Зукербергийн зовлон

Зукербергийн зовлон

Мета компанийн захирал Марк Зукерберг тэргүүтэй технологийн акулууд хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар АНУ-ын Сенатын сонголд асуугдлаа. Олон нийтийн сүлжээнээс болж хүүхэд нь хохирсон гэр бүлийн төлөөллүүд Сенатын сонсголд оролцсон бөгөөд  Зукерберг тэднээс уучлалт гуйжээ.

Зукербергийн мэдэлд инстаграм, фейсбүүк олон нийтийн сүлжээ байдаг. Түүнээс гадна тикток, твиттер /Х/, снапчат, дискорд зэрэг платформуудын боссууд олон нийтийн сүлжээнд хүүхдийн эрх зөрчигдөж, гэмт хэргийн золиос болж буй асуудлаар дөрвөн цагийн турш байцаагджээ. АНУ-ын хууль тогтоогчдын зүгээс технологийн фирмүүд цахим орчинд хүүхдийг хэрхэн хамгаалж байгааг мэдэхийг хүсэв. Мөн энэ нь сенатуудын хувьд технологийн боссуудыг байцаах ховор боломж байлаа.

Зукерберг болон тиктокийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю нар сайн дураараа мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн боловч снап, твиттер болон дискордын удирдлагууд сайн дураараа оролцохоос татгалзсанаар Засгийн газраас зарлан дуудах хуудас илгээсэн байна. Сонсголд хүүхдүүд нь өөрийгөө гэмтээсэн эсвэл амиа хорлосон гэх гэр бүлүүд оролцож, хууль тогтоогчдыг олон нийтийн сүлжээнд хууль эрхзүйн орчныг чангатгахыг шаарджээ.

Сонсголын ихэнх хугацаа хүүхдийг цахим ертөнцөд бэлгийн мөлжлөгт өртөж буй асуудалд төвлөрсөн бол сенатууд боломжийг ашиглан сэдвээс гажсан олон асуудалд тэднээс хариулт авч, бүр тангараг өргүүлсэн байна. Тухайлбал, тиктокийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чюгээс голчлон АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын засгийн газарт хуваалцдаг эсэхийг асууж, байцаажээ. Шоу Зи Чю "Гурван хүүхдийн эцэг хүний хувьд өнөөдөр бидний ярилцаж байгаа асуудлууд аймшигтай бөгөөд эцэг эх бүрийн хар дарсан зүүд гэдгийг мэднэ" гэсэн ч хүүхдүүд  нь Сингапурын хууль дүрмийн улмаас тикток ашигладаггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин Зукербергийн тухайд АНУ-ын хууль тогтоогчидтой байнга асуудалд ордог бөгөөд өмнө нь Конгресст найман удаа мэдүүлэг өгсөн.

СЕНАТУУД БУХИМДАВ

Бүгд найрамдах намын сенатор Тед Круз хэлэхдээ, инстаграм хэрэглэгчдэд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, бичлэгийг үзэх боломжтой байгааг анхааруулж байсан ч Зукерберг юу ч хийгээгүй гэж бухимджээ.  Зукерберг биечлэн инстаграмын алгоритм болон бусад зүйлсийн сайжруулалтыг хянахаа амлаж, хүүхэд нь хохирогч болсон гэр бүлүүдээс уучлал гуйсан байна.

Сонсголын гол цөм нь олон нийтийн сүлжээнд байрлуулсан материалд компанийн эздэд хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн Конгрессын  хууль тогтоомжид хандаж буй компаниудын хандлага байв. Энэ асуудлаас болж дискордын захирал Жейсон Ситрон болон Бүгд найрамдах намын хууль тогтоогч Линдси Грахам хоёрын хооронд хурц маргаан дэгджээ.  Грахам цахим аюулгүй байдалтай холбоотой Конгрессоор хэлэлцүүлж буй хэд хэдэн хуулийн төслийг жагсааж, Ситроноос дэмжиж байгаа эсэхийг нь асуусан байна. Тэрбээр Ситронд хариулах маш бага боломж өгсөн ч дискордын босс асуултын ихэнхэд нь тайлбар хийжээ.

Сошиал медиа салбарын шинжээч Мэтт Наварра "ВВС"-д хэлэхдээ, " АНУ-ын томоохон улс төрийн байр суурь болон Зукербергийн уучлалт гуйсан зэргээс дүгнэвэл энэ сонсгол нь ээлжит шоу боллоо" гэв. Сенаторууд платформыг зохицуулах хоёр намын санаачлсан хууль тогтоомж шаардлагатай гэдэгт санал нэгдсэн ч дараа нь юу болох нь тодорхойгүй хэвээр үлдсэнийг тэрбээр онцолжээ. "Хэдийнэ 2024 он гарсан байна. Гэтэл  сонсголын үеэр дурдсанчлан АНУ-д олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн талаар бараг ямар ч зохицуулалтгүй байна" гэж Мэтт Наварра дүгнэжээ.

Технологийн фирмийн захирлууд өөрсдийн платформ дээрх контентыг зохицуулахын тулд хэдэн хүнийг ажиллуулж байгаагаа мөн илчилсэн. Хамгийн олон хэрэглэгчтэй мета болон тикток нь тус бүрдээ 40,000 модератортой гэж мэдэгдсэн бол снап 2.300, твиттер 2.000 ажилтантай гэв. Харин дискорд нарийвчилсан тоо хэлэхээс татгалзаж, "зуу зуун" модератортой гэж мэдэгджээ.

Дискорд бол мессежийн платформ бөгөөд өмнө нь хүүхдийн хүчирхийллийг хэрхэн илрүүлж, урьдчилан сэргийлэх талаар Конгресст асуугдаж байсан.

Сонсголын дараа танхимд байсан эцэг эхчүүдийн зарим нь гадаа жагсаал зохион байгуулж, хэд хэдэн хууль тогтоогчдод хандан технологийн фирмүүдэд хариуцлага тооцох хууль тогтоомжийг яаралтай батлахыг уриалав. Тухайлбал, 2019 оны тавдугаар сард хүүгээ тиктокийн амьсгал боох тренд бичлэгээс болж алдсан Жоан Богард хэлэхдээ,  "Яг л миний ярьж буй эдгээр хор хөнөөл тэдний гэр бүлд нөлөөлөхгүй гэж олон эцэг эхчүүд боддог хэвээр байна. Хүүхдийн онлайн аюулгүй байдлын тухай хуулийг батлах цаг нь болсон" гэж хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж