Белгород хотод нэгдүгээр сарын 24-нд сүйрсэн Ил-76 цэргийн онгоцоор ОХУ-ын армийн өндөр тушаалтнууд зорчих ёстой байжээ. Гэтэл ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах газраас тэднийг хөөрхийн өмнөхөн онгоцноос буулгасан гэж Украины цэргийн тагнуулын газрын төлөөлөгч Андрей Юсов мэдээлэв.
Түүний хэлснээр, тус онгоцонд цэрэг, улс төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд байх ёстой байсан ч Холбооны аюулаас хамгаалах газраас өөр тээврийн хэрэгслийг ашиглахыг үүрэгдсэн гэж Украины тагнуулын албаныхан таамаглаж байна. Уг мэдээллийг цэргийн онгоц осолдсоны дараа Украины тагнуулчид олж мэдсэн гэнэ. Ослын дараа Холбооны аюулаас хамгаалах газар болон Оросын арми онцгой байдлын ажилтнуудад протоколын дагуу ослын газрыг шалгахыг зөвшөөрөөгүй гэв. Андрей Юсовын хэлснээр, таван цогцсыг Белгород дахь орон нутгийн морг руу илгээсэн бөгөөд ослын газрын дүрс бичлэгт хүний цогцос харагдахгүй байна.
Онгоцонд олзны 65 украин цэрэг, нисэх багийн зургаан гишүүн, дагалдан яваа гурван хүн байсан гэж Оросын тал мэдэгдсэн. Ил-76 цэргийн онгоц осолдож, онгоцонд явсан бүх хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Тус онгоцонд олзны 65 украин цэрэг зорчиж явсан бөгөөд хуваарийн дагуу хоригдол солилцохоор нисч явсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.
Украины цэргийн тагнуулын алба онгоцонд хоригдлууд байсан эсэхийг нотлоогүй, ослын шалтгаан юу байж болох талаар тайлбар хийгээгүй ч тухайн өдөр хоригдлууд солилцохоор төлөвлөж байсан гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ