Элсэн манхан, тоорой мод, алтран шаргалтах элс тийм гэхийн аргагүй тайтгарлыг мэдрүүлнэ. Тэр дунд Дундговь аймаг дахь байгалийн үзэсгэлэнт газар болох Бага газрын чулууг дүрсэлсэн "Төрөлх нутаг 1, 2" бүтээл үзэсгэлэнгийн хоймрыг чимэх аж. Зураач өөрийн төрсөн говь нутгийн өвөрмөц тогтцыг сонирхон судалж, байгаль эхийн үзэсгэлэн гоог дур булаам дүрсэлжээ. Түүний бүтээл болгон нь тэнгэрт нисэх шувуудын нүдээр уул, усыг ажихаас эхлээд цэцэгсийн дэлбээг томруулдаг шилээр харах мэт өөр өөр мэдрэмжийн аяллаар хөтөлнө. Энэ бол зураач Ц.Соёлмаагийн "Зүүдний зэрэглээ".
Тэрбээр 2006-2011 онд БНХАУ-ын Бээжин хот дахь Дүрслэх урлагийн академид Хятад үндэсний уран зургийн чиглэлээр долоон жил суралцаж, дүрслэлийн бэлгэдлийг өөрийн арга барилаар баяжуулан бүтээлээ туурвидаг.
Түүний Монгол Улс дахь анхны бие даасан үзэсгэлэн болох "Зүүдний зэрэглээ"-д дэлгэсэн бүтээлүүд нь байгаль ертөнцийн үүсэл, өнгө, материал, бүтэц, ургамал, шувууд газар зүйн онцлогийг харуулснаараа өвөрмөц. Түүний үзэсгэлэн гурван хэсгээс бүрдэж буй. Нэг хэсэг бүтээлээ илүү академик, уламжлалт хэв загвараар бүтээсэн бол зарим бүтээл нь арай чөлөөт сэтгэлгээнийх. Харин үлдсэн бүтээл нь их сургуулиа төгсөөд хийсэн ажлууд нь эзэлнэ. Үүнийгээ зураач "Миний амьдралын гурван өөр цаг хугацаа" гэж тодорхойлов.
Хятад үндэсний уламжлалт уран зураг нь будаг, бийр, цаас, торго, даавуу зэрэг материал, тухайн газар орны уур амьсгал, газар зүйн байрлал, байгаль, цаг уур хийгээд үндэстний соёл, шашин, гүн ухаантай уялдан хөгжсөөр ирсэн. Зураач Ц.Соёлмаа монгол зураг, хятад уран зургийн ялгааг тайлбарлахдаа "Монгол, хятад уран зураг төстэй талууд бий. Гэхдээ ялгаатай тал ч маш их байгаа. Жишээлбэл, ашиглаж байгаа материалын хувьд арай өөр. Монгол зургийн хувьд танка зурагт даавуу ашигладаг бол хятад уран зургийг торго, будааны боловсруулсан, боловсруулаагүй цаас ашигладаг.
Хятад үндэсний уран зураг Гүнби, Шие-И гэсэн үндсэн хоёр том техникээс бүрддэг. Шие-И нь боловсруулаагүй будааны цаасан дээр, харандаа ашиглалгүйгээр гэрэл сүүдэр, өнгө зохицол, дүрсийн формыг нэг дор, шууд бичдэг техник.
Бийрээ арчих урлаг ч гэж хэлж болно. Шие-И аргаар зурахын тулд дүрсийн формыг маш сайн судалж, гартаа оруулсан байх хэрэгтэй байдаг. Энэ техникээр зурахын тулд Гүнби арга барилаа сайн эзэмшсэн байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл зураас маш дээд түвшинд байх ёстой гэдэг. Ордны зургийн хэв загвараас өдийг хүртэл хөгжиж ирсэн урлаг. Шувууны өдийг ширхэг бүрээр нь зурж, уусгадаг гэсэн үг" гэсэн юм.
Тэрбээр өдрийн 8-10 цагийг уран бүтээлдээ зарцуулдаг. Заримдаа 10 гаруй цаг уран бүтээлдээ төвлөрч, сахилга баттай, дэгтэйгээр зурдаг аж.
Хятад уран зургийн онцлог нь том хэмжээтэй, дэлгэмэл байдаг учир хуйлж хадгалдаг. Тэр утгаараа уран бүтээлээ хийхдээ шал, ханан дээр нааж, ширээн дээр дэлгэж зурна. Мөн өндрөөс бүтээлээ харна. Жишээлбэл, дөрвөн дэлгэмэл зургаас бүтсэн том хэмжээтэй "Говь" зургаа анхны үзэсгэлэндээ дэлгэж, анх удаа бүтнээр нь харж байгаагаа зураас бүсгүй хэлж байв.
Яагаад заавал Хятадын уран зургийг сонгон суралцах болсон тухай нь сонирхвол, "Анх Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид элсэхээр шалгалт өгч тэнцэхэд аав маань Ч.Нармандах багштай ярилцаад намайг монгол зургийн ангид оруулсан. Дараагаар нь Хятад улсад тэтгэлэгээр суралцах боломж олдсон юм. Тухайн үед аав минь Хятадын уран зургаар суралцахад их нөлөөлсөн. Надад "Хятадын олон зуун жилийн түүхтэй урлагаар суралцсан хүн Монголд тун цөөн. Тийм учраас чи хамгийн хэцүү, хамгийн онцлог урлагийг сур" гэж зөвлөсний дагуу Хятад улсад суралцсан гэдгийг хэлж байв.
Тэр эрхэм хүн бол "Төвөргөөн”, “Элч”, “Нар хиртсэн жил”, “Дорнод Монголын их амар амгалан”, “Идэр жинчин” бүтээлүүдээрээ олноо алдаршсан, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Цэгмид. Түүний дөрвөн охиноос аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлж яваа нь Ц.Соёлмаа юм. Аав охин хоёр өөрсдийн урландаа уран бүтээлээ хийж, хааяахан санал бодлоо солилцоно. Хамгийн сүүлд охиныхоо "Цагаан тогос" бүтээлийг хараад аав нь маш том урам хайрласан тухайгаа инээмсэглэн өгүүлнэ.
"Зураач өөрийн өнгөрсөн дурсамжийг ил гаргахын зэрэгцээ одоо цаг болон ирээдүйгээ зөгнөн дүрсэлж, энэ бүх хугацааны хэлхээнд мэдэрсэн мэдрэмжүүдээ бүтээлдээ шингээх аж.
Бодит нарийн чимхлүүр дүрслэлүүд болон төсөөллийн үзэгдэл хооронд сэрэмжтэйгээр толглолт хийн дүрсэлдэг нь Ц.Соёлмаагийн гайхамшиг юм. Зураачийн дурсамжуудтай холбоотой, сэтгэл татам үзэсгэлэнтэй эдгээр бүтээл нь хорвоо дэлхий дээр үнэхээр оршдог уу, эсвэл бидний төсөөлөлд оршин байна уу хэмээн биднийг гайхашруулна" гэдгийг "Лхам" галерейн куратор Кристианна Бонин онцолсон юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-01-29 103.57.93.57
wow, энэ чинв жинхэнэ зураач байна даа.
Нэргүй 2024-01-29 213.87.162.201
Харуулах боломжгүй.