Зэвсэгтэй, зэвсэггүй цэргүүддээ баярын мэнд хүргэе

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Зэвсэгтэй, зэвсэггүй цэргүүддээ баярын мэнд хүргэе

Эр
цэргийн алба хаасан, дүйцүүлсэн, хаагаагүй, хаах гэж байгаа, зугтаж
бултсан ч гэсэн шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байгаа
Монголынхоо бүх эрчүүдэд Зэвсэгт хүчний яруу алдарт 89 жилийн ойн
баярын мэнд хүргэе гэсэн ёжтой ч юм шиг мессеж нисч байна. Цэргийн,
армийн гэлтгүйгээр эр хүйстэн болгоны баяр болгон тэмдэглэж заншсан
ёсоороо яруу алдарт эрчүүддээ мэндчилгээ дэвшүүлж байгаа нь энэ. Эрчүүд
бүсгүйчүүдийн хооронд энэ баярын өдөр алба хаасан цэрэг мөн биш эсэх
талаар хөнгөхөн маргаан өрнөдөг. Гэхдээ л нийтээр баярлан балгах албан
бус өдөр гэдэг нь тодорхой. Уг нь энэ баярын албан ёсны нэр нь энэ
жилийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 89 жилийн ой. Бас ардын армийн
баяр ч гэдэг. Тэгсэн хэрнээ Хүннү, Сүннүгийн үеэс цэрэг, дайны арвин
түүхтэй, дэлхийн талыг тамгалсан их эзэн Чингисийн дэлхийд гайхагдсан
аравтын түмтийн системтэй армийн түүхтэй улс л даа, бид. Тэр үед
винтов, АКА байхгүй зэвсэггүй хүчин байсан юм уу? Саяхны түүх нь гэвэл
ардын армийн анхны жанжин нь 89 бүү хэл жилийн өмнө Богд хаант Монгол
Улсын Хужирбулангийн хуаранд, цахиур буу мөрлөөд манаргаж явсан л нөхөр
шиг билээ. Социализмын түүхийн хувилбараар энэ өдөр гар нүцгэн шахуу
400 партизан 10 мянган хүнтэй Хятадын армийг ялсан өдөр гэдэг юм. Манай
коммунист түүхчид баримт үйл явдал, баяр тэмдэглэлт өдөр зохиохдоо
гаргууд юм чинь Парисын коммун буюу хөл нүцгэн пролетариуд анх удаагаа
ялсан өдөртэй давхцуулсан байгаа юм. За ямартаа ч бид яруу алдарт цэрэг
эрсийнхээ баярыг тэмдэглэж байна. Үүнээс өмнөх үеийн баатруудын сүнс
гомдохгүй байлгүй, ардын армийнхан биш юм чинь.

Тэгээд ч ер нь манайд их сонин сонин
заншил байдаг даа. Тусгаар тогтнолын өдрөөрөө “Намрын халуун өдрүүд”
гэх Бодооо, Данзан тэргүүтэн хувьсгалын эсэргүү байсан тухай киног л
үзүүлнэ. Анх бичигт үсэгт тайлагдаж байгаа Щетинкин улаан армийн
удирдагчийн намтрыг уншиж Щёрс, Щастин гэсэн бас л нөгөө улааны гурван
нөхөрт зориулан гаргаж ирсэн Щ гэдэг үсэгтэй танилцана. Тэр тэгсгээд
өөр үгэнд дахиж “тааралдахгүй” л дээ.

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны гэж
байгаа болохоор зэвсэг барьдаггүй, барих зэвсэггүй цэргүүдийг баярыг
тэмдэглэх ч ёстой юм уу, үгүй ч юм уу. Бас эр хүн болгон цэрэгт алба
хаах ёст й ч юм уу, үгүй ч юм уу. Ингэсгээд бүр хадуурах нь ээ. Сүүлийн
үед манай армид тохиогоод байгаа харилцан буудалцаан гэх мэт эмгэнэлтэй
явдлуудыг бүр дурсаад ч яах вэ дээ.

Баярыг нь үгүйсгэвэл эмэгтэйчүүдэд
жилдээ Эх үрсийн, мартын гээд хоёр ч баяртай, эмэгтэйчүүдийн эмнэлэг,
төрийн бус байгууллага юм, юм байхад эрчүүд бидэнд зориулсан
эрүүлжүүлэх л байдаг гэж гомдоллодог эрчүүд маань бүр ч гомдчихно.

Ингээд цэргийн алба хаасан, хаагаагүй,
бүр огт алба хаахгүй зугтаана ч гэж бодож байсан хамаагүй бүх эрчүүддээ
баярын мэнд хүргэе. Хүмүүс бие биеэ шалтагтай шалтаггүй, зохьсон
зохиогүй тодотгол, тайлбартай ч гэсэн баярлуулж байхын буруу ч гэж юу
байхав дээ. Монгол эрсийн сүр жавхлан өөдрөг байх болтугай.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж