Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм” хэмээн УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр бухимдсан. Эрүүл мэндийн сайд бухимдах нь аргагүй. Нүхэн жорлонтой 810 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудал өөрөө эрүүл мэндийн салбартай шууд холбоотой. Тэнд Монголын ирээдүй өсөж торних эсэх асуудал хөндөгдөж байгаа. XXI зууны Монгол Улс гадаа нүхэн жорлонтой 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр байдгаа тоолчихсон. Тэдгээр нүхэн жорлонд 7,000 орчим хүүхэд бие засдаг гэсэн судалгаа байдаг. Гэвч тэдэнд гар угаах газар байхгүй.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн ч маш хангалтгүй явааг УИХ-ын гишүүдийн зүгээс шүүмжлэх болсон. Мөн аймгуудад ялгамжтай байдлаар хэрэгжүүлж байгаа нь бухимдал үүсгэсэн.
Тэгвэл албаныхны өгч буй тайлбараар, төсөл 17 аймгийн 297 суманд хэрэгжиж байгаа. Нийт 810 нүхэн жорлонгоос 252-ыг нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольсон гэнэ.
Эрх баригч МАН 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” амласан байдаг. Улмаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс үүнд дэмжлэг үзүүлэн 2021 онд 39 дүгээр тогтоолыг санаачилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр тусгасан юм.
Дээр нь Засгийн газрын тогтоолын дагуу 2023 оны 266 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ээс төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталсан. Нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр боловсролын байгууллагуудын нүхэн жорлон устгах асуудал яригдаж байгаа. Харин өнөөдөр ийм өндөр өртөгтэй энэ ажлын гүйцэтгэл 810 жорлон барихаас 252-ыг барьсан гүйцэтгэлтэй явж байна.
ЖОРЛОНГИЙН САНХҮҮЖИЛТ ХАРДЛАГА ДАГУУЛАВ
Гэхдээ энэ бол цаасан дээрх албан мэдээ бөгөөд зураг төсөлгүй жорлон барьж эхэлсэн. Санхүүжилтээ авсан ч чанаргүй барьсан зэргийн улмаас төсвийн мөнгийг үрэн таран хийх тохиолдол их гарсан гэдгийг төслийг хариуцаж буй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нуугаагүй. Тэрбээр “Хаана ариун цэврийн байгууламж шаардлагатай байна вэ гэдгээ орон нутаг тодорхойлсон. Яам сумдууд байгаа жорлонг тоолоод явахгүй. Тиймээс орон нутагт итгэл хүлээлгэсэн харамсалтай нь орон нутгууд үүнийгээ хийгээгүй. Аймаг, сумд нь сэтгэл гаргаагүй. Тиймээс бид энэ төслийг зургадугаар сард зогсоож байгаад сум, орон нутагт газар дээр нь очиж үзэж ажлын объектыг очиж үзсэн” гэдэг тайлбар хэлсэн юм. Тиймээс төсөл хариуцаж байгаа Аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөж магадгүй аж.
МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд бүхий л салбарт мөнгөөр бороо оруулах шиг болсон. Бас хулгайлсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсний нэгээхэн жишээ энэ. Дөрвөн жил гэдэг бол багагүй хугацаа. Техник, технологи хөгжсөн өнөө үед бүхэл бүтэн цахилгаан станц ч байгуулах боломжтой хугацаа. Мөн 160 тэрбум төгрөг гэдэг бол асар их мөнгө бөгөөд 810 жорлон шинэчлэхэд хангалттай санхүүжилт. Тэгвэл энэ ажлыг 21 аймгийн Засаг дарга нарт хариуцуулан тарамдуулсан гүйцэтгэлээсээ эхлээд харагдаж байгаа. Нөгөө талаар жорлонгийн зураг төсөл яриад ажил хариуцсан хүмүүсийн алдаа ч байна. Ерөнхийдөө МАН дөрвөн жил засгийн эрх барьсан хугацаандаа хэдхэн жорлон ч байгуулж чадсангүй дээ.
Холбоотой мэдээ