Сурвалжлага: Жолооч, зорчигчгүй төөрч, будилж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.22-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Жолооч, зорчигчгүй төөрч, будилж байна

Сурвалжлага: Жолооч, зорчигчгүй төөрч, будилж байна

"Энэ автобус 3, 4 дүгээр хороолол орох уу", "Эндээс Дүнжингаравын  автобус явах болов уу", "Би хаанаас суувал Долоон буудал орох вэ", "Баянмонгол" хороолол явах автобус ирлээ,суугаарай" гэж орилсон хүмүүс Төв талбайн автобусны буудлаар дүүрэн.

Зарим нь автобус хүлээгээд 30, 40 минут зогсч байгаагаа хэлж байсан бол нэг хэсэг нь шалгагч нарыг тойрч, хаанаас автобусанд суухаа заалгаж байв.

Автобуснаас буусан хүн болгон "Одоо хаанаас ямар чиглэл суух юм бол" гэж бие биеэсээ асууна. Зарим автобусны жолооч нар нийтийн тээврийн шинэ маршрутыг ойлгохгүй байна. Иргэд чиглэл асуухад нь өөрсдөө ч тайлбарлаж мэдэхгүй байгаагаа нуусангүй. Харин иргэдийн зүгээс шинэ ажил хийж, хэрэгжүүлж болох ч идэр есийн хүйтэнд ард иргэдэд хүндрэл учруулж, явгаруулж байгаад бухимдаж байлаа.

"ТӨВ ТАЛБАЙГААС БАЯНБҮРД РҮҮ АЛХАЖ АВТОБУСАНД СУУ ГЭСЭН"

"Миний хувьд Баянмонгол хороолол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүннү хороолол чиглэлийн автобусанд үйлчилж байна. Богино эргэлтийн чиглэлд нэг талдаа 30 минут явж байна.

Хуучин явж байсан чиглэлээс өөрчлөгдсөн юм алга. Дизель автобус удаан явж халдаг учраас автобус их хүйтэн байгаа.

Иргэдийн зүгээс бухимдал ихтэй, учраа мэдэхгүй байна. Хаалгаа нээмэгц иргэд "Хаашаа явах вэ гэж асууцгааж байна" гэдгийг автобусны жолооч Ц.Паламдорж учирлав.

Ахмад настан эмэгтэй "Би Яармагаас Төв талбай дээр ирлээ. Одоо эндээс 3, 4 дүгээр хороолол руу явъя гэсэн чинь ямар ч автобус явахгүй. Төв талбайгаас Баянбүрд рүү алхаж автобусанд суу гэнэ. Идэр есийн хүйтэнд Төв талбай дээр ард иргэдээ хөлдөөх гээд байгаа юм уу. Энэ ерөөсөө бүтэхгүй ажил байна. Хуучин маршрутыг хэвээр нь үлдээж, автобусны тоог нь нэмэх шаардлагатай" гэж бухимдлаа.

"НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ХУУЧИН МАРШРУТААР НЬ ЯВУУЛ"

Төв талбайн шинэ автобусны буудалд 120, "Маршал таун", "Энканто"," Хүннү молл", "Сүмбэр орд", Ботаникийн эцэс рүү явах автобусууд зогсох аж. Хойд талаасаа Долоон буудал руу явна. Харин замын урд талын Ленин клубийн автобусны буудлаас Офицеруудын ордон, Таван шар, Богд хаан амралт руу зорчих автобус явна гэдгийг шалгагч нар тайлбарлаж байв. Дээрх автобусны буудал дээр гэхэд дөрвөн шалгагч иргэдэд мэдээлэл өгч, маршрутыг тайлбарлаж байлаа.

Иргэдийн зүгээс тэдэнд бухимдлаа илэрхийлж, шинэ маршрутыг тайлбарлаж зааж өгсөн ч ойлгохгүй байгаагаа нуусангүй. Зарим иргэд шалгагч нарыг загнаж харагдсан юм.

"Төв талбайн буудал дээр автобус ойр ойрхон ирнэ гэж төлөвлөсөн боловч жаахан зайтай ирж байна. Хүмүүсийн саналыг сонсохоор хоёр чиглэл дээр дутуу орхигдсон юм шиг байна.

Бид тухай бүрт нь саналыг нь шуурхай дамжуулж байгаа. Өмнө нь автобус зогсдог байсан Ленин клубийн автобусны буудал дээр очиж, шинэ Төв талбайн буудал дээр авч ирэх ажлыг хийж байна.

Урд буудал дээрх чиглэлүүд энэ буудлаас үйлчилж байгаа. Бид өдрийн найман цагаар ажиллаж байна" гэдгийг шалгагч Б.Баярмаа хэлсэн юм. Биднийг ярилцах зуур иргэд "Нийтийн тээврээ хуучин маршрутаар нь явуул" гэдгийг иргэд хажуунаас хэлж, бухимдаж байв.

"Би Нарантуул зах орох гэсэн чинь хаанаас ямар автобусанд суух учраа олохгүй, хөлдөх гэж байна. Нийтийн тээврийн маршрутаа хуучнаар нь явуулъя. Манай гэр Долоон буудалд байдаг. Тэндээс нэг автобусанд суугаад, Төв талбай дээр ирсэн. Эндээс одоо хайчих вэ. Шалгагчаас автобусны чиглэл асуухад "Одоо автобус ирнэ" гэсэн. Одоо 40 минут автобус хүлээж байна. Ирсэн автобус алга" гэдгийг иргэн Н.Эрдэнэчимэг хэллээ.

"ТОМЧУУД БУДИЛЖ БАЙХАД ХҮҮХДҮҮД ДААРЧ, ТӨӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ"

Ж.Нэргүй гэх эмэгтэй хоёр ачтайгаа Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсч байв. Тэрбээр автобусны буудлын ард 3, 4 дүгээр хороолол явах чиглэл хайсан боловч олсонгүй. "Автобусны буудлын ард бичсэн бичгийг нь арайхийж уншихаар хороолол руу явах чиглэл алга. Ямар ч байсан дамжиж явах юм байна.

Би хоёр ачаа дугуйлан руу нь явуулах гэсэн ч автобус ирдэггүй. Одоо 40 минут автобус хүлээлээ.

Ард иргэдээсээ асууж судалж байж ажил хийхэд яана. Хүйтэнд унаа олдохгүй гайхаад зогсч байна. Томчууд ингэж будилж байхад сургуулийн хүүхдүүд даарч, хөрөхөөс эхлээд төөрөх эрсдэлтэй юм байна" гэв.

Тэрбээр аргаа бараад таксигаар хоёр ачаа дугуйланд нь хүргэж өгөхөөр гар өргөн зогссон юм.

Түүний дэргэд автобус хүлээн зогсч байгаа иргэн Д.Баянжаргал "Би Мишээл экспогоос Дүнжингарав худалдааны төв орох гэж байна. Сая автобусанд картаа уншуулж суугаад буухдаа уншуулах гэсэн чинь уншсангүй. Одоо дамжин суухдаа мөнгөөрөө суух юм байна. Ард иргэдийг бүр элгээр нь мөлхүүлэх гэж байгаа юм биш үү. Богинын тээвэр нэртэй, ард түмнээ бухимдуулахаа болиоч ээ. Хуучин маршрутаа явуулъя. Ядаж энэ ажлаа урин дулаан цагт хэрэгжүүлж болохгүй байсан уу. Зарим иргэд нялх хүүхдээ дагуулаад хөлдөж үхэх нь холгүй зогсч байна" гэж бухимдав.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Бид нэг сарын өмнөөс мэдээлэл өгсөн. Автобусны буудал дээрх мэдээллийг шинэ чиглэлийн мэдээллийг ирэх долоо хоногт шинэчилнэ. Иргэдэд ойлгомжтой болгоно. Харагдахуйц, илүү том хэмжээтэйгээр хэвлэнэ. Тухайн буудалд ирдэг автобусны мэдээллийг л оруулна. Энэ ажлыг амьдрал мэдэхгүй хэдэн дарга нар боловсруулаагүй" гэдгийг онцолсон юм.

"АВТОБУСНЫ 8 КАМЕРААР ИРГЭДИЙН ТООГ БҮРТГЭЖ, ХЯНАНА"

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчиж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Харин зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилж байгаа. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бол их багтаамжийн автобус явах боломжгүй буюу хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж буй. Дээрх чиглэлүүд бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой гэдгийг нийслэлээс мэдээлсэн ч иргэд амьдралгүй ажил болсон гэдгийг хэлж байгаа юм.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-Одоогоор иргэд нийтийн тээвэрт 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой гэж мэдээлсэн.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж