АНУ-ын байлдааны хөлөг онгоц Улаан тэнгист Хусит бүлэглэлийн далавчит пуужинг устгасан гэж Вашингтоны Төв командлал мэдэгдлээ. Мөн хүний амь эрсэдсэн, хохирсон зүйл байхгүй гэв.
Израиль улс Газын зурвас дахь дайнаа зогсоох хүртэл тэдэнтэй холбоо бүхий хөлөг онгоцууд руу дайрахаа зогсоохгүй гэж Йеменд төвтэй хуситууд мэдэгдсэн билээ. Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор Улаан тэнгис дэх сөргөлдөөн ч ширүүсч байна. Өнгөрсөн Баасан гаригт мөн хусит босогчид Адены буланд эргүүл хийж байсан АНУ-ын байлдааны хөлөг рүү пуужин харвасан. Пуужинг Баасан гаригийн 13:30 цагийн орчимд харвасан бөгөөд үүнээс зургаан цагийн дараа Ойрхи Дорнодын усан замыг хянадаг Их Британийн тэнгисийн цэргийнхэн пуужинд өртсөн хөлөг шатаж байсныг баталжээ.
Хусит босогчид аравдугаар сараас хойш энэ төрлийн халдлага үйлдсээр байгаа. Гэвч Баасан гаригийн тохиолдол нь АНУ-ын байлдааны хөлөг онгоцыг шууд онилсон анхны тохиолдол аж.
АНУ энэ сарын 11-нээс хойш хуситын эсрэг агаарын цохилт өгч эхэлсэн. Ингэхдээ хоёр өөр төрлийн агаарын довтолгоо хийж байна. Эхнийх нь агуулах, радар гэх мэт илүү өргөн хүрээний байг онилсон агаарын довтолгоо юм. Харин хоёр дахь нь пуужин харвах төхөөрөмжид ачаалсан хуситын пуужингуудад урьдчилан сэргийлэх цохилт өгөх. Хоёр дахь хувилбарыг "Мэнгэ онилох" буюу ахин дахин давтагдаж буй үйлдлийг зогсоох арга гэж нэрлэдэг. Энэ ангиллын агаарын цохилт сүүлийн үед бараг өдөр тутмын үзэгдэл болжээ.
Эх сурвалж: AL JAZEERA, CBS
Нэргүй 2024-01-31 122.201.23.83
тэгшил
Нэргүй 2024-01-31 213.87.161.31
Харуулах боломжгүй.