Төсвөөс 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авч байна

Хуучирсан мэдээ: 2024.01.19-нд нийтлэгдсэн

Төсвөөс 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авч байна

Төсвөөс 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авч байна

Маргаашаас буюу энэ сарын 20-ноос эхлэн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж байгаа. Шинэчлэгдсэн чиглэлүүдтэй холбоотойгоор олон нийтийн дунд эргэлзээтэй олон мэдээллүүд гарч буй. Нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн талаар мэдээллийг НЗДТГ болон холбогдох албаныхан өнөөдөр /2024.01.19/ мэдээллээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.ОТГОНЖАРГАЛ:

-Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байна. Автобусны нийт 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулсан.

Маргаашаас үйлчилгээнд явах 1074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр шинэ чиглэлүүдийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлж байна.

Дамжин суулт, маршрут, өөрийн сонгосон байрлал руу явганаар болон автобусаар хэдэн минутад очих мэдээллийг ч багтааж байна. Иргэд "imap.mn" сайтаас автобусны шинэчлэгдсэн чиглэлээ харах боломжтой. Өөрсдийн байршлаа хийгээд чиглэлээ харах нь илүү оновчтой, хялбар.

Автобус дотор Улаанбаатар смарт карт төлбөрийн хэрэгсэл хэвээрээ байгаа.  iMAP.MN App Store, Play Store-д албан ёсоор орсон байгаа учир иргэд татаж аваад гар утаснаасаа автобусны чиглэлүүдийг харах боломжтой.

Иргэд 500 төгрөгөөрөө зорчино, дамжин суух хугацаа 30 минут дотор байх нь хэвээрээ.

НИТХ-аар нийтийн тээврийн тариф, дамжин суултыг дөрвөн удаа болгох асуудлыг шийднэ.

ШИНЭ АВТОБУСУУДЫГ ХУВИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН КОМПАНИУДАД ГЭРЭЭГЭЭР ӨГЧ БАЙГАА

"Улаанбаатар хөгжлийн корпораци"-ийн гүйцэтгэх захирал Н.ДАШДЭМБЭРЭЛ:

-Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авч байгаа. Эдгээр автобус хоёрдугаар сарын 2-ны дотор бүгд ирж, үйлчилгээнд гарна. Өнөөдрийн байдлаар 185 нь Улаанбаатар хотод ирсэн, 50 автобус ирж явна гэсэн мэдээлэлтэй байна. 2009 онд 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр авсан ч зарим аж ахуй нэгж өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

2020-2023 онд 402 автобусаар парк шинэчлэлт хийгдсэн. Энэ онд 600 автобус авч байна.

Энэ удаа хувийн байгууллага болон орон нутгийн компаниудад гэрээгээр эдгээр автобусыг өгч байгаа. Шинээр батлагдсан хуулиар нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сантай байхаар зохицуулагдсан. 600 автобус болон өмнөх 400 автобусны эргэн төлөлтийн мөнгө энэхүү санд төвлөрнө. Сангийн мөнгийг нийтийн тээврийн парк шинэчлэлд зарцуулна.

Өнөөдрийн байдлаар 10 орчим аж ахуй нэгжтэй хэлэлцээрт орж, гэрээний төсөл эцэслэх шатандаа байна.

340 гаруй автобусыг хувийн хэвшил авах санал ирүүлсэн. Хувийн хэвшлүүдтэй нийт долоон жилийн хугацаатай, урьдчилгаа гурван хувь, хяналт үйлчилгээний шимтгэл гурван хувийн нөхцөлтэйгөөр автобусыг худалдаж авах гэрээ хийж байгаа юм. Гэхдээ хувийн хэвшлийг заавал автобус худалдаж ав гэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж