Эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж байж л энэ улс хөгжинө, дэвшинэ!

Хуучирсан мэдээ: 2024.01.29-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж байж л энэ улс хөгжинө, дэвшинэ!

Эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж байж л энэ улс хөгжинө, дэвшинэ!

УИХ-ын сонгууль болоход 152 өдөр дутуу байна. Намуудын хувьд жагсаалт, тойрогт ямар бодлого барьж, хэнийг явуулах нь тодорхойгүй байгаа өдрүүд үргэлжилсээр. Хүмүүсийн хувьд хамгийн тодорхой байгаа зүйл бол 126 суудлын 48 жагсаалтаар, 78  тойргоос сонгогдох нь. Жагсаалтаар нэр дэвшигч 48-ын тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байна гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа. Сүүлийн үед твиттер дээр жагсаалтад орох хүмүүсийн нэрсийг тодорхойгүй удаан барих нь намын дарга нарт суудлаа үнэ хүргэх, намын дарга нарын эрх мэдлийг л нэмэгдүүлэх ашигтайгаас биш сонгогчдын хувьд  үр өгөөж нь бага талаар бичигдэх болов.

Үнэхээр л намуудын жагсаалтад намын дарга нар, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн нар эхний дугааруудад орж ирнэ гэдэг тодорхой жишиг,  бусад нь ямар хүмүүс байх талаар төсөөлөл ч алга.

МАН-ын хувьд одоогийн УИХ-ын гишүүдээ жагсаалтад бус тойрогт яв гэж байгаа талаар яриа гараад удсан. Түүнээс бус МАН-ын Социал демократ эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувиар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Булгантуяа жагсаалтын хоёрт бичигдэх учиртай. АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан яах аргагүй жагсаалтын эхээр орох нь тодорхой. Оны өмнөхөн болсон тус байгууллагын ерөнхийлөгчийн өрсөлдөөн гал халуун болсон гэгдэх бөгөөд дарга нар нь хуваагдаад, нам нь дээрээ учраа олохгүй байх үед дэд дарга Б.Жаргалан хэдэн жил хөдөө хөхөрч, гадаа гандаж эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаа тууштай хийж явсан учраас яалт ч үгүй олонхийн санал авсан гэгдэж байсан билээ. Мөн өөрөө хувь хүн нь даацтай, мэдлэг , оюун санаа жагссан эмэгтэй. Тэгээд ч АН-ын хувьд 2012 оны жагсаалтад эмэгтэйчүүдээ МАН-ын эмэгтэй нэр дэвшигчээс хамаагүй урд жагсааж ирсэн эерэг уламжлалаа  бодсон ч жагсаалт дээр үүнийгээ хадгалах биз ээ. Ингэх нь тус намдаа ч ээл, олон түмэнд ч эвтэй харагдах юм.

Сүүлийн үед, өнгөрөгч оноос  төрийн өндөр албан тушаалуудад эмэгтэйчүүд үнэхээр хүч түрэн орж ирэх боллоо. Энэ сайн жишиг, бодитой үлгэрлэл.  Эрх барьж байгаа намын хувьд ч,  цагийн энэ аясыг хүлээн зөвшөөрч байгаа нь олон зүйлээс харагдаж байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар 2022 оны арванхоёрдугаар сард  Р.Онончимэг анхны эмэгтэй даргаар томилогдон ажиллаж байсан бол ээлжит хугацаа нь дуусч дараагийн дарга томилогдох үед мөн эмэгтэй дарга сонгогдсон нь Л.Энхбилэг. Тэрбээр олон жил шүүгчээр ажилласан, энэ салбарт асар туршлагатай нэгэн билээ. Одоо ШЕЗ-ийн арван гишүүний долоо нь эмэгтэй  бөгөөд дараагийн томилгоо эмэгтэй хүн байхад огт гайхахааргүй байгаа юм.

Мөн энэ сард Төрийн албаны зөвлөлийн даргаар бас л анх удаа эмэгтэй хүн томилогдсон нь анхаарал татаж байна. Төрийн албаны зөвлөлийн шинэхэн дарга Л.Цэдэвсүрэн бол насаараа төрийн байгууллагад ажиллаж , сайд, төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр хүртэл ажиллаж байсан туршлагатай нэгэн. Оны өмнөхөн Хүний эрхийн Үндэсний комиссын даргаар хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидийг тавьсан нь зөв сонголт болсон талаар багагүй яригдаж байсан. Бас одоог хүртэл даргаа томилоогүй байгаа Үндсэн хуулийн Цэцийн даргаар эмэгтэй хүн, тэр дундаа гавьяат хуульч Л.Өлзийсайханыг болоосой  гэдэг нийгмийн хүлээлт байгаа юм. Энэ эмэгтэй УИХ-ын гишүүдийн  ааш аягийг олж, төрийн удирдлагыг чигч залах амаргүй алба гэгддэг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар чамбай ажиллаж байгаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон. Өмнө нь дандаа эрчүүд хашдаг байсан тамгын газрын анхны эмэгтэй дарга гэж бичигдэх болсон тэрээр Үндсэн хуулийн цэцийн анхны эмэгтэй дарга болж түүхэнд бичигдэхийг үгүйсгэхгүй. УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, мөн шүүгчээр ажиллаж байсан, олон жил хууль зүйн сургуульд багшилж байсан салбараа гадарлах доторлох нэгэн. Үндсэн Хуулийн Цэц нэр хүнд унаж, эрчүүд, эрэгтэй гишүүд нь үргэлж л асуудалд ороолдоотой ирсэн энэ байгууллагын даргаар эмэгтэй хүн болох нь үндэсний эрх ашигт тооцогдож, энэ цаг үед зөв гаргалгаа болж магад.

Сүүлийн үеийн томилгоонууд гэхэд л ийм байна. Ерөнхийдөө мэргэжил, ур чадвараараа эмэгтэйчүүд яах аргагүй хүч түрээд ороод ирлээ. Төрийн засгийн хэмжээнд ч үүнийг ойлгоод, томилоод байна.  Одоо Засгийн газрын томилогдох албан тушаалд 3 сайд, 3 дэд сайд, 5 төрийн нарийн бичгийн дарга, 7 агентлагийн дарга, цаашлаад нийслэл дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч гээд хуучинтай харьцуулахад өссөөр байна. Гэхдээ хүн амын хувьтайгаа харьцуулахад хаанааа ч хүрэхгүй. Одоо төлөөллийн байгууллага болох УИХ дээрээ уламжлалт хуучин ойлголтоороо биш, холыг харж, намууд манлайлал үзүүлэн эмэгтэйчүүдээ дэмжих нь нэн чухал байна. Энэ нь улс орны хөгжилд үр шимээ өгөх бодит үндэслэлтэй, тэр тусмаа Монголын нөхцөлд бүр ч илүү нэхэлтэй, үгүйлэлтэй байгаа учраас намууд өөрсдөө үлгэрлэл үзүүлэхээс аргагүй цаг боллоо. Эмэгтэйчүүдийнхээ манлайллыг дэмжиж байж л энэ улс хөгшинө, дэвшинэ.

Р.БОЛОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж