Тэрслүү үг: Монголд битгий эргэж төрөөрэй!

Хуучирсан мэдээ: 2024.01.31-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Монголд битгий эргэж төрөөрэй!

Тэрслүү үг: Монголд битгий эргэж төрөөрэй!

Үндсэн хуульд монгол хүн амьд явах эрхтэйг цагаан дээр хараар бичиж, суулгаж өгсөн байдаг. Атал Хавдар судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээлэлд өнгөрсөн 2023 онд 7244 хүн хорт хавдраар өвчилж, 4556 хүн энэ өвчнөөс болж нас баржээ. Дээрх 7244 хүний 60 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдсон байна. Хамгийн эмгэнэлтэй нь, монголчууд хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж буйг ХСҮТ эмч нар онцлов. Тэгвэл өөр нэгэн статистикт  зам тээврийн ослоор жилдээ 500 хүн амиа алддаг болохыг мэдээлжээ.

Монголчууд дэлхийд 3.4 саяулаа. Өргөн уудам газар нутагтай, газрын доорх баялгийн нөөцөөрөө дэлхийд 25-д эрэмбэлэгддэг мөртлөө нийт хүн амын дийлэнх нь ядуу, харин цөөнх нь уул уурхайн баялгийг хувааж, хулгайлж идээд  улсаасаа баян цатгалан амьдарч байна.  Үндсэндээ өнгөрсөн 30 жилд улстөрчдийнх нь таргалсан, улс нь турсан хоёр яг тэнцэнэ.

1.

Хүн халаас хоосон ч эрх чөлөөтэй амьдарч болно. Эсрэгээрээ улс орон халаас хоосон бол тусгаар тогтнолоо тавьж тууна.  Улс орны эдийн засгийн үзүүлэлт, эрх чөлөөний үнэлэмж хоёр шууд хамааралтай. Эдийн засгийн үзүүлэлт уруудах тусмаа иргэдийнх нь эрх чөлөө хумигдана. Иймээс Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулсан Оюутолгой шиг олон төсөл хэрэгтэй.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын яриад яваа “Уул уурхайгаас бусад салбаруудыг хөгжүүлэх, дэмжихийн тулд дахин хэлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хөрөнгө оруулалт орж ирж, өрсөлдөх чадварыг бий болгож, эдийн засгийг үндсээр нь тэлж байж, олон салбарт хөгжил дэвшил гарна. Хэрэв бусдаас айгаад хилээ хаагаад, бүхнийг өөрсдөө хийнэ гээд зүтгэх юм бол Хойд солонгос, Куб зэрэг орны жишээ ойрхон байна. Тиймээс эдийн засгаа солонгоруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр зоригтой алхмууд хийх ёстой” гэдэг нь үнэн.

Тэр тусмаа газар зүйн байрлалын хувьд эдийн засгийн албан бус хоригтой Монгол шиг улсад гуравдагч орны төслүүдийг татах нь “амьд” үлдэх цор ганц арга нь байж мэднэ. Тиймээсс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой юу ёстой. Гэвчиг улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд хэрэгтэй ямар ч төслийг эсэргүүцэж унагаадаг нэр бүхий цөөн бүлэглэл Монголд бий. Ардчилсан намд ч, Ардын намд ч наанаа эх орон ярьсан, цаанаа эх орноо зарсан нөхөд нэг хоёроор тогтохгүй.

Хүний улстөрчид улсынхаа эрх ашгийг нэгд эрэмбэлж ирсэн бол манай улстөрчид хувийн шунал, хүслээ тэргүүнд тавьж ирсэн. Хүний улстөрчид улсаа хөгжүүлэхийн төлөө манай улстөрчид улсаа тонохын төлөө явдаг. Хүний улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтардаг бол Монголын улстөрчид гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн яддаг.

УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Монголын том попууд ихээхэн эсэргүүцэж буй. Бүр Б.Бат-Эрдэнэ Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын аав, ээжүүд нь “Яаж ч ядарсан орон гэрээрээ тоглож болдоггүй юм шүү гэж захисан” гэнэ. Уг нь орон гэрээрээ тоглох биш орон гэрээ өөд татах тухай асуудал яригдаад байгаа юм шүү дээ. Тэгээд ч бөх бол төр биш, төр бол бөх бүр биш юм.

2.

Монголд ашигтай төсөл болгоныг монголчуудаар нь нураалгадаг, унагаадаг технологи моодноос гараагүй л байна. Олон жил монголчууд ашиглагдаж, олон ч боломжоо алдсан, олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдсэн. Яг үнэндээ Путины тавдугаар армийн Монголд учруулсан хохирлыг тооцох юм бол толгойд багтахгүй тоо гарна.

Женко, Зи хоёрын улстөржилтөөс болж өнгөрсөн 10 гаруй жилд Монгол Улс хамгийн багадаа нүүрсний экспортоос олох 80 их наядын орлогоо алдсан. 5.2 сая тонн бүртгэлгүй нүүрс бүлэглэлүүдийн халаасанд орсон. Гэх мэтчилэн энэ мөнгө эрүүл мэнд, боловсрол, эдийн засагт хөрөнгө оруулалт болж орж ирсэн бол хорт хавдраар нас барсан хэчнээн хүний амийг аварч болох байсан бэ?!  Цаашид хэчнээн хүн авлига, хулгайн золиос болж амь насаа алдах бол?!

Газын машин дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг үндсэндээ өнгөрсөн 30 жилийн авлига, хулгайн үр дагавар. Солиормоор нь, онцгойн дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын ганц хувцастай болохыг дарга нь ичихгүй яриад сууж байна. SOS нь онцгой байдлын салбар дахь авлига, хулгайг цэгцлэхгүй бол цаашид олон залуус ажил үүргээ гүйцэтгэж яваа амиа алдахгүй гэсэн баталгаа алга.

3.

Монгол Улс 2023 онд авлигын индексээр таван байр ухарч, 121-т бичигдсэнийг “Трансперенси интернэшнл” зарлав. Өмнөх жил нь зургаан байраар ухарч 116-д бичигдэж байсан юм. “Трансперенси интернэшнл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал “авлигын индекс хэд хэдэн хүчин зүйлийг хэмждэг”-ийг тайлбарласан нь:

  • Нэгд, улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх,
  • Хоёрт, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх,
  • Гуравт, төр засаг авлигын эмрэг үр дүнтэйгээр тэмцэж шударга байдлыг төрийн салбарт хэвшүүлж байгаа эсэх,
  • Дөрөвт, зориудаар хүнд суртлыг бий болгож авлигыг өөгшүүлж байгаа эсэх,
  • Тавд, төрийн албанд ур чадвар эсхүл танил талаараа томилгоо хийж байгаа эсэх,
  • Зургаад, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх
  • Долоод, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг авах, ашиг сонирхлыг зөрчлөөс сэргийлэх хангалттай хууль эрх зүйн орчин байгаа эсэх,
  • Наймд,төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээллээр нээлттэй байгаа эсэх,

Аравт, бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн далд ашиг сонирхол зэргийг тооцож, эрэмбэлдэг аж. Авлигын индексээр Монгол Улс арагшаа ухрахад Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай, төмөр замын авлига, БЗС-гийн булхай гээд өмнө “нууц” байсан хэргүүд ил тод болсон нь нөлөөлсөн биз. Хамгийн гол нь цагаан захтнуудын холбогдсон эдгээр дуулиант хэргүүд хууль, шүүх дээр “түгжирдэг”нь  Монгол Улс муу дүн авахад хүргэсэн байх талтай.  Төрийн авлига, төсвийн хулгайтай тэмцэхэд  бие даасан хараат шүүх болон хууль сахиулах байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл Монголын хууль шүүхийн хувьд өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг, хоёр тэрбумын авлига аваад 27 сая төгрөгөөр торгуулдаг нь гэм биш болсон. Жишээ нь, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын авлига, албан тушаалын хэрэгт шүүхээс ердөө 27 сая төгрөгөөр торгууль ногдуулсан. Гэх мэтчилэн бусдаас нэг зуун мянгыг хулгайлбал шоронд, улсаасаа нэг их наядыг тоновол ордонд ордог даабль стандарт Монголын хууль, шүүх дээр үйлчилдэг. Дөчин их наядын нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нар өдгөө төрийн ордонд хууль батлаад сууж буй нь авлигын индексээр арагшлах үндэслэл.

Хөгжлийн банкны хэрэгт шүүхээс зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг халдашгүй эрхтэйгээ, эрх чөлөөтэйгөө явна.

Төрийн нууц нэрээр төмөр замын төсвөөс мөнгө гэх авлига, хулгайн хэргийг шалгаж, нотлох хууль, шүүх Монголд алга. Харин ч хууль шүүхээс жирийн хулгайчид айдаг бол улс төрийн хулгайчид нь хууль-шүүхийг нь хууль тогтоох байгууллагатай нь худалдаж авдаг, хуулийг хувьчилж хулгайгаа хийдэг болсон. Монголд юу үнэн гэвэл энэ л үнэн байна. Эрх мэдэлтнүүд иргэдийнхээ ашиг орлого, аз жаргал, эрүүл мэнд, боловсрол бүхнээс хулгайлсаар иржээ.  Монголд юу байна гэвэл хулгай л байна.

4.

Хэн нэгнийгээ сүүлчийн замд үдэхдээ монголчууд “Эх Монголдоо эргэж төрөөрэй” гэж залбирдаг. Гэвчиг цаг бусаар, авлигын золиос болж амиа алдсан талийгаачдын хойноос залбирах нь: Монголд эргэж битгий төрөөрэй, иргэндээ ээлтэй, хүндээ хайртай илүү сайхан оронд мэндлээрэй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж