Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн малчид энэ сарын 20-ноос хоёрдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагаан идээний үзэсгэлэн худалдаа дэлгээд байна.
Нийслэлийн Эрх чөлөөний талбайд гарсан цагаан идээний худалдаанд ааруул кг нь дунджаар 25-35 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна.
Тодруулбал, Тариат сумын гүзээтэй шар тос кг нь 45 мянган төгрөг, тогооны өрөм жижиг нь 8000 төгрөг, том нь 25-30 мянган төгрөг, хонины ээзгий кг нь 35 мянга, үхрийн ээзгий 30 мянга, бяслаг кг нь 40 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна. Хайлмаг кг нь 15-20 мянга, цагаан тос кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Цагаан идээний худалдаанд Архангай аймгийн 16 сумын төлөөлөл малчид ааруул, ээзгий, өрөм, зөөхий, шар тос, сүү, айраг гэсэн цагаан идээгээр дагнасан худалдааг ийнхүү эхлүүлээд. Малчид уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт шууд хүргэж байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа малчдын хувьд өөрсдийн гараар бэлтгэсэн, ямар нэгэн хольцгүй цэвэр бүтээгдэхүүнээ иргэдийн гар дээр хүргэж байгаадаа нүүр бардам байна гэдгээ хэлж байсан юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Холбоотой мэдээ