Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Арктик дахь ИК-3 хорих ангид хоригдож байна. Тэрбээр шоронд эмнэлгийн тусламж авах боломжгүй, хүчирхийлэлд өртөж байна гэж гомдоллож байсан. Тэгвэл үүн дээрээ нэмээд өөр нэгэн шинэ сорилттой тулгарсан гэдгээ мэдэгдэв.
Навальный саяхнаас эхлээд өглөө бүр 05:00 цагт Путиныг дэмжигч поп дуучны “Би орос” нэртэй дууг хүчээр сонсдог болжээ. Түүний өглөөний дэглэм Оросын төрийн дууллыг сонсоод, араас нь “Би орос” дууг сонсохоос эхэлж байна.
Путиныг дэмжигч поп дуучин нь “Shaman” буюу Бөө гэх тайзны нэртэй. Харин жинхэнэ нэр нь Ярослав Дронов. Тэрбээр эх оронч үзлийг түгээдэг бөгөөд төрийн телевизийн гол дүр болсон дуучин. Мөн Путиныг ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр хамгийн их дэмжиж буй алдартнуудын нэг.
“Би орос” гэдэг дуунд оросууд хэрхэн эвдрэлцэж, эцсээ хүртэл явж чадахгүй байгаа тухай өгүүлдэг.
32 настай Ярослав арваннэгдүгээр сард төрийн телевизээр цацагдсан концертын үеэр хуурамч цөмийн чемодан доторх улаан товчлуурыг дарж жүжиглэсэн нь маргаан үүсгэсэн. Цөмийн чемодан гэдэг нь цөмийн зэвсэг хэрэглэх зөвшөөрөл олгоход ашигладаг тусгайлан тоноглосон цүнх юм. Цөмийн зэвсэгтэй улсын удирдагчид ийм цүнхийг дэргэдээ байнга хадгалдаг.
Дашрамд дурдахад, хуульч асан Навальный 47 настай. Тэрбээр 74 нас хүртлээ хоригдох ял аваад буй.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ