Сурвалжлага: Иргэдийг сөхрүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн ҮНЭ

Хуучирсан мэдээ: 2024.01.23-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэдийг сөхрүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн ҮНЭ

Сурвалжлага: Иргэдийг сөхрүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн ҮНЭ

Зассан идээний өнгөөс нь үр, хүүхэд, ахан дүүс, ураг олноороо ямар өнгө төрх, аз хийморь, эрүүл мэнд, эв найрамдалтай байх нь тодорхойлогддог гэж үздэг учраас монголчууд сар шинээр идээ ундаа элбэг хангалуун, өнгөтэй өөдтэй байхад ихээхэн ач холбогдол өгдөг.

Тавгийн идээний ааруул, ээзий, өрөм зөөхий ямар нэгэн хольцгүй байх учиртай тул үзэсгэлэн худалдаа дээр байгаа ааруул бүрээс амталж, ээзгий бүрээс эмтэлж, барин тавин үзнэ бас шалгана.

“Болдогсон бол бүгдээс нь авчихмаар байна. Хүйтэнд зогсоо хүмүүс ялгаа юу байх вэ” гэж эхнэр  н.Нарантуяа хэлэхэд “Бүгдээс нь авах яах вэ. Тоолдог чинь хүрэх юм уу” гэж нөхөр н.Мандах сануулна. Тэд бол нэгэн жарныг элээж долоон аравтын бараа харах дөхсөн хүмүүс. Нөхөр нь айлын том байхын зэрэгцээ хэн хэн нь эцэг эхээс олуул тул сар шинийн баяр тэдний хувьд өргөн дэлгэр болдог.

Тэдний сарын орлого 1.1 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь бүрэн тэтгэврийн хамгийн доод хэмжээ буюу 550.000 мянган төгрөгийн тэтгэвэртэй.  Монгол Улсын нийт тэтгэвэр авагч ахмад настны 70 орчим хувь нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу тэдний л адил 550 мянган төгрөгийн орлоготой гэнэ.

Цагаан идээний үзэсгэлэнг хоёр ч удаа бүтэн тойроод тэдний сарын тэтгэвэр таван үеэр засах тавгийн хэвлэсэн ааруул, дээр нь тавих гурван үе бүхий хос, нэг килограмм хорхой ааруулын мөнгөнд зарцуулагдах нь тодорхой болов.

…“Заавал сүүн ааруул авч байхаар аарцны ааруул авчих уу өвгөөн" гэхэд “Чи л мэддэг шүү дээ” гэхээс өөр гэрийн эзэн хэлсэнгүй. "Жил бүр тавгаа хураагаад хүүхдүүддээ хувь хишиг хүртээхэд сүүн аарууланд нь дуртай л даа. Уг нь аарцны идээ авбал хэдэн төгрөгийн хэмнэлттэй юм. Аарцны ааруулны идээ 350-400 мянга л гэнэ" гэсээр эзэгтэй өөр нэг ааруул сонжихоор цааш явлаа.

Хэсэг нааш цааш явсны эцэст гэрийн эзэн "Авдагаа л авсан нь дээр байх аа. Хүүхдүүд идээд сурчихсан бол" гэхэд "Түрүү жил сүүн ааруулын идээ  450 мянга төгрөг байсан. Энэ жил 100 мянган төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм. Өрөм түрүү жил 25-35 байсан одоо сарлагийн зузаахан шиг өрөм 40 мянга болчихсон байна шүү дээ" гээд эзэгтэй шувтан тооцоо бодсоор.

Ямартай ч “Сүүн” гэх тодотголтой тавгийн ааруул, хоёр өрөм, нэг бяслаг авааад 700 мянган төгрөг бэлэн төлөв. Үр хүүхэд, ач зээгээ бодох хоёр буурал халаас нь нимгэн ч сэтгэл нь дүүрэн үзэсгэлэн худалдаанаас гарлаа.

Тэд таван үеэр долоон тойрог бүхий засах 35 ширхэг ул боовыг нэг бүрийг нь 5000 төгрөг бодож, 175 мянган төгрөг шилжүүлснээр сар шинийнхээ идээ тавгийн талыг нь бэлдсэндээ баяртай буцсан юм.

УУЦ, БУУЗНЫ ӨРТӨГ ХОЁР САРЫН ТЭТГЭВЭРТЭЙ ДҮЙЦЭВ

…Мах ямар үнэтэй байна?, Килограмм нь хэд үү, Хаанаас ирсэн, хаанахын мал вэ?….гэх мэт үнэ ханшийн болоод гарал үүсэлтэй холбоотой олон олон асуулт хариулт хөвөрсөөр сая нэг сонголт хийв.  "Хүчит шонхор" худалдааны төвийн гадна талбайд тэвш тэвшээр нь машин дээр авчсан ууцны махнаас дээрээс нь доош хүртэл явсан нь талаар нэг болсонгүй. Ямартай ч говийн аймгаас гаралтай Гомбо гэсэн үү, Галдан гэсэн үү малчны хотонд энэ намрыг хүртэл өвсний сайныг идэж, усны тунгалгийг ууж байсан учраас ууц тавихад нүнжигтэй, уураг сүүл нь чанартай хэмээн нэг нь итгүүлж, нөгөө нь итгэснээр өвөрт нь байсан 450 мянган төгрөг өөр нэгний халаасанд оров.

Махны сонголт үүгээр дуусахгүй. Бууз хийхэд хоёр хонины шулсан мах авах ёстой. Тэдний араас бараа бологч хийгээд ачаа өргөгч, жолооч хийх үүрэг бүхий хэн заавал дагалдаж явна.  Өглөө эрт байх тул шулсан махны тасагт сонголт арвин байна. Бүтэн нэг тойроод ирэхэд хонины махыг яснаас нь салгаад тавьчихдаг сурамгай нэгэн ч харагдана.

Буузанд хийх махаа олж сонгоход  малын нас хүйс, гарал үүсэл, гаднах төрөх маш чухал.  Тиймээс “Ясыг нь цайтал  шалгана” гэдэг шиг  шалгалт дуусахгүй. Ямартай ч сонголтоо хийлээ.

Нэг килограммын үнэ нь 10.800. Нэг нь 20.8 кг, нөгөө нь 19 кг буюу нийт 39.8 кг мах авахаар 429.840 төгрөг шилжүүлэв. Харин хамгийн богино хугацаанд сонголт хийсэн нь буузны гурил. Энэ удаад Улаанбаатарын дээд гурлаар буузаа хийх шийдвэр гаргасан байна. 25 кг бүхий гурил 68 мянган төгрөг.

Дээр нь буузны гол амталгаа болох сонгино сармисаа ч авлаа. Уураг сүүлтэй ууц, болоод тос шүүстэй буузны үнэ нэг сая төгрөг болов.

Мал нь тал дүүрэн бэлчдэг, гурилаа дотооддоо бүрэн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчийн мах болоод гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээний төлбөрт хоёр хөгшний хоёр сарын тэтгэвэр хоржийлоо боллоо.

ХУУЧИН ДЭЭЛЭЭ ШИНЭ БОЛГОХ ЦАГ ИРЭХ БИЗ ДЭЭ

Намайг хэн харах вэ. Өмнө нь өмсч байсан улаан торгон дээлээ өмсчихнө гэхэд "Би ч бас яахав энэ дээлээрээ болгочихно" хэмээн хэн хэнийхээ хуучин дээлний сонголтыг нь дэмжиж харагдана. "Та хоёр чинь наад дээлээрээ бараг тасралтгүй гурав, дөрвөн жил гоёсон биз дээ. Энэ жил өнгийг нь солихгүй бол хүмүүс муу хэлнэ" гэж том охин нь дургүйлхэв. "Гүй ээ ер урагдсан цоорсон юм өмсчихсөн биш. Нэг дээлээ хэдэн жил өмссөн ч яах вэ" гэж өвгөн  зөрүүдэлсэн ч ямартай шинэ дээлний эрэлд гарах нь тодорхой болов.

"Үнийн хямдыг нь бодвол Нарантуул зах орчихмоор. Гэтэл хүүхдүүд даарч хөрөөд зутарна гэх юм. Дүнжингарав орохоор боллоо" гэж хууч хөөрнө. Торго гэж ёоз ёозоороо, дээлний ур хийц, торго дурдан, урлаж оёсон шаглаанаасаа шалтгаалаад хамгийн хямд нь 350 мянган төгрөгийн үнэтэй бол хамгийн дээд тал нь гурван сая хол давсан үнэтэй дээл ч байна.

Барьж нэг, тавьж нэг, өмсөж нэг, углаж нэг үзсээр “дараа ирье” хүүхээ хэмээн гар далласаар гарлаа.  Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр үнийг нь үнэхээр дийлэхгүй юм. Хажууд нь Хятадаас орж ирсэн бараа хамаагүй чанартай бас хямдхан байна гэж эмэгтэй үглэж зогсоно. Үндэсний үйлдвэрлэлүүдийн оймс гэхэд урдаас орж ирдэг оймстой адилхан үнэтэй хэрнээ эдэлгээ маш муу болохыг ч тэрбээр шүүмжлэв.

БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД БЭЛЭН МӨНГӨ

Дээлний тасгаас гараад, орж ирсэн хүний гар хоосон гаргадаггүй тулд гарын бэлэг базаах хэрэг гарав. Ядахдаа нэг янмалын оймсоор боловч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих санал, сэтгэл байна.  Харамсалтай нь үнэдсний онцлог шингэсэн гэх тодотголтой бүхний үнэ тэнгэрт хадаж, иргэдийн амьдралаас тасарчээ.  Нэг оймсний нэгж үнэ 7500. Түүнээс дээшлүүлье гэвэл Монгол Улсын хамгийн том мөнгөн тэмдэгтийн бяр, бяд хүрэхгүй нь.

Нэг үеэ бодвол монголчууд хийж, бүтээж чаддаг болсон байна. Үндэсний онцлогоо шингээж, инноваци нэвтрүүлсэн, өнгө үзэж сайтай, сав баглаа боодол нь хүний үзэлд аятайхан зүйл олон байна. Давсан бүтээгдэхүүн, арьсан цүнх, гар урлал, гаанс хөөрөг, ноос, ноолуур, оёдол, хатгамал, олбог, дэвсгэр, үсний гоёл гээд л…

Харамсалтай нь нэг бүрийн үнийг нь нэлээд хэдээр үржүүлж үзээд түрийвчин дэх хэдээ тэмтэрч бас ирмэж үзээд үндэсний гэсэн бүхнээсээ татгалзаад өөр улсын бараа бүтээгдэхүүн сонгоход л хүрч байна. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орны иргэн байх хэцүү. Үндэсний үйлдвэрлэлийн өртөг өндөр учраас үнэ нь өндөр байдаг, иргэдийн нь цалин тэтгэвэр бага учраас өртөгийг нь дийлэхгүй харж зогсоно. Эцэст нь их хааныхаа хөргийг, соёмбо тэмдэгтэйгээ залсан Монгол Улсын мөнгөн дэвсгэрт үнэтэй болох цаг ирнэ гэж найдаад бэлэг бэлгийн дээд бэлэг мөнгө гэж итгээд хүн бүрт мөнгө өгөх бэлгийн шийдэлд хүрэв.

"Боов, бууз, ууцаа бэлдчихсэн байхад бусдыг нь болгоно доо" гэсээр тэтгэврийн зээлээ зургаан  сараар аваад үлдсэн хэдийг нь өвөртлөхдөө хоёр буурал хүүрнэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж