Түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн тээврийн газраас автобусны чиглэлүүдийг бууруулж, богино эргэлттэй болгосон нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд буй.
Иргэдийн зүгээс энэхүү автобусны шинэ чиглэлийг мэргэжлийн бус хүмүүс гаргасны харгайгаар иргэд явгарлаа гэж шүүмжилж буй. Үнэндээ ч энэхүү санал шүүмжлэл үнэнийн ортой. Учир нь, Нийслэлийн тээврийн газрыг мэргэжлийн бус хүн удирддаг. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсоныхоо дараа Нийслэлийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргалыг томилсон. Тэрбээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан юм.
Түүний ажил мэргэжлийг мэдэх зарим хүмүүс “Д.Отгонжаргал аа, чаддаг ажлаа хий. Нийтийн тээврийн салбарт жулдаж байна” гэх шүүмжлэлийг ч дайгаад байна.
Иргэд өмнө нь Улаанбаатар хотын төв рүү орж ирэхэд нэгээс хоёр автобусанд суугаад зорьсон газраа ирдэг байсан бол өчигдрөөс 4-6 автобусанд сэлгэн сууж байж, ирж буй. Ингэхдээ 1.30 цаг орчим яваад зорьсон газраа очдог байсан бол одоо 2 цаг гаруй болж байгаа юм. Автобусны жолооч нарын хувьд ч шинэ чиглэлд ам муутай, цаг үрсэн, шатахуун үрсэн ажил болж байна гэдгийг анхааруулж буй. Өмнө нь өдөртөө түгжрэлд орсон ч дөрвөн рейс хийдэг байсан бол өчигдөр богино рейсэнд гарсан ч зургаан рейс хийсэн байна. Энэ нь өмнөхөөсөө дээрдсэн зүйлгүй. Дээр нь хүмүүсийн хэрэгцээт газар луу автобус явахгүй байгаа тул хоосон давхиж, шатахуунаа барж буй. Шинэ чиглэл бол иргэдээс мөнгө авах гэсэн, шинээр худалдан авсан автобусныхаа мөнгийг босгох гэсэн арга ядсан ажил” гэж ч тайлбарлаж буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ