Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

Хуучирсан мэдээ: 2024.01.24-нд нийтлэгдсэн

Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

Г.Ариунбуян: Онцгой байдлын албан хаагчид амиа алдсан

НЭМЭЛТ 08:00 цаг.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр гарсан ослын талаар өнөөдөр /2024.01.24/мэдээлэл өглөө.


Цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагаас нэн тэргүүнд иргэдийн амь насыг аврах, осолд өртөхөөс сэргийлж ажиллаж байна. Галыг бүрэн унтраасны дараагаар цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах бүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний баг хэргийн газрын үзлэгийг хийхээр нэвтэрч орсон байна. Галд өртсөн орон сууцнаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн орон байрны эд хөрөнгө халдлагад өртөхөөс хамгаалж, бүрэн хамгаалалтад авсан.

Мөн "Дүнжингарав" худалдааны төвийн дөрвөн замын уулзвараас зүүн, баруун тийш хойноосоо урагшаа чиглэлд 200-500 метр газрыг бүрэн хааж, хэргийн газрын үзлэгийг хийж байна. Тиймээс энэ чиглэлд иргэдийг нэвтрэхгүй байх талаас ажиллаж байна. Осол гарах үед тухайн орчимд байсан 20 тээврийн хэрэгсэл галд өртөж, шатжээ. Харамсалтайгаар галд өртөж, нас барсан жолоочийн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгийн өгсөн мэдээллээр  "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан байна. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн аж.  Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн бөгөөд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэв. Урьдчилсан байдлаар газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн аж. Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван албан хаагч өртөж, амиа алджээ.  Мөн хоёр иргэн өртсөн байж болзошгүй аж.  Гал түймрийн анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй болохыг тэрбээр хэллээ. "Глобал" сургуулийн урд талаас уг байр руу ороход автомашинууд зогсож, хашаа саадны хаалтаас болж гал унтаарахад багагүй бэрхшээл үүссэн байна. Мөн ЦЕГ-аас амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч болон бусад хүмүүсийг хэн болохыг тогтоох ажиллагааг явуулсны дараа ар гэрт нь мэдэгдэнэ гэв. Ослын улмаас 15 хүн бэртсэн, тэдний тавынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

НЭМЭЛТ 06:30 цаг.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан тул Дүнжингарав худалдааны төвийн баруун улзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв барун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж хаасан. Тухайн орчимд галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрсдийн аюулгүй байдлын хангаж тухайн орчмоор тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Гал түймрийн улмаас онцгой байдлын гурван ажилтан, мөн энгийн хоёр хүн амиа алдаж 20 гаруй машин шатсан гэх мэдээлэл байна.

НЭМЭЛТ 04:10 цаг.

Галын тархалтыг зогсоосон бөгөөд орон сууцны дээд давхарууд дахь галын голомтыг бүрэн унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна.

04:00 цагаас эхэлж нэмэлтээр Ус сувгийн удирдах газар, аврах ангиуд, усны нөөцөө нэмэлтээр татан авч байгаа талаар мэдээллээ.

Галд хэчнээн хүн өртсөнийг асуухад шалгалтын ажил дуусаагүй, урьдчилсан дүгнэлт гараагүй гэх хариултыг Онцгойгоос мэдээлэв. Мөн галд алба хаагчид өртсөн бөгөөд Баянзүрх дүүргийн гал унтраах ангийн алба хаагчид байжээ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Харамсалтай нөхцөл байдал үүсч алба хаагчид болон иргэд амь насаараа хохирлоо. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр шуурхай ажиллаж байна. Газтай дэлбэрсэн машины 60 тонны сав буюу ионкс хүчтэй дэлбэрлэлтийн улмаас 30-40 метр зайд шидэгдсэн.

Галын шалтгааныг тодруулж байж газ тээвэрлэгч машин зориулалтын савтай байсан уу, аюулгүй байдлыг хангасан байсан уу гэдэг тодорхой болно.

Нийт гурван алба хаагч галд өртөж амиа алдсан. 10 гаруй оршин суугч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн мэдээлэл байна.


НЭМЭЛТ 03:40 ЦАГ.

Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа ч обьект руу тархсан галыг 01:30 цагаас хойш хоёр цаг гаруй хугацаанд бүрэн унтрааж чадаагүй байна.

Урьдчилсан албан бус мэдээгээр галын улмаас зургаан хүн нас барж, олон хүн эмнэлгийн яаралтай тусламж авчээ.

Бид мэдээллийг холбогдох албаныхнаас тодруулан дэлгэрэнгүй мэдээлнэ.


НЭМЭЛТ 03:00 ЦАГ.

Галын тархалтыг хумьж, гал тархах эрсдэлийг зогсоосон. Гэхдээ орон сууцанд тархсан галын голомтыг бүрэн унтраагаагүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Галыг бүрэн унтраасны дараа шалтгааныг  тодруулах шалгалтын ажил үргэлжлэх аж.

Гал тархсан байранд оршин суугчид байсан бөгөөд хүмүүсийг орон сууцнаа яаралтай гаргаж, нүүлгэн шилжүүлж байна. Шаардлагатай хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, нүүлгэх зохицуулалтыг эмнэлэг, цагдаагийн алба хаагчид хийж байгаа гэлээ.

Газ тээвэрлэж явсан машины жолооч эсэн мэнд бөгөөд зам хэт халтиргаатай байсны улмаас машин мөргөлдөж осол гаргаж, улмаар газ асгарч дэлбэрсэн гэж зэргэлдээх байрны хамгаалагчтай ярилцсан бичлэг цахим хуудаст нийтлэгдлэн.

Жолооч газыг Замын-Үүд хүртэл тээвэрлэх байсан ч Дүнжингаравын уулзвар дээр осолдож, машин нь дэлбэрчээ. Тэрбээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу урд талаас хоиш чиглэж яваад Дүнжингаравын уулзвараар баруун эргэх үед хажуугаас нь машин орж ирж осол гарсан гэв. Харин осолдсон гэх машины жолооч амьд эсэх нь тодорхойгүй байна.


НЭМЭЛТ 02:25 ЦАГ.

Галыг бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд зам дээрх галыг унтраасан. Обьект, орон сууцны олон давхарт тахрсан галыг унтраахаар алба хаагчид нэмэгдэж байна. Хохирлын хэмжээ, хүн амь эрсэдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй болоогүй.

Ямартай ч тус бүсийн хотхонуудын оршин суугчдыг угаартахаас сэргийлж нүүхийг алба хаагчид зөвлөж байна.


НЭМЭЛТ 01:50 ЦАГ.

Гал гарсан Дүнжингаравын уулзвар дээр Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай түргэн тусламж, цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Дэлбэрсэн машинаас улбаалсан галын тархалт их байгаа учир галыг одоогоор бүрэн унтраагаагүй байна.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 24-ний 01:07 цагт НОБГ-т цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэлээ.


Дөнгөж сая /2024.01.25/ 01:15 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүчтэй дэлбэрэлт бүхий дуу чимээ сонсогдож, улмаар Дүнжингарав, Глобал сургууль орчим гал гарч байна.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар шатахуун тээвэрлэж явсан машин дэлбэрчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллийг тодруулж байна.

Ойролцоох хотхонуудын оршин суугчдын хэлж байгаагаар шатахууны машин дэлбэрч, улмаар гал хурдан тархаж хэд, хэдэн машин, хажуугийн орон сууцны барилгад гал гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ХарамсалтайХарамсалтай
11
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж