"Гурван иргэн амиа алдаж, 43 иргэнийг зочид буудал руу нүүлгэн шилжүүлсэн"
Осолтой холбоотой асуудлаар Нийслэлийн Онцгой комисс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дөнгөж сая мэдээлэл өглөө.
-Нийслэлээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Онцгой комиссын дэд даргаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж байна. Шөнийн гал унтраах ажиллагаанд Ус свугийн газар дэмжлэг үзүүлж ажилласан.
Эрүүл мэндийн байгууллага 207 оршин суугчдад үйлчилгээ үзүүлсэн. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсон гэдэг мэдээлэл ирсэн. Тийм учраас эдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангах асуудал яригдаж байна.
Одоогоор 11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Хэргийн газарт хуулийн байгууллага ажиллаж дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр судалгаа хийнэ. Нийт 30 машин шатсан байгаа, зөөвөрлөнө. Осол гарсан газрыг цэвэрлэнэ. Хэргийн газрын үзлэг хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн хийцлэлд мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж, цаашдаа ашиглах боломжтой эсэх дээр дүгнэлт хийнэ. Нурах эрсдэлтэй юу, үгүй юу гэдэг дүгнэлт гаргана.
-Ослын улмаас хэчнээн иргэн нас барсан бэ. Гурван хүн амиа алдсан гэдэг мэдээлэл байна?
-Нас барсан иргэдийн талаар хуулийн байгууллагаас тодруулах ёстой. Хэргийн газрын үзлэг дуусаагүй байна.
-Эмнэлэгт гурван хүн хүргэгдэж хэвтсэн гэдэг зүйл яригдаад байна. Эрүүл мэнд нь ямар байгаа бол?
-Одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл алга. Эрүүл мэндийн байгууллагаас ав.
-Иргэдийн зүгээс халтиргаа гулгаанаас үүдэж энэхүү осол болсон гэдэг зүйлийг ярьж байна?
-Халтиргаа гулгаанаас болсон эсэх дээр хуулийн байгуулага шалгалтаа хийж, дүгнэлт гаргасны дараа тодорхой болно.
-Энэ хавь маш их халтиргаа гулгаатай харагдаж байна. Холбогдох хүмүүст хариуцлага тоцох асуудал яригдах уу?
-Тохижилт үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг дүүрэг рүү нь шилжүүлсэн. Дүүргийн зүгээс өдөр бүр халтиргаа гулгааг цэвэрлэх ажлыг хийдэг , давс бодисыг өдөр бүр цацаж ирсэн гэдэг мэдээллийг өгсөн. Осол гараад хэдхэн цаг болж байна. Ослын шалтгаан нөхцөл юунаас болсныг мэргэжлийн холбогдох байгууллагууд эцэслэн тогтооно.
-Зочид буудалд хэчнээн иргэнийг шилжүүлсэн байна вэ?
-Зочид буудалд 11 өрхийн 43 иргэн байна. Хохирсон байгаа иргэд хэд хоногоор гадуур амьдрахаас аргагүй болж байна. Тэгэхээр хаана байршуулах вэ гэдгийг Нийслэлийн Онцгой шатбаас байгуулагдсан ажлын хэсэг дээр судалгаа хийгдээд явж байна.
ОБЕГ: Урьдчилсан байдлаар 3 иргэн нас барсан
Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.01.24/ ослын талаар мэдээлэл хийлээ. Онцгой байдлын ерөнхий газар галын тархалтыг буруулж, иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэхэд 600 гаруй алба хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажилласан байна. Улсын онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, иргэдийн нүүлгэн шилжүүлж, галыг бүрэн унтраажээ. Мөн цагдаагийн байгууллагаас ослын талаарх мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:
-Ослын улмаас 23 том хүн, 17 хүүхдийг нүүлгэж шилжүүлж, зочид буудалд байрлуулсан. Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан байна. Мөн Түлэнхийн төв, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн 11 том хүн , гурван хүүхдийн биеийн байдал хүнд байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд, байгалийн шингэрүүлсэн хий ачиж авсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэхдээ зай анзаарахгүй, давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөс дэлбэрэлт үүссэн гэж дүгнэж байна.
Дэлбэрэлтийн улмаас ОБЕГ-ын Баязүрх дүүргийн 63-р ангийн 3 албан хаагч, энэ осолд өртөж, шидэгдсэн ёмкост өртөж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна.
Гал түймрийн улмаас 30 автомашин шатаж, түймэрт өртсөн орон сууцны 40 иргэн /23 том хүн, 17 хүүхэд/-ийг Баянзүрх дүүргийн 13-р хороонд байрлах зочид буудалд түр нүүлгэн шилжүүлж, байрлуулах ажлыг зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ