ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгэн шинэ зарлигт гарын үсэг зурсан. Энэ нь хуучин Оросын эзэнт гүрэн болон ЗХУ-ын нутаг дэвсгэрт байсан, өдгөө хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг судлах, бүртгэх ажилд хөрөнгө гаргах тухай зарлиг юм. Уг зарлигт Аляскийн талаар тусгайлан дурдаагүй ч цэргийн шинжээчдийн анхаарлыг татжээ.
Оросууд 1867 онд сүүлчийн хилийн муж болох Аляскийг АНУ-д худалдсан. Энэ худалдааг хууль бус гэж зарлахын тулд Путин уг зарлигийг гаргасан гэж цэргийн шинжээчид үзэж байна.
Тэгвэл АНУ-ын Төрийн департмент Путины зарлигтай холбоотойгоор мэдэгдэл хийжээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател мэдэгдэл хийхдээ “Би АНУ-ын засгийн эрхэнд байгаа хүн бүхний өмнөөс хэлж байна. Путин үүнийг буцааж авахгүй нь лавтай. Аляск Америкийн мэдэлд үлдэнэ” гэв.
Оросын одоогийн болон түүхэн өмчийн үзүүлэлтүүд тодорхой бус байгааг Дайны судалгааны хүрээлэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Кремль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилээс гадуурх өөрийн өмч хөрөнгөө хамгаалж буй нь хөрш зэргэлдээ орнуудад тогтворгүй байдал үүсгэх зорилготой зөөлөн хүчний механизм гэж тус хүрээлэн үзэж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев АНУ-ын мэдэгдлийн хариуд егөөдсөн байдлаар жиргэжээ. “Төрийн департментын төлөөлөгчийн хэлснээр бид 19-р зуунд худалдсан Аляскийг эргүүлэн авахыг хүсэхгүй байгаа юм байна. Тийм бол тийм л биз. Бид харин Аляскийг аль нэг өдөр буцаагаад өгнө байх гээд хүлээж байсан. Одоо дайнаас зайлсхийх боломжгүй” гэж жиргээд, инээж буй эможи хавсаргажээ.
Эх сурвалж: THE HILL