Хойд Солонгосын пуужин VS АНУ-ын "Патриот" систем

Хуучирсан мэдээ: 2024.01.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын пуужин VS АНУ-ын "Патриот" систем

Хойд Солонгосын пуужин VS АНУ-ын "Патриот" систем

БНАСАУ-ын шинэ баллистик пуужингууд Украины дайны талбарт анхны бодит туршилтад орж эхэллээ. Гэвч Хойд Солонгосын пуужингууд АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах системд бут цохигдох магадлал өндөр.

Хоёр жил сунжирч буй дайнд ОХУ нь зэвсгийн нөөцөө барж, холбоотон Ким Жон Унд хандсан. Тэрбээр Хойд Солонгосоос богино зайн тусгалын пуужин болон 1 сая гаруй ширхэг их бууны сум авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. Хойд Солонгосоос нийлүүлсан эдгээр пуужин нь Оросын "Искандер" пуужинтай ижил хэмжээ, төстэй динамиктай гэдгийг барууны зэвсгийн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн тайланд дурдсанаар, АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах "Патриот" систем Оросын пуужингуудын эсрэг ихээхэн үр дүнтэй байгаа нь харагдсан. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Оросын харвасан 34 ширхэг “Искандер”, “Кинжал” пуужинг бүгдийг нь Киевийг хамгаалж буй "Патриот" систем устгасан байна. Тиймээс Ким Жон Уны нийлүүлж буй "KN-23" болон "KN-24" пуужингууд АНУ-ын хүчирхэг хамгаалах системийн эсрэг хэр үр дүнтэй байх нь Путины ч санааг зовоож байгаа нь мэдээж.
"Патриот" нь нислэгийн үед хурдтай, маневрлах чадвартай байг тодорхой хэмжээний нарийвчлалтайгаар найдвартай онох зориулалттай.
Вашингтонд төвтэй "CSIS" судалгааны төвийн пуужингийн довтолгооноос хамгаалах төслийн ажилтан Шаан Шайх хэлэхдээ, “Патриот пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Оросын "Искандер" пуужингийн эсрэг үр дүнтэй байгаа тул Хойд Солонгосын ойрын зайн тусгалын баллистик пуужингуудыг саатуулах чадвартай байх ёстой” гэжээ.

Ким Жон Уны арми 2019 оноос хойш туршилтын явцад 120 орчим пуужин харвасан бөгөөд хэдэн мянган ширхэг зэвсэг бүтээхээр зорьж байгаа бололтой. Өмнөд Солонгосын хууль тогтоогч Шин Вон Сикийн 2022 онд нийтэлсэн Батлан ​​хамгаалахын шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээс үзэхэд, Хойд Солонгосын пуужин тус бүр нь ойролцоогоор 5 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа ч Ким Жон Ун тэр үеэс хойш үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр зардал буурсан байх магадлалтай.

Зэвсгийн борлуулалт нь хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Хойд Солонгосын эдийн засагт маш их хэрэгцээтэй байгаа гадаад валют болон гадаадаас авах чухал барааг хөдөлгөх хүчин зүйл болж байна. Гэсэн ч Ким Жон Уны тусгаарлагдсан дэглэмийн хувьд мөнгө олохын тулд Путинд пуужингаа зараагүй.

Хойд Солонгосын пуужинг жинхэнэ тулаанд ашигласан туршлагагүй бөгөөд тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл дутмаг байх магадлалтай. Тиймээс Ким Жон Ун зэвсгээ Украинд бодитоор туршсанаар олж авах аливаа мэдээлэл нь түүний дэглэмд ирээдүйн загвар, довтолгооны стратегийг боловсронгуй болгоход тусална.

"Орос улсаас Украин дахь тулаанд БНАСАУ-ын баллистик пуужинг ашигласан нь Пёньянд техникийн болон цэргийн үнэ цэнэтэй ойлголтыг өгч байна" гэж АНУ-ын Төрийн департамент энэ сард нийт 50 орчим улсыг оролцуулсан хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

ОХУ-аас энэ нэгдүгээр сарын эхээр Харьковт өгсөн цохилтын дараа олдсон Хойд Солонгосын пуужингийн хэлтэрхий нь "Патриот"  системийн эсрэг хамгаалалт багатай байх магадлалтайг харуулжээ. Харьковын прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Чубенко сэтгүүлчдэд хэлэхдээ, пуужингууд нь Оросын загваруудаас үндсэн шинж чанараараа ялгаатай бөгөөд Хойд Солонгосоос ирсэн гэж үзэж байна гэж "Associated Press" мэдээлсэн.

Хойд Солонгосоос 400-800 километрийн тусгалтай ийм пуужингуудыг шилжүүлснээр Кремльд дайны галаа таслахгүйгээр   зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхэд тусалж байна.

Харин Ким Жон Ун зэвсгээ улам шинэчлэхийг хичээж байна. Түүний дэглэм өндөр хурдтай нисч, агаарт эргэлддэг шинэ төрлийн байлдааны хошууг харваснаар оныг эхлүүлсэн. Үүнийг Япон болон АНУ-ын бүх баазыг онох зориулалттай дунд тусгалын пуужинд суурилуулсан байв.

Өмнөд Солонгос, Япон хоёр хоёулаа "Патриот" пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ашигладаг. Өмнөд Солонгосын арми Сөүл хотын эргэн тойронд 8 ширхэг "PAC-2" ба "PAC-3" системийг суурилуулсан. Япон дахь АНУ-ын цэргийн баазууд, ялангуяа Окинава дахь цэргийн баазуудад "PAC-3" системийг ажиллуулдаг гэж Зэвсгийн хяналтын нийгэмлэгээс гаргасан тайланд дурджээ.

"Патриот" систем нь далавчит пуужин, баллистик пуужин, нисэх онгоц зэрэг 100 хүртэлх байг хянах чадвартай хүчирхэг радартай гэж Конгрессын судалгааны албаны тайланд дурджээ.

Гэсэн  ч Оросын арми Украины хамгаалалтыг сэтлэхийн тулд пуужингийн хүчтэй цохилтыг ашигласан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Орос улс агаарын цохилт, бөмбөгдөлтөө эрчимжүүлж, Украины хотууд руу хэдэн зуун пуужин харваж, олон арван хүний ​​аминд хүрсэн. Энэ дайралтад Хойд Солонгосын пуужин ашигласан байх магадлалтай гэж АНУ тодорхойлсон.

Хойд Солонгосын нийлүүлж буй зэвсэглэл нь Украин дахь "Патриот" систем болон бусад агаарын довтолгооноос хамгаалах системийг устгах нөөцийг нэмэгдүүлж, амжилттай цохилт өгөх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Иймээс НАТО-гийн гишүүд өнгөрсөн нэгдүгээр сард Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхийн тулд 5.5 тэрбум ам.долларын өртгөөр 1000 ширхэг "Патриот" пуужинг үйлдвэрлэж, худалдан авалтыг нэмэгдүүлэхээ амласан.

Герман улсаас өнгөрсөн аравдугаар сард Киевт "Патриот" системийг өгөхөө амлах үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  хэлсэн үгэндээ "Патриот бол Оросын бүх төрлийн пуужинг устгах чадвартай цорын ганц систем" гэж хэлсэн. Одоо тэгвэл уг систем Хойд Солонгосын шинэ пуужингуудыг устгах чадвартай эсэхийг харах болно.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж