Нийслэлд өвөлжих тун амаргүй. Автомашинтай байтугай явган алхахад ч эрсдэлтэй. Гудамж талбай, зам нь толь шиг мөстөж, хичээж явсан ч бэртэж гэмтэх гээд байгааг иргэд хэлж байгаа юм. Өвлийн улиралд автомашинууд хооронд шүргэлцэх, мөргөлдөх осол цөөнгүй гардаг. Иргэдийн хувьд ч явганаас унаж бэртэх тоо огт буурдаггүй.
Харин 2024 онд нэгдүгээр сарын 1-22-ныг дуустал нийт халтиргаа гулгааны улмаас бэртэж гэмтсэн хүний тоо 2015 хүрсэн гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Ойрын өдрүүдэд халтиргаа гулгаанаас шалтгаалсан зам тээврийн ноцтой осол аваар гарлаа. Халтиргаа гулгаа ихтэй үед хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн урд талын замд өчигдөр /2024.01.24/ 12:40 цагийн үед Приус-20 маркийн автомашин осол гаргаж, гарцаар гарч байсан хүмүүс гэмтжээ. Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Албаныхны мэдээлж байгаагаар өдөрт заавал хэдэн тонн давс, бодис цацна гэж хатуу төлөвлөхгүй ч замын халтиргаа гулгаа, ачаалал хэр байгаагаас шалтгаалан давс, бодисоо цацдаг гэдгийг мэдээлж байсан. Жишээлбэл, цас орж, халтиргаа гулгаа ихтэй байвал 40-60 тонн давс, бодис цацдаг бол цаг агаар тогтвортой үед 10-20 тонныг цацдаг гэсэн. Харин БНХАУ-аас худалдан авсан -45 хэмд хайлдаг бодисын хувьд халтиргаа гулгаа ихтэй уулзваруудад цацаж байгаа гэсэн юм.
Мөн гэр хороолол, хотын төв хэсгээр ялгавартай байдлаар зам дээр давс цацна гэж байхгүй. Гэр хороолол, зуслангийн зам дээр яагаад халтиргаа гулгаа их байна вэ гэхээр, тэнд автомашины хөдөлгөөн харьцангуй бага учраас давс, бодисны хайлалт муу байдаг. Хөдөлгөөн их байх тусам давс, бодис хурдан хугацаанд хайлдаг гэж тайлбарлаж байв.
Холбоотой мэдээ