Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Шинэ Монгол" сургуулийн орчимд дулааны хоолойд гэмтэл гарсан талаар оршин суугчдын группд өнөөдөр /2024.01.19/ мэдээлэл гарсан. Гэмтлийг засварласан эсэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас тодрууллаа.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас өгсөн мэдээллээр, дулааны шугамд гарсан гэмтлийг өчигдөр бүрэн засварлаж дууссан.
Орон сууц нийтийн аж ахуйн зүүн бүсийн ус, дулаан дамжуулах төв шуурхай засварлаж ажилласан гэлээ.
Орон сууцны халаалт үндсэн дөрвөн үе шат дамжиж эцсийн хэрэглэгчдэдээ хүрдэг байна. Станцаас гаргадаг шугам хоолой, холбогдох хэрэгсэл нь төрийн өмч, ус, дулаан дамжуулах төвөөс орон сууц хүртэлх шугам хоолой нь нийслэлийн өмч /ОСНААУГ нь нийслэлийн өмч/, орон сууц доторх нь сууц өмчлөгчид болон иргэд хоорондын дундын өмч, эцэстээ хэрэглэгчийн өмчийн байр нь доторх нь хувийн өмч болдог. Үндсэндээ төрийн, нийслэлийн, дундын, хувийн гэсэн дөрвөн өмч дамжиж иргэнд халаалт очдог байна. Тиймээс дулааны шугам сүлжээнд гарсан гэмтлийн засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй зарим асуудал гардаг аж. Ямартай ч Баянзүрх дүүрэгт өчигдөр гарсан шугам сүлжээн гэмтлийг бүрэн засварлажээ.