УИХ-ын чуулганы танхимд амьдрал сайхан байна. Бидний амьдрал тэдний эдийн засгийн судалгаагаар муужрах нь байтугай сайжирсан байвал яах уу?!
УИХ-ын дарга чуулганаа хаахдаа “Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй” гэж хачин ухаантай үг хэлжээ. Цааш нь “Үүнийг засч чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ” гэж уянгалсан юм. Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж найман жил ярьсан эрх баригчдын ам, ажил хоёр алд дэлэм зөрж байна.
Монголын үндэсний статистикийн хорооны гаргаснаар, 2023 онд нийгмийн халамжид хамрагдагч 2.7 сая болж, 2022 оноос 27.7 мянгаар өсчээ. Үүний тэн хагасыг нь буюу 48.7 хувийг хүүхдийн мөнгө эзлэв. Монголчууд 3.5 саяулаа болж өссөн ч түүний 80 хувь нь халамж хүртсэн байх юм. Үүнийг засна, залруулна гэсэн хэр нь 2024 оны төсвийг батлахдаа 22.4 их наяд төгрөгийн зарлагатай баталсан бөгөөд түүний 2.1 их наядыг нь нийгмийн халамжид зарцуулахаар тусгасан. Монгол Улсын төсвийн арван төгрөг тутмын нэгийг халамжид зарцуулна гэсэн үг.
“Экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрлээ. Монгол Улсын төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөгөөр өслөө. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ. Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлт бол өнөөдөр өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийн үгүйсгэшгүй үр дүн, бодит үзүүлэлт мөн” гэж нүүр бардам хэлээд буй спийкерийн үг иргэдэд бол зүгээр л доромжлол бөгөөд “өсөх нь байтугай хоосорчихсон байвал яах уу?” гэж иргэд даапаалж байна. Мөнгөний хэмжээгээр төсвийн орлого, ДНБ өсөөд байгаа мэт харагдавч жирийн иргэдэд энэ нь бухимдлыг төрүүлэхээс цаашгүй. Бүр хорлонтой тусч байна. Төгрөг суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн болохоор тоон үзүүлэлтээр өссөн мэт харагдавч бодит амьдралд доор унасны нотолгоог бид алхам тутамдаа хэлж байна. Ааруулын үнэ үүнийг батлаад байна. Малчид шуналтайдаа биш, ченжүүд чөтгөрдөө бус эрэлт нийлүүлэлтийн хуулиараа зохицуулагдаж буй үнийн өсөлт дээр инфляци нэмэгдлийг тооцвол ааруулын үнэ тийм ч өндөр биш санагдах вий.
Шатахуунаас эхлээд талх, тариа будаа хүртэл өдөр хоногоор өсөн нэмэгдсээр байгаа учраас даргын хэлээд буй өсөлт хөгжлийн бус ядуурлын өсөлт болоод айл гэрийн хаалгаар орж байна.
…Гэвч амьдрал сайхан байна. Эдийн засгийн үзүүлэлт сайжирч байна. Инфляци буурч байна гээд буй үзүүлэлт амьдралаас дэндүү хол сонсогдох ажээ. Зүүний баримтлалтай эрх баригчид халамжийг хавтгайруулж, төрийг томруулж, хувийн хэвшилтэй хүртэл бараа, бүтээгдэхүүнээр өрсөлдөх болсон нь эдийн засгаа хамгийн ихээр хорлов. Мөнгө хэвлэж иргэдээ хохироодог тэд удахгүй дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмнэ. Үүнийг жирийн дундаж иргэний амьдралаар амьдарч үзээгүй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, түүнийг өөртөө ашигтайгаар захиран зарцуулж, үр хүүхэд, ойр дотныхноо хөлжих, хөгжих хэрэгсэл болгосон эрх баригчид яаж мэдэх билээ.
Тэд өөрсдийн бизнесээ төртэй сайтар уяж өгсөн бөгөөд тийм хүн өөрийнхөөрөө бусдыг жишвэл мэдээж сайхан харагдана. Энэ үед цаасан дээр эдийн засгийн үзүүлэлт таатай мэт харагдах боловч бодит амьдрал дээр бүр л дордсоор л… Зах зээлийн нийгэмд төр бүхнийг шийдэх гэж оролдох тусам байдал улам дорддог гэдгийг буй биеэрээ туулсаар ирэв. Эцэстээ бид буцаад социализм руу гулсав. Үүнээс сэргийлэн "Социализм бол бүтэлгүйтлийн тухай философи, мунхгийн итгэл үнэмшил, атаархлын дуу хоолой. Түүний төрөлх араншин бол зовлонг тэгш хүртээх явдал" Уинстон Черчилль хэлжээ. Өнөөдөр тэгшитгэх тухай маш их ярьж байна. Түүнийг ярьж, хийх гэж оролдох тусам дарга ангийн тэгш бус байдал бий болдог.
Тиймээс л албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэж дуулсан “Хонх” хамтлагийн “Цаасан малгай”-г бидэнд өмсүүлээд байх шиг.
Холбоотой мэдээ