УОК-ийн НБД Т.Баярхүү, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны дарга Хурандаа Н.Мишигдорж нар мэдээлэл хийлээ
УОК-ийн НБД Т.Баярхүү:
-УОК, Засгийн газраас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох шийдвэр гаргасан. Ажлын хэсгүүд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна. Хууль хяналтын байгууллагаас хэргийн газруудад үзлэг, шалгалтаа үргэлжлүүлж байна. Гал түймрийн шалтгаан, нийт хохирлын хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд та бүхэн албан ёсны эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авахыг хүсье. Олон нийтийн цахим сүлжээнд бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, таамаглалын шинжтэй мэдээлэл цацагдаж байна.
Гал түймрийн осолд өртөж, гэмтэж, түлэгдсэн 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэнээс 13 хүн зөвлөгөө тусламж аваад буцсан.
Түлэгдэж гэмтэж, бэртсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн амь насаа алдлаа.ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс нэг нь 90-98 хувийн түлэгдэлтэй байна. Нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, 4 иргэний биеийн байдал маш хүнд, 8 хүний биеийн байдал хүндэвтэр гэсэн зэрэглэлтэй эмчилгээ хийлгэж байна.
Эрүүл мэндийн байгууллага холбогдох тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байна.
Түймэрт өртсөн орон сууцны иргэдийг БЗД-т хоёр зочид буудалд байршуулсан. ЗГ-ын нөөц сангаас түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хугацаанд буюу ирэх аравдугаар сар хүртэл түрээсийн орон сууцны төлбөрийг гаргахаар шийдвэрлэсэн. Нийслэл, дүүргийн албан тушаалтнууд энэ зохион байгуулалтад анхаарч ажиллаж байна. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, иргэдийн ажил, амьдралтай холбоотой олон асуудал үүсдэг учраас аль болох амьдралын хэв маягт тохирсон байдлаар байраа сонговол түрээсийн төлбөрийг нь төлнө. Зарим айлууд түрээсийнхээ байрыг олсон талаарх мэдээллийг авсан.
БЗД-ийн 26 дугаар хорооны 207, 830 дугаар байрны орон сууцны барилга байгууламжийн төлөв байдлыг тогтоох, хийц үндсэн бүтцийн чанарт лабораторийн туршилт хийж үнэлэлт дүгнэлт хийх, цаашид засварын ажлын тооцоо үнэлгээ хийх ажлын хэсгийг БХБ-ын сайдын тушаалаар тус яамны ТНБД-аар ахлуулсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тэд албан ёсны дүгнэлт гаргана.
БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар дээр гарсан уг дэлбэрэлтийн улмаас хоёр орон сууцны барилга, хэд хэдэн үйлчилгээний барилга, обьектууд түймэрт өртсөн. Хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагууд гаргахаар ажиллаж байна. Түймэрт их бага хэмжээгээр 35 ширхэг тээврийн хэрэгсэл өртсөн. Хэргийн газрын үзлэг дээр 29 автомашин ашиглах боломжгүй бүрэн шатсан.
УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий зэрэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлт нь аюулгүй байдлын норм, стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт гаргах мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Нийслэлийн хот байгуулалтын газраас ШТС болон хийн станцууд, тэсэрч дэлбэрэх аюултай газруудад шалгалтын ажил явуулж байна.
Дэлбэрэлт болох үеэр ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын химийн тандалтын бүлэг тухайн газар дээр хэмжилт хийсэн. Тухайлбал, 04:35 цагт, 09.00 цагт хоёр удаагийн хэмжилт хийхэд ямар нэгэн байдлаар газын хор хөнөөл илрээгүй. Мөн холбогдох байгууллагуудаас нэмэлт шинжилгээ хийхэд агаарт ямар нэгэн химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээ, стандартаас давсан зүйл илрээгүй. Нэмэлт шинжилгээ хийж байна. Тухайн бүс нутагт байрлаж байгаа сургууль, цэцэрлэгийн эцэг эхчүүдээс ирсэн хүсэлтийн дагуу 7 хоног цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Мөн цахим сүлжээнд гал түймэр, дэлбэрэлтийн улмаас 10, 20 хүн нас барсан гэх үндэслэлгүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсч байна.
ОБЕГ-ын гурван алба хаагч, өнгөрсөн шөнө нас барсан нэг иргэн гээд нийт 4 хүн уг ослын улмаас амь насаа алдлаа. Хүний амь нас эрсдсэн явдлыг нуух байтугай хүн бэртэж гэмтсэн асуудлыг ч нуун дарагдуулах боломж байхгүй. Тиймээс худал мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг хүсье гэв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:
-Хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, прокурор бүрэн хяналт тавьсан. Үзлэгийн дунд онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан нь тогтоогдсон. Цахим орчинд 5, 21, 31 хүн нас барсан, тоог нуун дарагдуулж байна гэх мэдээлэл гараад байна. Нас барсан хүний тоог нуух, дарах боломж, ёс зүй, хууль дүрэм ч байхгүй. Иймд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хариуцлагатайгаар мэдэгдье. Мөрдөн шалгах ажиллагаанд 12 төрлийн шинжээч томилсон. Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан тушаалд шинжилгээ хийх жишиг хугацааг заасан байдаг. Үндсэн хугацаа нь 14 хоног байдаг ч шинжилгээний цар хүрээнээс хамаараад сунгагдаж болох тул үзлэг шинжилгээ хийж дуусах хугацааг нарийн хэлэх боломжгүй.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан:
-Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан. Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна гэв.
Холбоотой мэдээ