бурхан, бугаа болгооё

Сахил хүртээд шал дордов гэгчээр Говийн ноён хутагтын ес дэх дүрээр тодорсон залуу арван жилийн дараа нүүрсний хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс торгох ялыг нь чөлөөлөв. Гутамшигтай нь хутагтын хойд дүр худал мэдүүлэг өгснөөс тэр. Буян номын мөр хөөж, үнэний мөрийг хөөх ёстой хүн ийн хэрэгт холбогдсон нь сүсэглэн дагагч олны сэтгэл рүү ус цацсан хэрэг болов.

Гэхдээ чухам ямар учраас энэ хэрэгт холбогдсон, сүсэгтэн олны "даатгал"-аар хорвоог гэтэлгэх ёстой хүн яагаад ийм бузар хэрэгт оролцсон, оролцохдоо ямар оройлтой оролцов гэдэг нь мэдэгдсэнгүй.

Хавтаст хэрэгт түүнийг номын нэрээр нь тэмдэглэсэн бөгөөд өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргаж, түүнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар түүнийг яг ямар хэрэг үйлдсэнийг олон нийт мэдэх боломж олдсонгүй. Нэгэнтэй хаалттай болсон учраас хэрэг явдлын талаар таамаг, төсөөлөл төдий л үлдэцгээв. Яг яасныг бүү мэд. Тэрбээр хутагтын нэр барьсан хууран мэхлэгч үү эсвэл бусдын сайн сайхны төлөө хэлмэгдсэн хувилгаан уу мэдэгдсэнгүй. Хаалттай хурлын цаана байнга таамаг, хий төсөөлөл үлддэг бөгөөд хэн нь бурхан, хэн нь буг болохыг сургаар, мухраар төсөөлөхөөс цаашгүй үлддэг. Тиймээс хутагтын нэр хүндийг бодон өмгөөлөгчийн хүсэлтийг биелүүлсэн мэт боловч үнэндээ нэр хүндийг эргэж сэрэхгүйгээр шавартай хутгалаа. Шүүх хурлаас хутагт үнэнийг өчихөө баталсан ч худалч байсан нь тогтоогдсон тухай л мэдээлэлтэй хоцров.

Өөрт нь ял өгвөл үлдсэн насаа МАН-ын бузар, булхайг илчлэхэд зориулна гэж байсан  Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан ч өөрийгөө гэм буруугүй гэж анхнаасаа хэлж байсан төдийгүй өөрийг нь гүтгэлээ гэж мэдэгдэж байсан ч буруутай нь тогтоогдож гурван жилийн ял авав.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбоотой 17 улстөрчийг зарлахад түүний нэр дурдагдаагүй бөгөөд энэ хэргийн холбогдогч нарыг яг яаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад хэнийг сугалж, хэнийг хэрэгт тохсон нь бас л нууц болоод үлдэв. Гэхдээ түүний туслахаар ажиллаж байсан И.Даваадорж, Б.Отгонжаргал мэтэд бас ял өгсөн нь ямартай ч нүүрсний хулгайд оролдсон нь тодорхой юм байна гэсэн таамгийг төрүүлэв.

Намынхаа бүх гишүүдийг шүүхийн танхимд авчирч байгаад нүүрсний хулгайг ний нуугүй яриад өгье гэж асан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт 5,9 жилийн ял өгчээ. Үнэнийг мэдэж буй учраас өөрийг нь хордуулж байгаа тухай захиа, занаа бичиж байсан ч ийнхүү ял авав. Түүний оронд БНМАУ-ын хуулиар  Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд тэр ч хууль журмаа хөөвөл хожим хэцүүхэн асуудалд орж мэдэх л юм.

Хаалттай болсон хуралдааны дараа олон нийт буруутай нь буруутай юм байна гэж бодох л боломж олджээ. Гэхдээ яг ямар хэрэг хийсэн, хэчнээн төгрөг хулгайлсан, ямар хэмжээний нүүрсийг яаж, хэрхэн зарж, завшсан зэрэг бүгд нууц үлдэв. Хэрэг байхад эзэн нь олдоно гэгчээр нүүрсний хулгайн жинхэнэ эзэд хэн байв, хэн оролцов. Б.Ганхуягийн хэлээд байсанчлан намаараа оролцсон уу гээд олон асуулт хариултгүй хоцров.

Албан тушаалтнууд их хэмжээний хулгай, луйвраа нууцад оруулж байгаад хийгээд гаршсан бол шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүний эрх, нэр хүнд ярин хуулийн заалтыг ашиглах шүүх хурлыг хаалттай явуулдаг жишиг нийтлэг болсны нэгэн жишээ нь энэ болов.

Өнгөрсөнд болсон төрийн өмчийг шамшигдуулсан, авлигын хэргүүдийн шүүх хурлыг эргээд санавал ихэнхдээ хаалттай болж байв. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярын шүүх хурлыг эс тооцвол шүү дээ.

Тиймээс ч улайм цайм хулгай хийсэн улстөрчид гэмгүй гэгээнтний дүр эсгэн буруугүй байхад нь шүүх хэлмэгдүүлсэн гэж ярьдаг болсон. Өнөөдөр хэн нь хулгайч, хэн нь гэмгүй явдалтныг ялгахад ч бэрх. Үүний хамгийн том жишээ нь, шударга имиж бүрдүүлсэн Ц.Нямдорж бөгөөд түүнийг гадны тагнуул уу эсвэл Монголын төлөө цохилох зүрхтэй улстөрч үү гэдгийг хэлж мэдэхгүй. Хүний эрх, хулгай луйврын эсрэг жагсаал цуглаан болоход ер очддоггүй тэрбээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан этгээдийн ар гэрийнхэн суулт зарлахад зүсээ нуугаад очиж уулзсан төдийгүй эцэст нь суллуулж дөнгөсөн. Хамгийн олон удаа Хууль зүйн сайдаар ажилласан хэр нь шүүх, хуулийн тогтолцоог хамгийн их муулдаг хүн нь бас тэр.

…Олон нийтийн анхааралд орсон, төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгөтэй холбоотой эл мэт хэргийн нарийн учрыг олж, дахин давтагдахгүй байх боломжийг эрэлхийлж, таслан зогсоохын тулд шүүх хурлыг нь нээлттэй явуулдаг байх нь дараа дараагийн хулгай гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй шүүх бусдын нөлөөнд автахгүй байх том хамгаалалт болох нь дамжиггүй. Тиймээс хэрэвзээ төрийн хулгайтай тэмцэнэ гэвэл энэ төрлийн зохицуулалтыг л хийх нь хамгийн зөв зам гэлтэй.

Төсвийн мөнгөнөөс давсан, ДНБ-тэй дүйх хэмжээний хулгайн хэрэг гэх нүүрсний хэрэг иймэрхүү байдлаар шийдэгдээд хэдэн хүнээр туг тахиад өнгөрвөл жинхэнэ утгаараа хулгайг дэмжсэн болно. Тиймээс зохицуулалт хэрэгтэй байна.

Монгол Улсын төсөв жилээс жилд тэлсээр байгаа ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муу, гал, гамшигтай тэмцэгчид гар хоосон шахуу, цэрэг, цагдаа нь нойтон өлсгөлөн шахуу байдгийн учир нь төрд өгсөн татварыг тэдэнд бус өөрсдөд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийх замаар хулгай хийдэгт оршино. Ийм байхад төсвийн мөнгөнөөс санхүүжүүлэх ёстой галын роботыг иргэдийн хандиваар онцгойгийнхонд авч өгөх санаачилга гаргаад явж байна.

Ковидын үед ч хандив, тусламжийн ийм утгагүй аян өрнөсөн бөгөөд төсвийн захиран зарцуулалт, худалдан авалтыг яаж солиоруулж байсныг бид бүгдээрээ л харсан. Тиймээс бурхан, бугаа болгоож, бурууд нүд хурц, болсонд шүд хурц байхын тулд энэ мэт хэргийг нээлттэй явуулдаг болцгооё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж