"Meta" компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг Хавайн Кауай хотод тансаг зэрэглэлийн цогцолбор газар барьж байна. Уг цогболбор нь 5000 метр квадрат талбай бүхий газар доорх хоргодох байртай гэдгээрээ онцлог. Тэсрэх бөмбөгнөөс хоргодох байруудад түгээмэл ашигладаг метал хаалга, бетонон хана зэргийг уг хоргодох байранд ашигласан байна.
Энэхүү төсөлд 100 орчим сая ам.доллар зарцуулахаар тооцоолж байна. Харин газар худалдаж авахад 170 сая ам.доллар зарцуулжээ.
Төсөл анхнаасаа нууцлагдмал байжээ. Төслийн ажилчид нууцыг задруулахгүй байх хатуу гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд олон нийтийн сүлжээнд ажлынхаа талаар бичсэн хүн ажлаасаа халагдсан явдал ч гарсан. Ажил гүйцэтгэх явцыг камераар хатуу хянадаг. Хавайд газар худалдаж авсан түүх нь ч ээдрээтэй аж. Зукерберг эхэндээ газар худалдан авалтаа брокерын компаниуд ашиглан нуун дарагдуулахыг хичээж байжээ.
Тансаг зэрэглэлийн цогцолборт 30 гаруй унтлагын өрөө, угаалгын өрөө, хоргодох байртай хонгилоор холбогдсон хоёр харш, олс гүүрээр холбогдсон 10 орчим модон байшин багтана. Мөн фитнесс төв, зочин хүлээж авах байшин зэрэг ч бий.
Тус цогцолборыг барьж буй муж нь хар салхинд тэсвэртэй барилга барихад зориулсан татварын хөнгөлөлтийг санал болгодог. Цогцолбор асар том талбайг хамрах ч гэлээ хотын нийт газар нутгийн нэг хүрэхгүй хувийг эзэлдэг аж. Үлдсэн газар нутгийн онгон дагшин байдлыг хадгалахыг хичээж байгаа гэдгээ Зукерберг болон түүний гэр бүл онцолжээ.
Эх сурвалж: BENZINGA
Холбоотой мэдээ