Грэммийн шагналт, дэлхийн хамгийн алдартай хүүхэд

Грэммийн шагналт, дэлхийн хамгийн алдартай хүүхэд

Грэммийн шагналт, дэлхийн хамгийн алдартай хүүхэд

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа дэлхийн хамгийн алдартай хүүхэд өргөмжлөгдсөн Блю Айви Картерыг онцолж байна. Өнгөрсөн сард 12 нас хүрсэн түүний хувьд өнөө цагийн дуу хөгжмийн салбарын амьд домог реппер Жэй-Зи болон дуучин Бейонсе нарын том охин юм. Ээж, аавынхаа адил урлагийн хүн болсон тэрбээр хамгийн залуу Грэммийн шагналын эзэн билээ. Ингээд бяцхан одтой танилцъя.


ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ХҮҮХЭД

Блю Айви Картер нь 2012 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Нью-Йорк хотноо Холливудын хамгийн сайхан хосуудын гэр бүлд мэндэлжээ. Түүнийг төрсний дараа "Time" сэтгүүлээс Айвиг дэлхийн хамгийн алдартай хүүхэд гэж тодорхойлж байв. Жэй-Зи охиндоо "Бруклин" гэж, өөрийн өсч, төрсөн дүүргийн нэрийг хайрлах гэж байсан ч жаахан охиноо тэрбээр бяцхан "blueberry" гэж дуудахад учиргүй инээж, эрхэлж байсан гэдэг. Тиймээс Блю гэх хэсгийг нь авч, нэрлэсэн түүхтэй.

Бейонсе ээж болсон талаараа "PEOPLE" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би төрөх үедээ хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан зүйлээ мэдэрсэн. Тийм нандин холбоо, дэлхийн утга учрыг мэдэрч байсангүй" гэсэн бол Жэй-Зи сагсан бөмбөгийн тамирчин ЛеБрон Жэймсийн "The Shop: Uninterrupted" шоунд оролцох үеэрээ "Үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Блюг төрөх хүртэл би сэлж чаддаггүй байлаа. Эцэг болсноор бүх л зүйлийг мэддэг, чаддаг байх ёстой юм байна лээ. Түүнийг усанд унавал би хажууд нь байх хэрэгтэй шүү дээ. Тиймээс л сэлж сурсан. Энэ бол бидний харилцааны эхлэл байсан" гэв.

Бейонсе, Жэй-Зи хоёр охиноо Лос Анжелесийн хамгийн үнэтэй, сургалт сайтай гэгддэг "The Center for Early Education" гэх жилийн 19 мянган ам.долларын хувийн сургуульд сургадаг аж.

ХОЁР ХОНОГТОЙ ДУУЧИН 

Жэй-Зигийн "Glory" дуун дээр төрөөд дөнгөж хоёр хоногтой байсан Блю өөрийн хувь нэмрээ оруулжээ. Учир нь тус дуунд Блюгийн уйлж буй чимээ бичигдэж, улмаар "Billboard"-ийн жагсаалтад бичигдсэн хамгийн залуу уран бүтээлч болсон аж. Үүнээс гадна 2013 онд "Blue", 2016 онд "Up&Up" тэргүүтэй дуунуудад Блю оролцсон. Мөн ээжийнхээ "Brown Skin Girl" дуу болон хэд хэдэн кинонд дуулж, дүрээ мөнхөлсөн гэнэ. "Brown Skin Girl" дуу хит болж, Грэмми, "BET", "MTV", "NAACP" зэрэг олон шагналын эзэн болсноор Блю хамгийн залуу Грэмигийн эзнээр тодорчээ.

Өнгөрсөн онд Бейонсе "The Renaissance" дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, Блю ээжийнхээ бүжигчдийн багт орж, ажиллажээ.

ОЛОН ТӨРЛИЙН АВЬЯАСТАН

Блю зөвхөн дуулж, бүжиглэхээс гадна олон зүйлд авьяастай. Түүний эмээ Тина Новлезийн үгээр бол Блю сагсан бөмбөг, воллейболоор хичээллэдэг, зурдаг, баримал хийдэг, оёдог, шүлэг зохиодог, жүжиглэдэг, төгөлдөр хуур тоглодог зэрэг олон зүйл хийж чаддаг аж. Тина Новлез инстаграм хуудаснаа зээ охиныхоо 11 насны төрсөн өдрөөр "Чи минь дуулдаг, бүжиглэдэг, сагсан бөмбөг, воллейболоор хичээллэдэг, оёдог, зурдаг, шүлэг, дуу бичдэг, бүтээдэг, жүжиглэдэг, төгөлдөр хуур тоглодог. Би цаашаа үргэлжлүүлж ч чадна. Чиний минь хийж чадахгүй зүйл үгүй" гэж бичжээ.

Мэттью Черригийн "Hair Love" гэх аудио номонд Блю дуу оруулж, 2021 оны дуу оруулагчдын шагнал гардуулах ёслолын 12 хүртэлх насны ангилалд түрүүлсэн амжилттай.

Мөн есөн настайдаа эмээгийнхээ нүүрийг будаж, энэ талын авьяастай гэдгээ харуулсан. Тухайн үед Тина Новлез "Миний авьяаслаг зээ охин нүүрийг минь өнөөдөр будлаа. Тэр дөнгөж есөн настай шүү дээ. 15 нас хүрвэл нүүрийг минь яах бол гэж төсөөлж байна. Нүүрээ будуулах мөнгийг минь хэмнэж өглөө" гэж байв.

Блю Англи, Испани, Францаар ярьдаг.

ТОМ ЭГЧ

Блю Айви Картерыг таван настай байхад ээж нь дахин амаржиж, ихэр дүү төрүүлж өгсөн. Түүнийг охин дүү Румитэйгээ илүү дотно гэж хэвлэлүүд бичжээ.

Жэй-Зи ч хүүхдүүдээ ямар нэгэн зүйл рүү хүчлэхгүй гэж ярьсан. "The Sunday Times" өгсөн ярилцлагадаа реппер "Хайрлагдана гэдэг хүүхдэд хэрэгтэй хамгийн чухал зүйл. Тэрнээс биш босгосон бизнесээ өвлүүлж үлдэнэ гэдэг бол буруу. Хэрэв миний хүүхдүүд урлаг, спортод сонирхолгүй бол яах вэ? Надад бодсон зүйл алга. Гэхдээ хүүхдээ дэмжиж, хайрлавал бүхий л зүйл боломжтой" гэжээ.

Бяцхан одын хамгийн сайн найз нь жүжигчин, дуучин Келли Ровландын хүү Титан гэнэ. Яг л үеэлүүд шиг байдаг гэж Келли ярьсан. Тэрбээр "Essence"-д "Тэд үнэхээр бие биедээ ойр. Хамтдаа өсч, торниж, ойр байна гэдэг нөхөрлөлийн хамгийн сайхан зүйл" гэх ярилцлагыг өгчээ.

Блю ээжээсээ илүү Дэми Ловатогийн дууг сонсох дуртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-01 213.87.153.14

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж