Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

Хуучирсан мэдээ: 2024.01.23-нд нийтлэгдсэн

сонгууль-2024

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын СУББОТНИК!

2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн намуудын үйл ажиллагаагаа ил, далдаар идэвхжиж эхэлжээ. Зарим намууд тойргоо цэвэрлэж, зарим намууд тойргийн наймаандаа орсон нь нэгэнтээ тодорхой байна. Сонгуульд нэр дэвших, үгүйдээ л сонгуулийн дараа албан тушаалд очих гэсэн амбицтай нөхдүүдээр улс төрийн цэвэрлэгээгээ хийлгэхээ улстөрчид нэг муухан мэдэхтэйгээ.

Өмнөх хоёр удаагийн парламентын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч ялалт байгуулж чадахаар байсан. Харин энэ удаад МАН-ын нэр хүнд унасан, дээр нь горилогчдын тоо нэмэгдсэн. Тиймээс ах дүү, анд нөхдөө жийж тойргоо чөлөөлөхийн тулд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр толгойгоо багагүй гашилгаж байна. МАН-ын дарга, МАН-ын генсек нарын намдаа хийх “цэвэрлэгээ” ил цагаандаа гарч, энэ удаад  "шилэн" хочит Б.Цогтгэрэлийг ашиглаж буй нь андашгүй байна. Учир нь, Б.Цогтгэрэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг Ардын намаас өөлгөх гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр, өнөөдөр цагаан байрандаа сууж намынхаа “муу нэрт”-нүүдийг намаасаа хөөлгөх ээлжит драмаа эхлүүлэв.  Мэдээж, энэ бүхэн дээрээс бичигдсэн зохиолтой, тодорхой гүйцэтгэгчтэй, бас өрнөлтэй.

Шилэн хочит Б.Цогтгэрэлийн хувьд намын дарга хэн байхаас үл хамаарч, албан тушаалд томилогдох хүслээ ил далд илэрхийлдэг. Ингэж хэн нэгний эсрэг чанга орилсныхоо төлөө Б.Цогтгэрэл санасан авч, сарвайсандаа хүрдэг  нь ч худлаа биш. Тэрбээр энэ удаад “Ардын хүч холбоо” байгуулж, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт шаардлага хүргүүлэхийн тулд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. МАН-аас мандат авч, нэр дэвшиж өндөр албан тушаалд очсон хүмүүс хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон,  60 тэрбум, ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний хэргүүдэд шууд болон дам нэр холбогдсон хүмүүст намын гишүүдийг намын дүрмийн дагуу  хариуцлага тооцохыг шаардаж байгаа гэнэ. У.Хүрэлсүхийн 2020 онд ашигласан арга технологийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр ашиглахыг хүссэн нь энэ. Өөрөөр хэлбэл,  ийм аргаар өрсөлдөгч нараа замаасаа зайлуулж, өөрсдийнхөө хүмүүсийн хувьд нүдээ нуугаад өнгөрөх байх.  Дээрх хэргүүдэд нэр холбогдсон хүмүүсийг 2024 оны сонгуульд битгий нэр дэвшүүл гэсэн утгатай далд шаардлага гэсэн үг.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигатай тэмцэх ажиллагаагаа эрчимжүүлж, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлыг нийгэмд ил гаргасан.  Мэдээж авлигатай тэмцэх үйл явц олон нийтэд таалагдсан бөгөөд ийм өндөр дүн бүхий төр, улс төр хавсарсан хулгайг өмнө нь хэн ч илрүүлээгүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр олон нийтэд таалагдаж байгаа. Гэхдээ авлигтай тэмцэх тэмцлийн цаана сонгуулийн цэвэрлэгээ хийх давхар санаа 100 жилийн түүхтэй намын удирдлагад байх л тактик бас төлөвлөгөө. Тэдний энэ төлөвлөгөө олон нийтийг мэдээллээр хангасан, цаашид төрөөс хулгай хийж болохгүй, төрд ажиллаж байгаа хүмүүст иргэд, сонгогчид нь хяналтаа тавих ёстойг сануулсан үйл явц.

Цэвэрлэгээ-1: Хөгжлийн банк

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон МАН-ын гишүүд дотроос хэд хэдэн хүн ирэх 2024 оны сонгуулийг өнжиж, ялаа наймаалцахаар намын удирдлагатайгаа тохироод буй. Эрх баригч нам Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг АТГ-т шалгуулахаар өгч, маш олон улстөрч, бизнесменүүд хуулийн байгууллагын өмнө дуудагдаж, УИХ дээр нээлттэй сонсгол ч хийв. Нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон олон улстөрчийг дуудаж, Төрийн ордонд олны нүдэн дээр байцаалт явуулж, “ялласан”.  УИХ-ын гишүүдээс эхлээд МАН-ын олон улстөрч Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдож, цоллуулсан. Зарим нь өөрийн хамаарал бүхий компанидаа, эсвэл эрх мэдлээ ашиглаж зээл авахад нөлөөлсөн, зарим нь авлига авч зээл олгуулсан гээд олон улстөрчийн цуваа үргэлжилж байв.

Хөгжлийн банкнаас зарласан нэрс дунд одоогийн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ц.Анандбазар, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар дурдагдаж байв.

Мөн МАН-ын экс гишүүд, “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний нөхөд, МАН-ын угшилтай бизнесменүүд ч багтаж байв. Эцэст нь МАН УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр туг тахиж, бусдынх нь хэрэг тэгсгээд намжсан. Түүнээс гадна Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Б.Ганхуяг, Г.Дамдинням нар холбогдсон. Гэвч өнөөдрийн улс төрийн үйл явцыг харвал УИХ-ын гишүүн Б.Ганхуяг, Г.Дамдинням нар  намын удирдлагаа “түшсэн” учраас ирэх 2024 онд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй нь илт. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин улс төрийн карьераа өндөрлүүлж, 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй болсон гэх мэдээлэл бий.

Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүдээс гадна ирээдүйд улс төрд горилж байсан хэд хэдэн хүн бий. Гэвч тэдний хувьд улс төрдөө цэг тавьж, чимээгүйхэн ялгүй өнгөрөх тохироо ч хийгдсэн байдаг.

Цэвэрлэгээ-2: Нүүрсний хулгай

40 их наядаар яригдсан Нүүрсний хулгайн асуудал өнөөдөр хоёр хүнээр туг тахиж, шүүхийн процесс үргэлжилж байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын шүүх хурал он дамжиж, одоо ч үргэлжилсээр байгаа. Нүүрсний хулгайд ч мөн адил УИХ-ын гишүүд, улстөрчид холбоотой хэмээн хуулийн байгууллага зарлаж, цоллож байсан нь саяхан.

Нүүрсний хулгайн цувааг УИХ-ын гишүүн Ц.Ананбазар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Г.Наранбаатар, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний нөхөд, АН, МАН-ын угшилтай улстөрчид байв.

Хуулийн байгууллагаар зарласан нэрс нь л энэ бөгөөд цаашид ч шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг хэлж байв.  Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ,  Ж.Мөнхбат нараас бусад нь албан тушаалтайгаа үлдэж, хуулийн байгууллага нь ч хэрхсэн нь тодорхойгүй байна. Улсын Ерөнхий прокурорын мэдэгдсэнээр нүүрсний хулгайтай холбоотой 100 гаруй хүнийг шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл бидэнд алга. Цаашид ч ийм мэдээлэлтэйгээр бид 2024 оны сонгуультай золгох биз ээ.

Цэвэрлэгээ-3:  Попууд ба бусад

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдохоос гадна намынхаа бодлогыг, намын удирдлагыг сөрсөн, тэдний эсрэг ажилласан олон хүмүүст жавтий хүртээхээр МАН-ын дарга нар хөдөлж эхэлжээ. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хажуугаар Боловсролын зээлийн сангаас эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашигласан олон улстөрчийн нэрс хөвөрч, УИХ-ын даргаасаа эхлээд МАН, АН-гүй холбогдсон асуудал үүсэн. Энэ хэргээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ гээд олон хүн бий.

Үүгээр зогсохгүй МАН-ын поп гишүүн болох Ц.Даваасүрэн, Б.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцсэн гээд мөн л намаасаа банга хүртэхээр хүлээгдэж байна.

Нийгэмд, ард түмэнд таалагдах шийдвэр бүхний ард давхар цохилттой явсаар ирсэн МАН-ын удирдлагууд 2024 оны сонгуульд хэнийг дэвшүүлэхгүй вэ гэдгээ энэ удаагийн “Ардын хүч холбоо”-гоор дамжуулан зарлаж байна. Тиймдээ ч аливаа “жүжиг”-ийн гол дүр болж чаддаг Б.Цогтгэрэл үүнийг нь гүйцэтгэж нэр устай нь зарлаж, гарын үсэг зуруулж байгаагаар баталгаажулав. Цаашид ч МАН-ын цэвэрлэгээ үргэлжилнэ. Бид ч үзнэ, харна, дүгнэнэ.

Том зургаараа нэгийг нөгөөгөөр сольдог, нэгэн дээрээ дэвсэлж, дардаг,  өөрийн бүлэг фракцийн эрх мэдлийг томруулдаг л цэвэрлэгээ үеийн үед МАН-д хийгдсээр ирсэн, цаашид ч хийгдэнэ. Б.Цогтгэрэлийн анд нөхдийнхөө эсрэг хийж буй акцаас харахад энэ удаагийн цэвэрлэгээг засаг дотор хийх магадлал өндөр. Засгийн бодлогын эсрэг явдаг сайд нар нь харин бэ гэдэг нь асуултын тэмдэг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж