Өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар Их эвсэл байгуулахаар болсон гэх мэдээлэл цацагдав. Үнэн худлыг нь одоогоор хэлэхэд эртдэнэ. Гэхдээ энэхүү эвслийг олзуурхан дэмжигч олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдав. М.Энхсайхан Монголдоо цөөхөн стратегичдын нэг. Н.Номтойбаярын характер, харизм нь олон нийтэд таалагддаг. Тэд зовлон нэгтэй. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хууль шүүхээр хэрчүүлж үзсэн. Тэд бас үнэт зүйл нэгтэй.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг дэмждэг. Тиймээс Их эвсэл байгуулах нь тэдний хүсэл гэхээсээ нийгмийн захиалга болж мэдэхээр байна. Товчхондоо, улаан, цэнхэр, ягаанаас өөр өнгө улс төрд орж ирээсэй гэсэн хүлээлт нийгэмд бий болоод удаж байна.
Нэг.
УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Иргэд, олон нийт Үндсэн хуульд зааж өгсөн дөрвөн жилд нэг удаа төрөө сонгох эрхээ эдэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ парламент 126 гишүүнээс бүрдэнэ. Тэдний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгоно. Тойргоос сонгогдох 78 нь бүсчилсэн, том тойрогт өрсөлдөнө. Учир нь, хаврын чуулганаар Монгол Улсыг 13 том тойрогт хуваасан. Тэгэхээр нэг намаас нэг тойрогт дор хаяж 8-10 хүн өрсөлдөнө гэсэн үг. Энэ удаагийн сонгуульд эрх баригч нам дангаараа өрсөлдөх нь тодорхой. Ардчилсан нам аль нэг намтай эвсэх эсэхээ зарлаагүй. Парламентад ганцхан суудалтай ХҮН намд ирэх сонгуулиар бүлэг байгуулж, засагт эвсэх нэн их сонирхол бий.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Монголын парламент гурван намын төлөөллөөс бүрдсэн ч АН, ХҮН үнэмлэхүй олонхын утсан хүүхэлдэй явсэван нь үнэний ортой. Товчхондоо, өнгөрсөн дөрвөн жил Монголын улс төрд хүчтэй, харизмтай сөрөг хүчин байсангүй. Сөрөг хүчин байх нь хүртэл зохидог гэдэг Ардчилсан нам өнгөрсөн найман жил олигтойхон “сөрсөн базаа” хийгээгүй нь намынх нь эв нэгдэл, гишүүдийнх нь эр зоригоос шалтгаалсан биз ээ.
Улсын дээд шүүхэд 37 нам бүртгэлтэй ч Монголын улс төрд гуравдагч намуудын орон зай, хүчтэй сөрөг хүчний дуу хоолой улам бүр ус, агаар мэт үгүйлэгдсээр байна. Хүчтэй сөрөг хүчин гэдэг нь эрх мэдэлтнүүдийн үгнээс гардагггүй Ардчилсан нам болон ХҮН намыг хэлэхгүй.
Хүчтэй сөрөг хүчин нь эрх баригчдад хяналт тавьдаг, иргэд олон нийтийн дуу хоолой болж чаддаг, тэдний эрх ашгийн төлөө тэмцдэг улс төрийн хүчнийг хэлнэ. ХҮН намын дарга Т.Доржханд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр аль, аль нь хүчтэй сөрөг хүчний манлайлал болж чадахгүй нь үнэт зүйлээс нь, өөрсдийнх нь үг-үйлдлээс харагддаг.
Энэ орон зайг М.Энхсайханы стратеги дээр+Н.Номтойбаярын харизм, характерын “хамтрал” нөхөж чадна гэсэн хүлээлт улстөрд ч, нийгэмд нэгэнтээ үүссэн байна. М.Энхсайханд туршлага нь, бодлого нь бий. Н.Номтойбаярт эр зориг нь, хүсэл мөрөөдөл нь байна. Хэн хэнийхээ сул талыг нөхөөд явахад яг таарсан “гоё хослол”.
Гол нь МАН, АН-ын их өндөр дүнтэй хулгай луйвраас залхсан, бухимдсан иргэдийн хувьд Монголын улс төрд шинэ хүн, шинэ хүмүүсийг хүсэмжлэх болсон цаг үед М.Энхсайхан, Н.Номтойбаярын “хослол” илүү таалагдах нь гарцаагүй. Учир нь, тэд эрх мэдэлд шунах бус эх орноо хөгжүүлэх зорилго ба үнэт зүйл дээрээ нэгдсэн, нийлсэн гэвэл илүү үнэнд нийцсэн дүгнэлт боно.
Хоёр.
УИХ-ын 2012 оны пропорциональ хувилбараар зохион байгуулсан сонгуульд М.Энхсайханы МҮАН, Н.Энхбаярын МАХН-ын хамтарсан “Шударга ёс эвсэл” 11 суудал авч байлаа. Тэрхүү сонгуулиар Н.Номтойбаяр МАН-аас Дорнод аймгаас нэр дэвшин ялалт байгуулж, парламентын шинэхэн гишүүн болж байв. Тэгэхэд 35 суудал авсан АН-ын Засгийн газарт “Шударга ёс” эвсэл хамтарч, өдгөө засгийн эрх барьж буй МАН сөрөг хүчний тавцанд шилжсэн юм. “МАК”-ийн ханхүү гэх хочтойгоор анх улс төрд хөл тавьсан Н.Номтойбаяр богино хугацаанд өөрийгөө хэр улстөрч болохоо харуулж чадсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэндээ "Эрдэнэс Тавантолгой"-гоос 17 тэрбумыг авч өгсөн баримтыг Н.Номтойбаяр анх дэлгэж байсан юм. Ямар ч байсан Н.Номтойбаяр улс төрд орж ирсэн "өв залгамжлагч" дундаа, тэр тусмаа МАН дотроо үнэт зүйл, үзэл бодлоороо ялгарсан бас танигдсан. Улс төрийн үнэт зүйлийнхээ хувьд уг нь Н.Номтобаяр МАН-д биш АН-д байвал илүү тохирно. Гэвчиг өнөөдрийн АН-д түүнийг хүлээн зөвшөөрөх, хүлээж авах орон зай үгүй. М.Энхсайхан бол АН-ын дарга, Монголын Ерөнхий сайд явсан нэгэн. Авчиг М.Энхсайхан ба Н.Номтойбаяр нарын аль, алинд өнөөдрийн АН-ын үзэл баримтлал нийцэхгүй нь тодорхой. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга албан бус дарга нь болчихсон Ардчилсан нам олон дэмжигчийнхээ голыг гонсойлгосон нь худлаа биш.
М.Энхсайхан, Н.Номтойбаяр нарын хувьд нам доторх фракциудын дайн, эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос болж, хал үзэж хашир сууцгаасан улстөрчид. Энэ утгаараа тэдний “эргэн ирэлт”Н.Энхбаяр шиг эрх мэдлийн наймаа хийх гэсэн зорилго огтоос агуулаагүй биз.
Хэн, хэнийх нь байр суурь, барьж буй зарчмыг нь харахад нэг намын үнэмлэхүй эрх мэдлийг халах, нөгөөтэйгөөр Монголын улс төр, нийгэмд үгүйлэгдсэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бүр цаашлаад ардчилал, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо парламентад, төрийн эрх барих дээд байгууллагад хүргэх зорилготой харагдана. Ямартай ч тэд Х.Баттулга шиг гадаадын гар хөл болохгүй нь ойлгомжтой. Ц.Даваасүрэн шиг эдийн засгаа хорлож, Б.Бат-Эрдэнэ шиг улсын хөгжлийг уруу татахгүй нь лав. Н.Энхбаяр шиг намаа худалдаж, хүүгээ “тэрэг” болгохгүй нь тодорхой.
Сөрөг хүчин нэрээр шантааж, шахаа хийхгүй нь бүр ойлгомжтой. ИЗНН шиг сонгууль болгоноор “биеэ үнэлээд” явахгүй нь мэдээжийн хэрэг. Үг үнэн байхдаа гашуун л гэлцдэг, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын дийлэнх нь улс төрийн “биеэ үнэлэгч”-ид болцгоосон, Буян Жагаагаас эхлээд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гээд халаасандаа ганц тамгатай улс төрийн намууд цөөнгүй.
Тоогоороо бол Монгол олон намын тогтолцоотой ардчилсан улс мэт харагддаг. Үнэн чанартай, Монголд ганц намын дарангуйлал тогтоод удаж байна. Үүнийг өөрчлөхөд бодлого, харизм чухал.
АН-д бодлого нь байлаа гэхэд харизм нь алга. Тэгээд ч АН, МАН хоёр нэг зоосны хоёр тал болоод удаж байгаа. Тэр тохиолдолд гуравдагчийн орон зайг нөхөж чадах стратеги+харимз нь энэ удаагийн сонгуульд М.Энхсайхан+Н.Номтойбаяр хоёр болж харагдаж байна.
Холбоотой мэдээ