Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.01.20-нд нийтлэгдсэн

Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Автобуснууд шинэ маршрутаар явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарлаа. Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх  богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарах аж. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явах юм. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой гэнэ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байгаа" гэж хэллээ.  Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан аж.Өнөөдрөөс үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна гэж тэрбээр хэлж байна.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна. Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Олон жил зорчсон чиглэлүүд нь өөрчлөгдөхөөр иргэдийн дунд ойлгомжгүй байдал, төөрөгдөл үүсэх магадлалтай. Гэхдээ иргэд автобус хүлээх хугацааг багасгах, замын хөдөлгөөн ачаалалтай үед автобуснууд нэг талдаа бөөгнөрдөг байдлыг халахын тулд шинэ чиглэлүүдийг төлөвлөсөн. Түүнчлэн чиглэлүүдийн давхцал арилна. Улаанбаатар хотын гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөөнд нэг л чиглэл явах тул иргэд тухайлсан нэг чиглэлийг удаан хүлээж зогсох шаардлагагүй болно. Энхтайваны өргөн чөлөөнөөс цааш явж буй чиглэлүүдэд анхаарч, харахад болох юм" гэжээ.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоо гарчээ. Харин амьдрал дээр иргэд ямар байхыг туршиж байна.

Автобусны тарифын хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд 500 төгрөгөөр зорчих, 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл одоохондоо хэвээр үргэлжлэх юм байна. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

Ямартай ч өнөөдрөөс эхлэн шинэ чиглэлээр автобуснууд явж эхэллээ. Ирэх Даваа гариг хүртэл холбогдох ажлуудыг бүрэн жигдрүүлнэ гэж албаныхан тооцож байна.

М1 чиглэл нь: баруунаас зүүн тийш, Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар зорчино. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь 3 минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.

М2 чиглэл нь: хойд чиглэл болох “Зунжин” худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад Төрийн ордон тойроод хойд чиглэлдээ буцаж эргэж явна.

М3 чиглэл нь: Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Энд автомашины зогсоол байгаа хэсэг дээр шинэ буудал төлөвлөж байна.

М4 чиглэл нь: Шар хад чиглэлийг III-IV хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явх юм. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.

M5 чиглэл нь: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар "Гермес центр" ороод буцаж явна.

М6 чиглэл нь: “Шинэ 100 айл” буюу “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийшээ байгуулагдаж байгаа “Шинэ зуун айл” Монгол тэмүүлэл" 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь “Баянмонгол” хорооллын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ-3-ийн автобусны эцсийн буудал дээр очно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж