Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн урд талын замд өнөөдөр /2024.01.24/ 12:40 цагийн үед Приус-20 маркийн автомашин осол гаргаж, гарцаар гарч байсан хүмүүс гэмтжээ.
Цагдаагийн газарт, 12: 36 цагт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад 22 настай, эрэгтэй “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөж, ослын улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ТЦА одоогоор ослын шалтгаан тодорхой болоогүй хэмжилт хийж байна гэлээ. Гарцаар гарч байгаад мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна.
ЦЕГ, Prius 20 маркийн автомашин явган зорчигч гурван иргэнийг болон замын гэрэлтүүлгийн шон мөргөж онхолдсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон жолооч болон явган зорчигчдыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч хэт ядарсан, эрүүл мэндийн шалтгаантай үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.
Халтиргаа гулгаа ихтэй үед хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.