Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Хуучирсан мэдээ: 2024.01.31-нд нийтлэгдсэн

Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Өнөөдөр иргэдийн дансанд хувьцааны ногдол ашиг 104 мянган төгрөг шилжинэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.31/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг олгох асуудал яригдсан. Өнгөрсөн онд тус компанид Засгийн газраас БЭТ томилж, үйл ажиллагааг сайжруулж, ашиг орлого нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Энэнтэй холбоотойгоор асуудлыг авч хэлэлцлээ.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш мэндэлсэн 893 мянган иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны шинэ хувьцаа эзэмшигч болсон. 12 нас хүртэлх хүүхэд шинэ хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг байна. 3,4 сая хувьцаа эзэмшигчдэд хуваарилахад нийт дүнгээрээ 351 тэрбум төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон өгч байна.

Нэгж хувьцааны ногдол ашиг нь 108 төгрөг. Татварын өмнөх дүнгээр яривал 116 мянган төгрөг. Татвар суутгагдсаны дараа 104 мянган төгрөг өнөөдөр дансанд нь орно.

Шинээр хувьцаа эзэмшигч болсон хүүхдүүдийн мөнгө Хүүхдийн мөнгөний дансаар нь орно.

Харин 2.5 сая хувьцаа эзэмшигчийн мөнгө өөрсдийн брокерын компаниудад нээлгэсэн хувьцааны дансанд шилжиж орохоор зохицуулагдсан.

2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэн гарна. Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард иргэдийн дансанд шууд орно. Татвар суутгагдаж, нэг иргэнд олгогдох дүн нь 257.000 төгрөг болж байна.

Үндсэндээ 2022, 2023 оны 1072 хувьцааны ногдол ашиг болох 362.000 төгрөгийг татварын дараах байдлаар ард иргэдийн гар дээр олгоно. Ногдол ашиг бол халамжаас өөр ойлголт.

Цаашдаа иргэд ногдол ашгаа заавал бэлэн мөнгөөр нь шууд авдаг биш дотоодын бонд гаргадаг, хэрэгжүүлэх гэж буй төсөл хөтөлбөрүүдэд иргэдтэй хийсэн гэрээний үндсэнд санхүүжилт хэлбэрээр оруулдаг. Банкны хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний хүү төлдөг байх боломж “Эрдэнэс Тавантолгой ХК-д бүрэн байгаа” гэлээ.

2022 оны ногдол ашиг 116.000, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөг, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Ингэснээр Компаний тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.12-т заасны дагуу 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлж байна.
2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох болно.
Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ" гэлээ.

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ХҮН намтай хамтран боловсруулах тухай санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар гарын үсэг зурав.

Баялгийн сангийн тухай хуулийн төслийн үндсэн концепци нь хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг аривжуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хэд, хэдэн үндсэн дэд хэсэгтэй байх аж. Мөн Баялгийн санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулах хөтөлбөрт зарцуулах боломжтой байхаар зааж өгөх ажээ.

Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:
-Парламентад суудалтай намууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ардчилал, хөгжлийн нөхцөл байдалд дүгнэлт хийлээ. Өнгөрөгч оны сар шинийн баярын үеэс эхлэн тодорхой асуудлуудыг ярилцаж, Монгол Улсын үндэсний эрх ашгийн үүднээс шийдлүүдийг гаргаад явж байна. Бидний хамгийн түрүүнд гаргасан шийдэл бол Монгол Улс парламентын засаглалтай байна. Парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой алхамуудыг хийнэ гэдэг шийдэлд хүрээд ард нь гарч чадсан.
Парламентын засаглалтай байхын тулд бид сонгогчдын санал гээгдэхгүй байхад анхаарсан. Ингээд пропорцианаль системийг хуульдаа оруулсан. Ингэснээр олон намын төлөөлөл, олон ургалч үзэлтэй хүмүүсээр Монголын парламент бүрдэх нөхцөлийг хангаж чадсан. Гадна, дотно гэхгүйгээр тойрч суугаад Монголынхоо асуудлыг ярилцдаг боломж бололцоог парламентад суудалтай улс төрийн гурван нам гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлүүлье. Иймээс бид нар энэ сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх шийдлийг гаргасан. Нам, эвслийн жагсаалтаар орж ирж байгаа бол эрэгтэй, эмэгтэй төлөөллийг 50 хувь, 50 хувь байлгахаар шийдсэн. Энэ хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхэд Монгол бүхэлдээ даргын улс болжээ. Даргын улс гэхээр авлига руу гулсаж орох магадлал өндөр байна.
Авлигын гол суурь улс төрийн намд байна гэж өнгөрөгч оны гуравдугаар сарын 1-нд бид бүхэн бусдыгаа уриад хэлэлцүүлэг хийж байсан. Ингээд бид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-аар баталсан байгаа.
Улс төрийн намын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр намаар дамжиж авлигачид төрийн толгойд гардаг зүйлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан.
Цаашид улс төрийн намын санхүүжилт ил тод байх, хяналттай байх юм. Улс төрийн намд цугларсан мөнгө хэрхэн, юунд зарцуулагддаг байх вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Өнөөдрийн Монголын асуудал юу гэхээр цугларсан жаахан мөнгөө талаар нэг тараачихдаг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бүгдээрээ сонгуулийн тойргийг томсгох ёстой гэж үзсэн. Бодлогын өрсөлдөөнийг бий болгоё. Парламентын гишүүд сонгогдчихоод нэг баг, сум руу татвар төлөгчийн мөнгө, баялгийг зөөж аваачих биш нийт монголын хөгжил дэвшил, үндэсний эрх ашигт зориулагдсан бодлого гаргахаар шийдвэрлэсэн. Энэхүү бодлогоо гаргаж чадсан. Ер нь монголын улс төрийн зураг ямар байх вэ гэдэг нь маш тодорхой болсон. Иймд хөгжлийн хувилбартаа санал нийлэх боломжит хувилбаруудаа гаргаж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг байдаг. Ярилцах хэрэгтэй. Бид популист улс төрөөс татгалзаж байгаа. Популизм хийж хүмүүсийн амьдралаар тоглодог, доройтуулдаг, эдийн засгаа унагадаг байдлыг таслан зогсоохын төлөө тал талдаа хичээж байгаа. Энэхүү хичээл зүтгэлийг гаргаж чадаж байгаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Өнөөдөр гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал яригдаж байна. Хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг авах бол компанийн хуулиар бол гарцааргүй.
Харамсалтай нь, энэ компанийг ашигтай ажиллуулж чадахгүй өнөөдрийг хүргэж байгаа нь Монгол Улс баялгийн төлөө уралдсан, баялгаас хүртэх гэсэн тэмцэл өрнөсөн, улс төрийн нөлөө нь баялгийн дээрэм тулаанд аваачсан.
Ингээд нэгдсэн дүнгээрээ Монгол Улс баялгийн хараалд өртсөн. Бид баялгийн хараас гарах хэрэгтэй. Гарахдаа хэн нэгэн улстөрч эсвэл хэн нэгэн ухаантай царайлж гэхээс илүү ярилцаж суугаад боломжуудаа эрэлхийлэх юм.
Тухайлбал, улс төрийн бүх намуудад байгаа концвенци бол үндэсний баялгийн сантай болох билээ. Энэ сан нь өөрөө улс төрөөс ангид байх хэрэгтэй. Энэ баялаг эзэмшиж, ашиглаж байгаа компаниудын хараа хяналт бол монголчуудын буюу иргэдийн гарт очих ёстой юм байна. Хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олдож байгаа жаахан мөнгөө зөв ашиглаж, ирээдүйдээ хуримтлуулъя.
Өнөөдрийн хөгжлийн бодлого руу зарцуулъя. Магадгүй өнөөдрийн амьдарч байгаа хүмүүс хувьцаагаараа дамжуулж, ноогдол ашгаа явъя гэсэн концвенцид бид нар саналаа нэгтгээд, санамжаа зурлаа. Мэдээж хэрэг зөрүүтэй саналууд байна. Гэхдээ нэгдэж байгаа саналууд их байна. Баялгийн хараалаас салж, баялгийн ерөөл болгоё. Баялгийг тэгш хуваарилж, монголчуудын өмч байна гэж заасан Үндсэн хуулийн заалтаа амилуулъя гэдэгт санал нэгдлээ гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж