Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.26-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Сурвалжлага: Оршин суугчид 2 сая төгрөгт багтаан түрээсийн байр хайж байна

Тортой хоол хүнс барьсан, эмнэлгийн тусламж авахаар хандсан, зочид буудалд байрлахаар бүртгүүлж байгаа хүмүүс энд тэндгүй. Зарим иргэд гэрээсээ хоол унд бэлдэж, хамаатан саднаа эргэж байгаа бололтой байн байн өрөөнийх нь дугаарыг лавлана. Үүдэнд нь цагдаагийн хамгаалалт гарч, иргэдийг ямар хэргээр явж байгааг асууж байлаа. Газ дэлбэрсний улмаас гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны оршин суугчид Баянзүрх дүүрэгт байрлах "Интернэйшнл" зочид буудалд түр байрлаж буй.

Ихэнх оршин суугчид нэгдүгээр сарын 24-нөөс тус зочид буудалд байрлаж байгаа бол зарим нэг нь ах дүүгийндээ хоноглож байгаад зочид буудалд ирж байгаагаа хэлж байсан юм. Тус зочид буудалд сул өрөө байхгүй учраас ойролцоох зочид буудал руу үлдсэн оршин суугчдыг байрлуулж байгаа аж.

"Санни таун" орон сууцны 207 дугаар байрны оршин суугч О.Ганболд зочид буудалд байрлахаар бүртгүүлж байв Тэрбээр "Бид өнгөрсөн хоёр хоног хамаатан садныдаа хоног төөрүүлж байгаад одоо зочид буудалд орох гэж байна. Биднээс хойш ирсэн иргэдэд сул өрөө байхгүй гээд өөр зочид буудалд хуваарилаад байх шиг байна. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ иргэдэд хүрч байна. Гол асуудал нь байр түрээслэх, амьдарч байсан орон гэрээ засварлах асуудал байна. Орон сууцыг засахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэнэ гэсэн. Бид албаныхны шийдвэр хүлээсэн байдалтай байна" гэсэн юм.

ОРШИН СУУГЧИД ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОН 17 ХҮНИЙГ СОНГОЖЭЭ

О.Ганболд "Оршин суугчид өнөөдөр уулзаад, 170 гаруй хүн байгаагаас төлөөлөл болох 17 хүнийг сонголоо. Эдгээр хүмүүсээрээ дамжуулан асуудлаа хэлэхээр болж байна. Бид орон гэр, амьдрах орчин, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаараа хохирчихоод байна. Тиймээс энэ асуудалд нэгдэн, хамтарч байгаа.

Би эхнэр, охин, ээжтэйгээ амьдардаг. Газ дэлбэрэх үеэр хүчтэй доргилт мэдрэгдэж, сэрсэн. Цонхоор харахад гал авалцаж, энд тэнд машин дэлбэрч байсан.

Хамгийн түрүүнд байрнаасаа гарахаар хувцсаа өмсч байхад утаа ороод эхэлсэн. Эргэн тойрныхон бүгд гадагшаа гарсан. Зарим нь машинаа гражаас аваад гадагшаа гарч байсан. Манай байрны хоёр талын жигүүр бүхэлдээ галд автаж, юу ч үгүй шатсан. Хүмүүс шоконд орж, сэтгэл санааны хүнд байдалд орсон. Манай хүүхэд орой унтаж чадахгүй, уйлаад байгаа. Баянзүрх дүүргийн Засаг дарга өчигдөр ирж, өөрсдөдөө тав тухтай байдлаар түрээсийн байр олохыг бодоорой гэсэн. Миний хувьд түрээсийн байр хайж эхлээгүй байна. Болох байх гэж бодож байна.

Гэхдээ түрээсийн байранд амьдрахаар хүүхдийн цэцэрлэг, сургуулиас  холдох, зарим орон сууц нь 3-6 сарын түрээс бөөнөөр нь төлөх гэрээтэй байдаг. Энэ бүхнийг хэрхэн шийдэх талаар ямар нэгэн мэдээлэл алга. Дүүргийн Онцгой комиссоос оршин суугчдад мэдээлэл өгч байна. Түрээсийн байртай холбоотой мэдээлэл одоогоор өгөөгүй байна" гэсэн юм.

Дээд тал нь гурван өрөө байртай иргэдэд хоёр сая төгрөгт багтаан түрээсийн байр олох чиглэлийг албаныхан өгчээ. Тэр мөнгөнд таарах түрээсийн байр олдох уу, орон гэр шигээ тав тухтай байж чадах уу гэж оршин суугчид эргэлзэж байгаагааг нуусангүй.

"Ослын дараа гэртээ ороход маш аймар дүр зураг харагдаж байна лээ. Байрны орц, цонх шатчихсан, тавилга гэх юм байхгүй байна лээ. Манай гэр дунд хэсэгт байдаг болохоор шаталтын түвшин гайгүй ч шөнөжин гал гарсан учраас утаа, угаар, тоос тортог, амьдрах орчин эрсдэлтэй болсон. Химийн хортой бодис дэлбэрсэн газарт амьдрах орчингүй болж, хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Ипотекийн зээлтэй учраас орон сууцны даатгалаа гурван жилээр төлдөг. Миний хувьд даатгалаа сунгасан байсан. Гэхдээ даатгалын компанитай уулзаж амжаагүй явна. Байр орон сууцандаа амьдрах боломжгүй байгаа учраас хэнд хандахаа сайн мэдэхгүй яваагаа О.Ганболд учирлав.

"ЦАГДААГИЙН ХАМГААЛАЛТ БУУЖ, ТАВИЛГАА ЗӨӨХ МАШИН ХАЙЖ БАЙНА"

Оршин суугчид тус тусдаа түрээсийн байр, орон сууц хайж байна. Аль болох Баянзүрх дүүрэг дотроо хүүхдийн цэцэрлэг, сургуульд ойрхон газарт орон сууц хайж байгаа аж.

Оршин суугч Т.Сэлэнгэмөрөн "Одоогоор төр захиргааны байгууллагаас энэ тал дээр шийдсэн юм алга. Манайх нэг давхрын хоёр, гурван тоотын айл. Гэр доторх эд хогшил, тавилга гайгүй ч салхивч, цонх галд өртөж, шатсан. Бүх юм онгорхой, задгай байгаа. Хүүхдүүдээ хамаатан садныдаа байлгаж байна. Анх энэ орон сууцанд орохдоо даатгал хийлгээгүй. "Таван богд" группийн барьсан барилга анх 2017 онд ашиглалтад орсон. Манайх сургууль, цэцэрлэг, зах худалдааны төвдөө ойр байрлалтай гэдэг үүднээс худалдан авсан. Харамсалтай нь гэнэтийн гамшигт өртөж, орон гэргүй болчихлоо" гэв.

Т.Сэлэнгэмөрөнийх анх нэг м.кв талбай нь 2-3 сая төгрөгийн үнэтэй буюу тухайн үед 300 орчим сая төгрөгөөр хоёр, гурван тоот байрыг худалдан авч байжээ.

"Орон сууцны барилгыг цагдаа нар хамгаалалтад авсан байсан. Өнөөдрөөс гэрийг нь манах боломжгүй, эд хогшлоо ирж аваарай гэсэн. Бид ачааны машин хайж, тавилгаа зөөх гээд гарч явна. Хороо, дүүргийн ажилчид, олон улсын тусламжийн байгууллагаас тусламж үзүүлсэнд баяртай байна. Хамгийн гол нь иргэд орон гэртээ санаа зовоод хүүхдүүдээ ч эмнэлэг үзүүлж чадаагүй байна. Элдэв асуудлаас болоод анхаарч чадахгүй байгаа. Ажил төрөл, санхүүгийн байдал хүндэрч байна. Олон зээлтэй байдаг.

Гал гарахад орон сууцанд иргэдэд дохио өгч, мэдэгдэх тоног төхөөрөмж нь дутмаг байгаа нь харагдсан.

Төр засгийнхан тодорхойгүй байдлаар ажиллаж байна. Иргэд өөрсдөө даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө авч байна. Төрөөс иргэдийг түр зочид буудалд байрлуулж, түрээсийн байрны хоёр сая төгрөг өгчихөөд алга болох гээд байгаа юм уу. Бид одоогоор түрээсийн байраа хайж эхлээгүй байна. Өвлийн хүйтэнд түрээсийн байр олдох юм уу бүү мэд" гэв.

"ЭРГЭН ТОЙРОН УТААТАЙ, УГААРЫН ҮНЭР ГАРААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА"

Оршин суугч Б.Сүнжидмаа:

-Тухайн осол гардаг өдөр хүүхдүүд унтчихсан, томчууд нь сэрүүн байсан. Маш хүчтэй доргилт мэдрэгдэж, дараалсан дэлбэрэлт болсон. Тэгээд байрнаасаа гарах зуур аль хэдийнээ угаарын утаа гэрт ороод ирсэн. Ослын дараа цагдаа мөрдөгчидтэй уулзаж, гэртээ очсон. Нөхцөл байдал нэлээд хүнд байна лээ. Эд хогшил гал түймэрт өртөж, угаар тортгонд дарагдсан байсан. Зарим айлууд бүрэн галд өртөж, юу ч үгүй болсон байна лээ. Тухайн үед хүүхдүүд маш их айж, утаанд ханиалгасан.

Сэтгэл зүй цочролд орсон байна. Одоо зочид буудалд байгаа хэдий ч эргэн тойрон утаатай байгаа ч юм шиг, угаарын үнэр гараад байгаа юм шиг санагдаад байна.

Төрөөс сургууль цэцэрлэгт ойрхон түрээсийн байраа судалж байгаарай гэсэн. Эхнээсээ судалж байна. Бид өмссөн хувцаснаас өөр юмгүй гарч ирсэн. Тэгэхээр наад захын хэрэгцээний зүйлс маш их хэрэгтэй байгаа. Өмсөх хувцас, тавилга хэрэгсэл хэрэг болно. Бид хоёр сая төгрөгт багтааж хайж байна. Манайх дөрвүүлээ өчигдөр орой ирж байрласан. Орон сууцны даатгалд албан ёсоор хамрагдаагүй байсан. Аль болох хичээл сургууль эхлэхээс өмнө түрээсийн байранд орохыг бодож байна. Хүүхдүүд маань өмсөх хувцасгүй болсон. Химийн хортой хийний үнэр, утаа угаар шингэсэн хувцсыг дахин хэрэглэж болохыг сайн мэдэхгүй байна гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж