Өнгөрөгч амралтын өдөр бөхийн ертөнцөд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.
"Жем Интернэшнл" групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат,"Ховд" дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа. Харин наймд улсын гарьд Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдэв.
Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” групп болон гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ахан дүүс, найз нөхөд, бөхийн дэвжээдээс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ.
Дараагийн барилдаан хоёрдугаар сарын эхээр сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудаар үргэлжилнэ.
Монгол Улсын аварга өргөөний 29 дэх түрүүгээ ийнхүү авлаа. Түүний 30 дахь түрүү сар шинийн барилдаан байх болно гэж бөх сонирхогчид дэмжиж байна.
Тэгвэл Японд мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн өрсөлдөөн улам ширүүслээ. Башёг нэг ч унаагүй тэргүүлж явсан Асанояама өчигдөр/2024.01.23/ Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодож, долоон даваа, нэг унаатай боллоо. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, гурван унаатай болов. Өдгөө 39 настай Тамаваши нутаг нэгт дүү нартаа сайхан боломж олгож, хүчтэй өрсөлдөгчийг нь буулган авч өглөө.
Харамсалтай нь, энэ боломжийг ашиглах ёстой байсан гол хүн нь Тобизарүд өвдөг шорооджээ. Озэки Киришима Б.Лхагвасүрэн Тобизарүг ялсан бол Асанояаматай даваа, унаагаараа тэнцэж, башёг тэргүүлж эхлэх байсан ч унажээ. Барилдааны дараа Тобизарү "Озэки цолтонтой барилдахдаа бүх зүйлээ гаргаж, өөрийгөө дайчиллаа. Би сэкивакэ, озэки цол хүртэхийн төлөө чадах бүхнээ хийж, бүхнээ зориулж байна" гэв. Дахин сануулахад Киришима энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэнэ.
Нөгөө талд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хошорюү С.Бямбасүрэн нар ээлжит даваагаа авлаа. Бэртлээсээ эргэн ирсэн их аварга Рюүдэнийг давсан бол озэки Хошорюү Хокүтофүжиг давж, тус бүр зургаан даваа, хоёр унаатай болжээ.
Нэргүй 2024-01-22 43.242.242.59
Киришима-Лхагвасүрэн дахин унах эрхгүй боллоо. харин Ган-Эрдэнэ бас ч гэж сайн л барилдаж байна. Энэ сарын барилдаанд Асанояма түрүүлэх шинжтэй байна. Бат-Өлзий барилдаагүй юм байх даа. Аймгийн арслан Батцоож бол наадмаар начин цол авах чадвартай бөх мөн. Түүнээс их амжилтыг хүлээж байгаа шүү.