“Ард түмнийхээ төлөө цагаан махаа эргэлтэл зүтгэсэн” гэдэг улс төрийн онигоо шахуу үг бий. Үүрэг хүлээн, цас зуд туулснаа нэгэн сайдын зөвлөх шууд утгаар нь ингэж тайлбарлан олон нийтийг хөгжөөгөөд амжсан байдаг. Түүнээс хойш цагаан мах нь эргээгүй улстөрчийг төр түмний төлөө зүтгээгүйд тооцдог жишиг тогтоод буй.
Тэгвэл энэ жил цас зуд их байгааг хэлэх үү, сонгуулийн тойргийг хэдэн мянган км-ээр томсгосноор УИХ-ын гишүүд ард түмэндээ хайраа зарлах гэж үйлээ үзэж яваа гэнэ. Сонгуулийн нэг тойрогт 3-4 аймаг багтааснаар нэг гишүүн дор хаяж 3000 мянган км туулан, тойргоо бүтэн услах шаардлага тулгарсан. Ийм нэгэн том даваа ямбатай гишүүдийг зүдрээж эхэлсэн байна.
Энэ удаагийн чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүдэд нэг давуу тал гарсан нь хос морьтой хөдөөг зорьцгоосон. Тэд Засгийн газрын даалгавраар сонгуулийн тойргуудын дагуу бүсчилсэн эдийн засгийн форум зохион байгуулахын далимд танихгүй сонгогчидтойгоо гар барилцах ажлаа эхлүүлсэн.
Д.ШАРХҮҮ