Завхан Уурхайчидыг хүсч, Гарьд-Хүлэгүүд дахин нэг удаа таарав

The League

Завхан Уурхайчидыг хүсч, Гарьд-Хүлэгүүд дахин нэг удаа таарав

Завхан Уурхайчидыг хүсч, Гарьд-Хүлэгүүд дахин нэг удаа таарав

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын плей-офф өнөөдөр/2024.01.29/ албан ёсоор эхэлж байна.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД /1/ЗАВХАН BROTHERS /8/

Аваргууд энэ улирал өнгөрсөн жилийнх шиг супер биш байсан ч улирлыг амжилтаараа тэргүүлж, тэргүүн байраар плей-оффт шалгарлаа. Тэд улирлыг сайн эхлүүлсэн ч дундуур нь бэртэл гэмтэлд гол тоглогчдоо алдаж, уналтад орсон. Гэсэн хэдий ч төгсгөлийн сайн хийж, эргэн лигээ тэргүүлэв. Харин Завхан улирлын сүүлийн өдөр плей-оффын өрсөлдөгчөө амлаж авах шиг болов. Тэд Дархан Юнайтедтай учраа таарсан бөгөөд тоглолтыг онооны илүүтэй эхлүүлсэн ч тоглолтын гурав болон дөрөвдүгээр үед сэлгээний тамирчдаа тоглуулж, "бууж өглөө". Хэрэв Завхан хожсон бол Металлтай учраа таарах байсан ч тэднээс зугтааж, Уурхайчидтай тоглохыг хүссэн харагдана. Магадгүй Уурхайчидаас илүүтэйгээр Металлтай тоглолт таарахгүй гэж Завханы солонгос дасгалжуулагчид бодсон биз.

Уурхайчид эхний шатанд чангахан өрсөлдөгчидтэй таарлаа. Г.Болор-Эрдэнэ, А.Тэмүүжин нар бэртлээсээ хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа учир аваргууд хүч дутуу тулаанд орно. Эсрэгээрээ Завханы залуус улирлын төгсгөлд учраа олж, будагтай талбайд Стөүний гарт хэрхэн бөмбөг атгуулахаа мэдсэн харагдсан. Гэхдээ Завханы залуус плей-оффын туршлага тааруу учир эгзэгтэй мөчид буруу шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Ямартай ч Уурхайчид улирлын төгсгөлд Кендарриус Хэмилтоныг эргэн нэгтгэж, Стөүний эсрэг тавих хүн олсон. Стөүнийг будагтай талбайгаас хол байлгаж чадвал Уурхайчид эхний шатыг шархгүй давах магадлалтай.

Аварга болох хэцүү, аваргаа хамгаалах бүр хэцүү

BCH ГАРЬД /4/ – ХАСЫН ХҮЛЭГҮҮД /5/

NBA-д Селтикс-Лэйкерс гэсэн зуун дамжсан ривал байдаг бол Монголд Гарьд-Хүлэгүүд гэсэн арван дамжсан ривал бий. Финалд л тунадаг хоёр баг энэ удаад эхний шатанд таарлаа. Хоёулаа л эхний шатанд бие биетэйгээ таарахыг хүсээгүй нь мэдээж. Гарьд улирлыг давгүй эхлүүлж, нэг хэсэг лигийн оройд заларсан ч төгсгөлд дөрөвдүгээр байр руу унав. Тэгвэл Хүлэгүүд эсрэгээрээ улирлыг тун тааруу, хэцүүхэн эхлүүлж, фэнүүдийнхээ уур, бухимдлыг барах шиг болсон ч учраа олсон.

Гарьд өнөөх цөм бүрэлдэхүүн дээрээ Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Х.Мөнхтөр тэргүүтэй лигийн туршлагатай залуусыг нэгтгэсэн бол Хүлэгүүд лигийн туршлагагүй, оюутан, сурагчийн ширээнээсээ холдоод удаагүй байгаа залуустай урт хугацааны гэрээ байгуулсан. Энэ ч утгаараа шинэ цэргүүд энэ цувралд ямар үүрэг, рольтой оролцох бол гэдэг сонирхол татаж байна. Хоёр багийн европ мэргэжилтнүүд ч ур ухаанаа уралдуулах нь гарцаагүй. Гарьдын тухайд хоёр легионер тамирчнаа буруу сонгочихлоо гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьж байна. Харин Хүлэгүүд сүүлд Дивайн Майлес гэх залууг авчирсан.

Дээрх хоёр багийн цувралд нийт долоон тоглолт гарахыг үгүйсгэхгүй.

БИШРЭЛТ МЕТАЛЛ /2/ – СЭЛЭНГЭ БОДОНГУУД /7/

Лигийн шинэ цэрэг Бодонгууд эхний улиралдаа плей-оффд шалгарч, том амжилтыг үзүүллээ. Улирлын турш том багуудтай тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, дээд лигт үлдэх эрхтэй гэдгээ хангалттай харуулсан. Өнгөрсөн жил Амазонстой эмэгтэйчүүдийн дээд лигт түрүүлсэн Д.Лхагваа дасгалжуулагч энэ улирал Бодонгуудын жолоог атгаж, олон ч залуучуудын авьяас чадварыг олон нийтэд таниулав. Анхны улирал гэхэд гол зорилгоо дүүрэн биелүүлжээ.

Металл өнгөрсөн жил финалд хүрсэн учир энэ улирал аварга авахыг хүсч байгаа нь дамжиггүй. Эхний шатандаа ч Бодонгуудтай таарлаа. Гэхдээ Бодонгууд зөөлөн боорцог биш гэдгийг санах хэрэгтэй.

IHC APES /3/ – НАЛАЙХ БИЗОН /6/

Эхний шатны өөр нэгэн ганган цуврал энэ хоёр багийн хооронд өрнөнө. Аварга болох зорилготой "Apes"-ийг шандас, чадлыг Бизон тултал шавхах нь гарцаагүй. Гагцхүү тэд дөрөвдүгээр үед Бизонтой оноо ойрхон байж болохгүй гэдгээ сайн мэдэх биз. Учир нь Бизонд Т.Санчир гэж Монголын хамгийн клатч, бууж өгөх дургүй нэгэн бий. Мөн Жорж Уиллиамс гэж нэгийн эсрэг нэг хангалттай оноо авах чадвартай легионер байгаа.

Бизон цувралд цэвэр холбогчгүй тоглоно. Ер нь л улирлыг "pass first" буюу дамжуулалтыг урьтал болгодог холбон тоглогчгүй тоглоод дуусгасан. Гэтэл "Apes"-ийн бүтэн талбайн хамгаалалт лигт гайхагддаг. Энэ шахалтаас бөмбөгийг хэн авч гарах вэ гэдэг асуудал. Э.Тулгыг холбогчоор тоглуулж байгаа харагдсан ч шахалтаас гарах учраа олохгүй, бөмбөг олон алдсан үзүүлэлттэй. Мөн "Apes"-ийн шуургалсан довтолгоо, алсын зайн шидэлтүүдийг зогсоох хүндхэн даалгавар Бизонд ноогдож байна.

Бизон тоглолтын гурван үе ойрхон үзэж, шийдвэрлэх мөчид Т.Санчир, Жорж Уиллиамс нарын аль нэгт бөмбөгийг атгуулж чадвал ганц, хоёр хожил байгуулах битгий хэл цувралд яллахыг ч үгүйсгэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-29 213.87.162.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-29 202.131.230.53

Хүлэгүүд 4-1 харьцаагаар хожино.

Avatar

Дамба 2024-01-29 103.212.118.13

Завханчууд уурхайчдыг гаргахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж