Байр суурь: Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш

Байр суурь: Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш

Байр суурь: Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш

Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувийг бүрдүүлж байна. Энэ харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсч, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсч, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэх болсон. Энэ асуудалд эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэе.


"БҮС НУТАГ БОЛГОН УЛСЫН ХӨГЖИЛД ТОДОРХОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ"

Монгол Улсын их сургуулийн доктор,профессор Б.ЧИНБАТ:

-Улс орны нутаг дэвсгэрийн байгаль газар зүй, нийгэм, түүх соёл, геополитик, суурьшил гээд олон зүйлийг харгалзан үзэж, бүс нутгуудад хуваадаг. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлого улс орны төсөв мөнгөний бодлого гэдэг шиг төрөөс улс орныхоо өнцөг булан бүрийн хөгжлийг дэмжиж, харгалзаж байх ёстой. Төр хөгжлийн үйл явцад оролцож байх ёстой. Эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын бодлогуудыг тухайн бүс нутаг түүний нутаг дэвсгэр дээр зангидаж, уялдуулж, тогтвортой хөгжлийн нөхцөлийг хангах арга хэрэгсэл юм.

Салбарын бодлогууд хоорондоо сөргөлдөж байдаг учраас энэ байдлыг бүс нутагт багасгаж, нутаг дэвсгэрийн хөгжлийг тогтвортой чиглэлд хандуулах үүрэгтэй.

Тэгэхээр энд хүссэн, хүсээгүй төр оролцоно. Тиймээс төрөөс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Бүс нутаг өөрийн гэсэн нөөцтэй, хүн амтай, газар зүйн байршилтай, тээвэр ложистиктэй учраас бүс нутаг болгон улсын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг. Жишээлбэл, төвийн бүсэд хүн ам, нийгэм, эдийн засгийн ихэнх хувь нь төвлөрчихсөн байна. Нийслэл тойрсон энэ их төвлөрөлийг сааруулах, бусад бүс нутгийн хөгжлийг дэмжих асуудал яригдаж байна. Энэ дагуу нийслэлийн баримжаатай шинэ хотыг байгуулах тухай ярьж байна. Бүс нутаг тус бүрийн улс орны өмнө гүйцэтгэх үүрэг, төрөлжилтийг маш ухаалаг зохицуулах хэрэгцээ гарч ирнэ. Баруун бүс ямар нөөцтэй, юу хөгжүүлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой вэ. Жишээлбэл, говийн бүс нутагт стратегийн гол орд уурхайнууд төвлөрч байна. Үндэсний баялгийг бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутаг болж байна. Гэхдээ бүс нутаг болгон ямар тэргүүлэх зорилттой байх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой. Миний бодлоор Монголын аль ч бүс нутагт байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны асуудал тэргүүн зорилт байх ёстой. Монгол орны онгон байгалийг хойч үедээ үлдээж, бусад улс орноос ялгарч ногоон эдийн засгийг цогцлоох учиртай.

"БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ШИНЭ ЗҮЙЛ БИШ"

Бүс нутаг судлаач Т.ЭНЭБИШ:

-Бүсчилсэн хөгжлийн бодлого шинэ зүйл биш. Анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөдөлгөөнийг баталснаас хойш 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд улс орноо бүсчлэн хөгжүүлэх талаар зарим дэд бүтцийн чанартай, зохион байгуулалтын чанартай, хууль тогтоомж боловсруулж, нэлээд бодлогыг хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ ажил амьдрал дээр бодитой хэрэгжиж чадаагүй. Тийм учраас энэ ажлыг бодитой ажил болгохын төлөө Засгийн газраас тогтоол шийдвэрээ гаргаж, 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа.

Бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь нийт нутаг дэвсгэрийн байгалийн нөөц баялгийг бүрэн, зохистой ашиглаж, аймаг болон улсаа тэнцвэртэй хөгжүүлэхэд чиглэх юм.

Хамгийн гол нь Улаанбаатар хотын их төвлөрөлийг багасгаж, хот хөдөөгийн амьдралын ялгааг бууруулах бодлогыг анхны баримт бичигт тодорхойлсон байдаг. Одоогоос 20 жилийн өмнөх бодлого бүрэн хэрэгжиж чадаагүй учраас дахин шинэ нөхцөлд шинэ үзэл баримтлалыг боловсруулж, Засгийн газраас хэрэгжүүлэх бодитой алхмыг хийх гэж байна. Өөрөөр хэлбэл, хуучин бодлогоо шинэ арга хэрэгслээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргаад байна. Өмнөх тогтоол шийдвэр нь төрийн залгамж чанар алдагдсанаас болж хэрэгжиж чадаагүй юм.

"АЙМГУУД ЭДИЙН ЗАСАГ ТАЛААСАА ҮҮРЭГТЭЙ БОЛЖ, УЛСДАА ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА"

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.ЖАРГАЛ:

-Нийгэм, эдийн засгийн талаасаа цаг нь болсон. Зөв зүйтэй ажил хийж байна гэж харж байгаа. Одоогоос 20 жилийн өмнө бүсчилсэн хөгжлийн талаарх баримт бичгийг боловсруулсан ч аймгууд хооронд бүс болж хөгжих эдийн засгийн чадвар нь бүрдээгүй байсан. Тухайн үед суурь нь тавигдаж, бүсчлэлийн хууль хүртэл боловсруулсан.

Гэхдээ эдийн засгийн тодорхой түвшин нь бүрдэж чадаагүй байсан. Одоо бүрдэх түвшиндээ дөхөж байна гэж харж байгаа.

Аймгуудын онцлог, давуу тал, эдийн засгийн үүрэгтэй байх талаар бид анзаараагүй өнгөрсөн байна лээ. Бүс нутгийг бүрдүүлж буй 3-5 аймаг нь эдийн засаг талаасаа үүрэгтэй болж, улсдаа хувь нэмрээ оруулна. Аймгууд хоорондоо тээврээр холбогдож, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг нийгэм, эдийн засаг, тогтолцооны харилцаа холбоо хөгжих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цагаан баавгай 2024-01-23 66.181.184.54

Бүсчилсэн хөгжлийн бодлого соц-ын үед 1970 онд (Зүүн, Төв, Баруун) байсан, одоо 4 бүс болгосон ч юу ч хийгээгүй. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, засаг захиргааны хуваариа шинэчлэж, 4-5 аймаг, 100-аад сум болгон зохион байгуулж, ажиллавал үр дүн гарна.

Avatar

Нэргүй 2024-01-23 103.145.234.76

Монгол улс олсон хэдэн төгрөгөө талаар нэг цацаад үр дүнгүй байна. 330 ямар ч хэрэгцээгүй, хүнгүй сумдыг нэгтгэхээс нааш үр дүн муутай. Хэмнэсэн төсвөөр бүсийн болон аймгийн төвүүд дээр дэд бүтэц байгуулвал аяндаа төвлөрөл үүснэ.

Avatar

Нэргүй 2024-01-23 66.181.184.229

Монгол улсыг 6 том аймагт хуваах хэрэгтэй. Аймаг бүрийн төвийг 100,000 хүнтэй болгож томсгох /Ховд, Улиастай, Мөрөн, Даланзадгад, Дархан, Чойбалсан/, Шинэ аймгууд нь хуучны 3-4 сумдыг нэгтгэсэн шинэ том сумдуудтай байх, шинэ сумдын төв нь 10,000 хүнтэй байх. Монгол улсын нийслэл Хархорин болно, УБ улсын чанартай тусгай хот болж бизнес санхүү соёлын төв болно

Avatar

Нэргүй 2024-01-23 202.131.225.242

Нийслэл хот руу шилжин ирэгсдийн урсгалыг зогсоох хэрэгтэй. Улаанбаатар хотод байр орон сууцгүй үл хүнийг хотод амьдархыг хориглох хэрэгтэй. Яндан нэмэхгүй байх зарчим барих хэрэгтэй байна. Баахан орц хонгилоор амьдарсан приус унаж халтуур хийсэн хүмүүсээр дүүрлээ. Дээр нь маш бүдүүлэг бохир заваан архичин. Ер нь дэлхий том нийслэлүүдэд хэн дуртай нь ирээд амьдардаггүй юм шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж