Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

Хуучирсан мэдээ: 2024.01.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

Долоо хоногийн тойм: Нийслэлчүүдийг явгалав

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Нийтийн тээврийн шинэ чиглэл иргэдийг явгалав

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгах зорилгоор 110 чиглэл рүү автобус компаниуд үйлчилгээ үзүүлж байсныг 74 болгон бууруулсан нь иргэдийг явгалсан шийдвэр болж буугаад байна. Учир нь, богино эргэлт бий болгох нэрийн дор зарим чиглэлүүдийг байхгүй болгож, зарим чиглэлийг өөр чиглэл рүү явуулдаг болсон нь зорчигчдын хувьд 4-5 удаа автобус сэлгэж суухаас аргагүй болоод буй. Ингэхдээ тэд зарим газар 1-2 буудал газар алхахаас ч аргагүйд хүрч байна.

Жишээ татвал, Зүүн салаа, Баруун салаа, Улаанчулуут, Ханын материал, Нарангийн гол, Их наран, 21 чиглэлийнхэн өмнө нь хотын төв рүү орж ирэхэд нэг л автобусанд суудаг байсан бол одоо 3-5 дамжихаас аргагүйд хүрсэн.

Учир нь, шинэ чиглэлээр “Зүүн салаа-Халдварт”, “ХМК-Офицеруудын ордон”, “Улаанчулуут-МУИС”, “Орбит-Ард кино театр” гэсэн маршрутыг байхгүй болгосон. Тэр бүү хэл вокзал руу ч явах эрхгүй, хөл хоригдсон. Толгойт чиглэл рүү бүр автобус явахаа больсон.

Учир нь, шинэ чиглэлүүдэд суухаар хотын төв рүү явах боломжгүй, Таван шар луу эргэж байгаагаас Геологийн төв лаборатори дээр бууж,  “Монгол хьюндай”-гийн автобусны буудал хүртэл Сонгинохайрхан дүүргийн иргэд алхаж байна. Гэтэл "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусанд зорчигчид нь багталцахгүй, буудал дээрээ олноороо автобус хүлээж буй.

Хэрэгцээ дагаж гарсан маршрутыг байхгүй болгосноос буудал бүрт автобусаа хүлээсэн зорчигчид даарч зутран зогсоо бол богино эргэлтэд орсон автобуснууд нь хоосон суудалтай шатахуунаа хий үрж  үргүй зардал гаргасаар байна.

Тэгвэл "Хаан хиллс-Төв номын сан-Архивын ерөнхий газар" гэсэн маршрут шинээр гарган, зогсоолыг нь Сүхбаатарын талбайн авто зогсоол байсан талбайд байршуулсан нь бас гайхал төрүүлж эхэллээ.  Учир нь, Сүхбаатарын талбайд гадаад улсаас Монгол Улсад айлчлан ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч ёслол үйлддэг. Гэтэл одоо автобусны зогсоолтой нийлчихээр хэр нийцэх вэ гэдгээс эхлээд асуудал хөндөгдөж эхэлж байна. Нөгөө талдаа хотын захиргааныхан өөрсдийн ажил, гэр лүү явах чиглэлийг шинээр гарган, Сүхбаатарын талбайд автобусны буудлаа байршуулж, давуу эрх эдлэв үү гэдэг хардлагад ч орж эхлэв.

Харин албаныхан өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Сарын өмнө автобусны чиглэлийг өөрчилнө” гэдэг мэдээллийг өгсөн гэж арьсаа хамгаалцгаав.

Гэтэл төвийн хэсэгт байрших автобусны буудал дээр шинэ чиглэлээр үйлчилгээ эхлэхээс ердөө нэг хоногийн өмнө буюу бараг шөнө нь 74 чиглэлээ харуулсан мэдээллийг наасан бол бусад газарт дээрх мэдээллээс нэгийг ч байршуулаагүй юм. Тэгсэн хэрнээ иргэдээ зорчих маршрутаа мэдэхгүйгээс будилж, бухимдацгааж байна гэж буруутгасан. Гэтэл дээрх чиглэлийг хараад ч зорьсон газартаа 4-5 дамжин очих болж байгаа нь үнэндээ хүүхэд хөгшдөд байтугай залуусын ч цаг ажлыг барсан, үрсэн ажил болж хувираад буй.

Одоохондоо сургууль амарсан байгаа, харин энэ сарын 29-нд хичээл эхлэхэд шинэ маршрут улам ч хүндрэл дагуулж, хүүхдүүдийг эрсдэлд оруулахаар байгаа юм.

1.5 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшүүлэв

УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн Лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 17-нд завсарлуулав.  УИХ намрын чуулганы хугацаанд 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан байна. Эдгээрээс анхаарал татаж, санал шүүмжлэл өрнүүлсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

УИХ-аас энэхүү тогтоолын төслийг баталснаар 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын 1.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшээд байна. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр Тавантолгой ордын хувьцаа эзэмшигч болоод буй. Түүнийг дагаад ногдол ашгийг хэзээнээс олгох, хэдэн төгрөг олгох вэ гэдэг нь УИХ-ын гишүүдийн дунд ч маргаан дэгдээв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын зүгээс “ногдол ашиг нэрийн дор нэг иргэнд 100 мянган төгрөг тарааж байснаас эрчим хүчний эх үүсвэртэй болоход зарцуулах ёстой” гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын зүгээс “Иргэдэд ногдол ашгийг нь олгох ёстой. Хулгайлах болохоороо хэдэн их наядаар нь хусчихдаг, өгөх болохоор мөнгөгүй болж таарах ёсгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Ингэхдээ нэг иргэнд 580 мянган төгрөгийн ногдол ашиг оногдож байгаа шүү гэдгийг сануулсан юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Компани өр төлбөр ихтэй. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3,1 их наядын ашигтай ажилласан. Гэхдээ үүнийгээ ногдол ашиг болгон хуваарилбал нэг хүнд 116 мянган төгрөг л оногдоно. 2022 оны ногдол ашгийг сар шинээс өмнө олгох бодолтой байна. 2023 оны ногдол ашгийн асуудлыг аудитын дүгнэлт гарч, Төлөөлөн удирдах зөвлөл хуралдан шийдвэрээ гаргасны дараа эцэслэнэ. Ирэх дөрөвдүгээр сард шийдэх асуудал” гэдэг байр суурь илэрхийлээд буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцлоо.

Энэхүү чуулганд оролцох үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж байгаа зэрэг асуудлыг олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.

2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцолсон юм.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтын үеэр Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйртэй уулзсан юм.

Тони Блейр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах завшаан тохиосонд хариу талархаад Монгол Улс бүс нутгийн хэмжээнд ардчилсан тогтолцоог амжилттай хөгжүүлж буй улс учраас цаашид улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсад өрнүүлж буй авлигын эсрэг томоохон тэмцэл, засаглалын нээлттэй байдал, хараат бус шүүх засаглалыг бэхжүүлэх чиглэлээр реформ хийж байгааг үнэлсэн юм.

Тони Блэйрийн дэлхийн өөрчлөлтийн хүрээлэн нь эдийн засгийн шинэчлэл, хууль дээдлэх зарчим,  хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Их Британи, АНУ, Африк, Ойрхи Дорнод, Сингапур, Филиппин, Вьетнам, Индонези, Малайз, Энэтхэг зэрэг улс орнуудад  үйл ажиллагаа явуулдаг.  Түүний багийнхан 2014 онд Улаанбаатарт ирж Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр болон гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж