Францын тариаланчид өчигдөр /2024.01.26/ Парис хотыг хойд нутгийн Лилль, Бенилюкс, Их Британитай холбосон гол хурдны замуудын нэгийг хааж, олон км үргэлжлэх түгжрэл үүсгэжээ. Тариаланчид трактороор зам хааснаас гадна боодолтой өвс, дугуй, хүнсний хайрцаг зэргийг зам дээр тарааж хаясан байна.
Орон нутгийн тариаланчдын үйлдвэрчний эвлэлүүд хүнсний үнийн зохицуулалтыг хянаагүй, даван туулахад нь туслаагүй гэж засгийн газрыг буруутгав. Тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэт хямд байгааг зохицуулж өгч, чөлөөт худалдааны бодлогод яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. Бага орлоготой атлаа маш их дүрэм журам дагаж мөрддөг гэж тэд хэлж байна.
Тракторын цуваа нийслэл орчмын замын хөдөлгөөнд саад учруулж байгаа тул засгийн газар хурцадмал байдлыг намжаахаар яарч байна. Энэ хүрээнд шинэхэн ерөнхий сайд Габриэль Аттал үг хэлнэ гэдгээ мэдэгджээ. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсаалаа зогсоохгүй гэж тариаланчид мэдэгдэж буй нь Габриэль Атталын хувьд анхны том сорилт болж байна.
Хөдөө аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо Парисын бүх тал руу зорчих гол замууд, тэр дундаа А6, А10, А13 хурдны замуудыг 11 байрлалд хаахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ