Дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ  

Дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ  

Дараагийн хөрөнгө оруулалтын гэрээ  

 Франц улсын төрийн өмчит "Орано" групп болон Монголын төрий өмчит "МонАтом" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани 25 жил хайгуул судалгаа хийсний үр дүнд 100 мянга гаруй тоннын нөөцтэй, дэлхийд 10-т эрэмбэлэгдэх Зөөвч-Овоо ураны ордыг нээж илрүүлсэн билээ. Энэхүү ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол” нэгдэлийн хороонд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг цаг алдалгүй байгуулах хэрэгцээ шаардлагыг дурдах нь илүүц. Гэхдээ энэхүү гэрээг бид өмнөх алдаагаа давталгүй, оролцогч талуудад харилцан ашигтайгаар байгуулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Засгийн газраас маш нухацтай хандаж, бүх мэдээллээ нээлттэй байлгана гэдгийг ч мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн онд уг гэрээтэй холбоотойгоор чухам ямар үйл явдлууд болж өнгөрснийг эргэн саная. 

2023 оны нэгдүгээр сар 

Зөөвч-Овоо ураны ордын үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай хийж гүйцэтгэв.  

2021 оны долдугаар сараас эхлэн 18 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү туршилт 2022 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусаж, үр дүн маш сайн гарсан тухайгаа талууд мэдээлсэн. Газар дор уусган олборлох технологийн тусламжтай байгаль орчинд ээлтэйгээр ураныг олборлох боломжтой нь нотлогдлоо. Ийнхүү урьдчилсан ТЭЗҮ-д тодотгол хийж, үр ашгийг шинээр тооцоолсноор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах урьдач нөхцөл бүрдэв. 

2023 оны хоёрдугаар сар 

“Орано” групп, “Мон-Атом” компанитай хамтран боловсруулсан Хөрөнгө оруулалтын гэрээний төслөө Монгол Улсын Цөмийн энергийн комиссын дарга, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд өргөн барив. Үүгээр “Орано” групп Зөөвч-Овоо ураны ордыг тогтвортой ашиглах хүсэл эрмэлзлээ баталгаажуулж, Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ хийх төлөвлөгөөгөө илэрхийллээ.  

2023 оны гуравдугаар сар 

Дорноговь, Дундговь аймагт цацрагидэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ААН-үүдэд шалгалт хийсэн талаараа БОАЖЯ мэдээлэв.  

Шадар сайдын баталсан Ажлын хэсгээс хийсэн уг шалгалтаар цацраг идэвхт бодис байгаль орчин болон хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарчээ.  

Мөн уул уурхайн салбарын чуулгануудаас хайгуулын салбарыг чухалчилж, "Монголын геологи хайгуул–2023" чуулганыг оны эхээр болон гуравдугаар сарын сүүлийн хоёр өдөр зохион байгуулсан. Энэхүү чуулганаар Зөөвч-Овоо төслийг мөн онцолж, Монгол Улсад ураны хайгуулыг үргэлжлүүлэн хийх боломжтой бөгөөд шаардлагатай талаар хөндөв. 

“Бадрах Энержи” компани үйлдвэрлэлийн туршилтын үр дүнд тулгуурлан нэмэлт, тодотгол оруулсан Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр хүсэлтээ өгч, хүргүүлжээ.  

2023 оны тавдугаар сар 

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хөл тавив. Франц улсын төрийн тэргүүний хувиар анх удаа болсон уг айлчлалын хэлэлцэх гол асуудал нь ногоон эрчим хүч буюу Зөөвч-Овоо ураны төсөл байв. Тэрбээр Монгол Улсыг нүүрсний хэрэглээнээс аажим гарахад нь туслахад бэлэн байгаагаа илэрхийлээд буцсан.  

Ерөнхий сайдын захирамжаар Францын “Орано” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулав.  

2023 оны зургадугаар сар 

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд (тухайн үед) Х.Нямбаатар Зөөвч-Овоогийн үйл ажиллагаатай очиж танилцахдаа "Эцсийн бүтээгдэхүүн гарч байгаа дамжлагыг харлаа, шар нунтгийг нь барьж үзлээ. Би шинжлэх ухаан, хамгийн нарийн мэргэжлийн багжид итгэнэ. Энэ ажлыг гардан хийж, үйлдвэрт нь олон жил ажиллаж байгаа хүмүүс эрүүл саруул байна. Хор хөнөөл багатайг нь нарийн хэмждэг багажаар хэмжиж, нүдээрээ харлаа. Хоёрт, үйлдвэрлэл, уурхайн олборлолт нь бидний төсөөлснөөс өөр орчин байна” хэмээгээд Хөрөнгө оруулалтын гэрээний талаар "Ажлын хэсэг ирэх намар гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулж Засгийн газар болон УИХ-д танилцуулна. Энэхүү ураны төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно. Тиймээс бид өмнө гаргасан алдаагаа давтах эрх байхгүй. Нэгд, харилцан ашигтай байх ёстой. Цаашлаад бүс нутагтаа, энэ салбарт тэргүүлэгч тоглогч байхаар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байна" гэсэн юм. 

Мөн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт 2023 оны зургаадугаар сарын 29-30-нд Монгол Улсад зохион байгуулагдсан. Тус уулзалтад оролцсон БНФУ-ын гадаад хэргийн сайд Катерин Колонна Франц Улс Монгол Улсыг эрчим хүчний шилжилт хийхэд, эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангид болгоход хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд гол том төсөл болох “Орано”, “Мон-Атом”-ын хамтарсан уран олборлох төслийг онцлов.  

2023 оны долдугаар сар 

Үндэсний их баяр наадмын өмнөхөн 10 дахь удаагийн Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулав. "Welcome to Mongolia" уриан дор болсон 2023 оны эдийн засгийн чуулганд “Ирээдүйн хөгжил – Газрын ховор элемент, зэс, уран” салбар хуралдааныг оруулсан буюу ураныг ирээдүйн хөгжил хэмээн хөрөнгө оруулагчдын өмнө хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Түүнчлэн “ГеоЭнержи Консалтинг” компанийн гүйцэтгэх захирал, доктор Хаген Гюнтер Юнг Монгол Улсад уран олборлох хүрээнд анхаарах асуудлуудын талаар илтгэл тавьсан. 

“Financial Times”-д нийтлэгдсэн Монголын уул уурхайн талаарх нийтлэлд Австралийн сансар судлалын агентлагийн зөвлөх зөвлөлийн дарга, ашигт малтмалын шинжээч Меган Кларк “Монгол Улс ашигт малтмалын нөөцийн хувьд маш сайн байр суурь эзэлдэг” гээд Монголын анхны ураны уурхайг хөгжүүлж буй Францын “Орано” группийн төлөөлөгч Оливье Тумир “Уран бол Монголын экспортыг төрөлжүүлэх томоохон эх үүсвэр гэж бид үзэж байна” хэмээн онцлов.  

2023 оны наймдугаар сар 

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд (тухайн үеийн) Х.Нямбаатар Францын “Орано” групп, Казахстаны “КазАтомПром” компанийн хамтарсан “Катко” компанийн үйл ажиллагаа, тэр дундаа газар дор уусган олборлох технологийг хэрхэн байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд нөлөөгүй ашиглаж байгаатай биечлэн танилцав. Энэ тухайгаа тэрбээр өөрийн нийгмийн сүлжээгээр мэдэгдэж, Монгол Улс ураны нөөц баялгаа ашиглалгүй цаг алдан, хойно хоцорсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.  

2023 оны аравдугаар сар 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн У.Хүрэлсүх, Э.Макрон нарын дэргэд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон "Орано Майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурав.  Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна" гэсэн юм. 

Аравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын Уул уурхайн 7 хоног” уулзалтад Австрали, Австри, АНУ, БНХАУ, АНЭУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, Испани, Канад, ОХУ, ӨАБНУ, Пакистан, Франц, Энэтхэг, Япон зэрэг 20-оод орны эрдэс баялгийн салбарын, төр хувийн хэвшлийн 300 гаруй төлөөлөгч оролцсон нь өмнөх жилүүдээс онцлог байлаа. Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар” сэдвээр эхний илтгэлийг тавьсан Монголын уул уурхайн салбарын үндэсний ассоциацын Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “Ураны нөөц харьцангуй өндөр орны тоонд тооцогддог, боломжоо ашиглаж энэ салбарт тоглогч болох боломжтой” гэдгийг онцлов. 2023 оны арваннэгдүгээр сар 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар, “Орано Майнинг” компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй явуулна. Франц улсын төрийн өмчит “Орано” компаниас 70 орчим хуудастай, хөрөнгө оруулалтын гэрээний санал ирсэн. Нэр бүхий сайд нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тодруулбал эдийн засгийн тооцоололтой холбоотой ажлын хэсгийг сайд Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд энэ долоо хоногт Монгол, Францын хэлэлцээр албан ёсоор эхэлнэ. Татвар хураамжтай холбоотой асуудлыг сангийн сайд Б.Жавхлан хариуцан яриа хэлэлцээрийг эцэслэж, дэд ажлын хэсгийг удирдан зохион байгуулж байна. Уул уурхай, Байгаль орчин, Хууль зүйн сайд нар мөн ажиллаж байгаа” гэж мэдээлэв. 

2023 оны арванхоёрдугаар сар 

“Орано Майнинг” компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа талаар "Эрдэнэс Монгол" компани мэдээлэв. Ингэхдээ "Нийт 100 хуудас, хавсралт 3 хуудастай, 26 зүйл, 543 заалттай гэрээний заалт тус бүрийг нухацтай хэлэлцэж байгаа учир тодорхой хугацаа шаардагдаж байгаа юм. Эдийн засаг, техник, технологийн аливаа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөөр талууд зөвшилцөлд хүрч чадсаны дараа энэхүү протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина" гэдгийг мөн дурджээ. 

Ийнхүү Монгол Улс дэлхийн хамгийн цэвэр эрчим хүчид тооцогдож буй цөмийн энергийн түүхий эдийг олборлон экспортлогч болоход ойртсоор байна. Ураны зах зээлийн оролцогч болох нь Монгол Улсын хувьд экспортоо төрөлжүүлэхээс гадна гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж байгаа, стратегийн чухал бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч болж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж байгаа гээд дотооддоо ч тэр, гадаад зах зээлд ч тэр хэд хэдэн талын ач холбогдолтой. 

Манай улс ийнхүү цоо шинэ ашигт малтмалын олборлогч болохоор чармайх зуур дэлхийн ураны зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч байгааг энд дурдах хэрэгтэй. Тодруулбал, дэлхийн эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг дагаад цэвэр эрчим хүчний түүхий эд болох ураны ханш эрчтэйгээр өсөж байна.  

Сүүлийн зургаан сарын хугацаанд л гэхэд нэг паунд буюу 454 гр ураны ханш 67% өсөж, 2024.01.09-ний өдөр 93.75 ам.доллароор хаагджээ. https://markets.businessinsider.com/commodities/uranium-price  

Товчхондоо уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ураны зах зээлд таатай цаг үе ирж байгаа нь манай улсын хувьд таатай мэдээ. Харин нөгөө талд зах зээлд өрсөлдөгчид байсаар байгааг анзаарахгүй байж болохгүй. 

Дэлхийд ураны нөөцтэй 20 орон байгаагаас Монгол Улс эхний 10-т эрэмбэлэгдэж буй. (https://www.statista.com/statistics/264781/countries-with-the-largest-uranium-reserves/ https://world-nuclear.org/information-library/nuclear-fuel-cycle/uranium-resources/supply-of-uranium.aspx Манай  улсын араас Узбекистан бичигдсэн байна. Тэгвэл тус улс 2017 онд ОХУ-тай цөмийн эрчим хүч ашиглах гэрээнд гарын үсэг зурж, 2019 онд реактор байгуулах газраа сонгосноос гадна Францын “Орано” групптэй ураны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол 2022 оны арваннэгдүгээр сард стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, геологи хайгуулын төсөл, ураны шинэ уурхайн бүтээн байгуулалт зэрэг хэд хэдэн хамтарсан санаачилгыг эхлүүлж амжжээ.  

Өөрөөр хэлбэл, улс орнууд боломжийг олж харж, маш хурдтай ажиллаж байгааг энэ жишээнээс харж болно.  

Тиймээс Монгол Улс гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр хэлэлцэж буй Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээг нухацтай хийх шаардлагатай ч хугацаа хэт алдахгүй байх нь эдийн засгийн үр ашгийн хувьд чухал болоод байна.  

Ц.ТАМИР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж