"Баавгай болохсон" филм ба өөрийгөө бүтээх эрх чөлөө

"Баавгай болохсон" филм ба өөрийгөө бүтээх эрх чөлөө

П.Золжаргал найруулагчтай “Баавгай болохсон” уран сайхны филмийн баг хамт олон өнгөрсөн 2023 онд Каннын наадамд амжилттай оролцоод ирсэн. Энэ оны нэгдүгээр сарын 12-нд тэд дотоодын үзэгчдэдээ зориулан филмийн Монгол дахь нээлтийг албан ёсоор хийв. Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөр байсныг хэлэх үү гурав хоногт кино театрын тэнхим битүү дүүрч, билетийн дараалал тасарсангүй. Найруулагч идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэж нээлтийг товлосон явдал филмийн гол санааг улам бүр хурцалж өгсөн гэлтэй.

“Баавгай болохсон” үндсэндээ гадныханд зориулсан бүтээл гэвэл дэндүү өрөөсгөл. Үнэн хэрэгтээ П.Золжаргал монголчуудын бодит амьдралыг монголчууд өөрсдийн нүдээр хараасай хэмээн хүсч тус филмийг зориглон найруулсан болов уу.

НЭГ. БОЛОВСРОЛ ГЭДЭГ ОЛОН ТАЛЫН МЭДЛЭГИЙГ ХЭЛНЭ

Говь-Алтайгаас нүүж хот бараадсан дөрвөн хүүхдийн эх Улаанбаатарт хөл тавиад төд удалгүй хотын амьдралд бууж өгнө. Энэ бол “Баавгай болохсон” филмийн үндсэн зохиомжийг илэрхийлэх сонирхолтой эхлэл байв. Эмэгтэйн нөхөр өнгөрснөөс хойш тэдний гэр бүл хэцүүджээ. Айлын том хүү Өлзийбат сурах, хөгжих чин эрмэлзэлтэй боловч ажилгүй, орлогогүй эх нь түүнд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Филм зохиолд яагаад заавал өрх толгойлсон эмэгтэйг онцолно вэ? Өнөөдөр энэ дүр зургийг Монголын олон мянган айл өрхөөс жинхэнэ утгаараа харах боломжтой. Зөвхөн Улаанбаатар хотод 15000 орчим, улсын түвшинд 69000 гаруй өрх толгойлсон эх ажиллаж, амьдардаг гэсэн статистик судалгаа бий[1]. Найруулагч Өлзийбат хүүгийн эхийг дан ганц өрх толгойлсон эмэгтэйн дүрээр харуулах гэсэнгүй, мөн боловсрол тааруу мэдлэг нимгэн эхийг төлөөлүүлэн харуулахыг зорьсон нь нэн бодууштай.

Айл олон хүүхэдтэй тусмаа санхүүгийн нөөц бололцоо, жижиг том асуудлууд урган гардаг. Эдгээр асуудлыг эцэг эх хамтдаа шийдвэрлэх үүрэгтэй. Гэвч асран хамгаалагчийн нэг үгүй болчихвол нөгөөд ямар их дарамт, ачаа оногдох вэ гэдгийг филмийн эхлэлээс төгсгөл хүртэлх үйл явдалд гүн гүнзгий тусгаж өгчээ. Айл олон хүүхэдтэй тусмаа тэдний сурган хүмүүжлийн асуудлыг анхаарч үзэх чухал. Айлын томыг аятайхан хүмүүжүүлэхэд бусад дагаад босоод ирнэ гэсэн явцуу ойлголтыг бид нэгэнтээ халах цаг болжээ. Сурган хүмүүжил бол тэр чигтээ суурь боловсролын асуудал. Цаашлаад зарчимтай, эрдэмтэй, мөн мэдлэгтэй иргэн хүн бүтээх “хариуцлагатай нийгэм”-ийн асуудал болж томордог. Тиймээс айл бүрийн хүүхэд нэг бүр Монгол улсын хариуцлагатай иргэн гэдгийг мартаж боломгүй.

Сурган хүмүүжил хамгийн анхан шатандаа гарцаагүй гэр бүл, ойр орчны хүрээллээс эхэлнэ. Бага насны хүүхэд байгалийн жам ёсны орчин эсвэл зорилтот боловсролын орчинд аажмаар хөгжих төрөлхийн чадвартай[2] гэсэн итгэл үнэмшлийг Германы сурган хүмүүжүүлэгч Фридрих Фребель онцлон тэмдэглэжээ. Энд дурдаж буй “байгалийн жам ёсны орчин” гэдэг угтаа гэр бүлийн хүрээллийг цохон тэмдэглэсэн хэрэг. Харамсалтай нь филмд дүрслэгдсэн 4 хүүхдийн хүмүүжиж буй жам ёсны орчин үргэлжид хэрүүл, бухимдалтай. Өлзийбатын бяцхан дүү Гаригаа цэцэрлэгийн насны жаал атал ахыгаа дуурайж хараалын үг урсгах нь үзэгч танд нэгийг бодогдуулах биз ээ. Энэ үйлдэлд эхийн зүгээс ямар нэг шаардлага тавьсангүй, харин ч хараал зүхэл уг гэр бүлд хэвийн харилцаа мэт болсныг Өлзийбатын эх өөрөө бэлхэн нотлоод өгдөг. Хэрэв жам ёсны орчинд сурган хүмүүжил явагдахгүй гэвэл зорилтот орчинд, өөрөөр хэлбэл цэцэрлэг, бага дунд ахлах сургуульд хүүхдийн хүмүүжлийн асуудал зайлшгүй яригдах ёстой. Үндсэндээ тус филмд санхүү болоод сэтгэл зүйн дарамтад орсон эхийн хайхралгүй орхисон хөвгүүнийг ахлах сургуулийн физикийн багш хүмүүжүүлснээр “сурган хүмүүжил” гэх ойлголт гэр бүлийн хүрээллээс давсан асуудал болохыг батлан харуулдаг.

Сурган хүмүүжил болон боловсрол гэсэн 2 ойлголт ялгаатай гэдгийг энд зориуд сануулах зүйтэй. Боловсролын мөн чанар хүний амьдралын тогтвортой байдлыг хангахад оршино хэмээн судлаачид хэдэн арван жил бичсээр иржээ. Боловсрол өөрөө амьдрах хэрэгсэл биш, харин мөн чанартай, өгөөжтэй амьдрах үйл ажиллагааг бүрдүүлэгч тэрхүү хүчийг хэлнэ[3]. Боловсрол чухамдаа олон талын мэдлэгээс бүрдэх насан туршийн үйл явц ба нэгэнт өөртөө шингээсэн тэр мэдлэгийг хэн ч танаас булааж чадахгүй. Иймд боловсрол бидний амьдралын баталгаа болдог. Ер нь яагаад “Баавгай болохсон” филмийн цаад цөм санаа боловсролын сэдвийг хөндөх болов? Филм бүхэлдээ утаат хотын ядруухан амьдралыг дүрсэлсэн хэдий ч үзэгч миний харц “гэр хороолол” эсвэл “нүүрсний асуудал” дээр шууд төвлөрсөнгүй. Тус филмийн зорилго өрх толгойлсон эмэгтэй, эсвэл хоолгүй хонож яваа зутарсан хэдэн хүүхдийн тухай уянгын халил ерөөсөө ч биш. Эцсийн эцэст найруулагчийн зүгээс бидэнд хэлэх гэсэн тэр далд санаа яах аргагүй “боловсрол” гэсэн чухал сэдэвтэй холбогдож байв.

Өлзийг багш нь физикийн хичээлдээ дуртайг гадарлаж түүнийг олимпиадад бэлдэхээр шамддаг. Багш сурагч 2 уйгагүй бэлдсэний үр шим гарч хүү шат шатны олимпиадад амжилт үзүүлнэ. Багш түүнээс Сургуулиа төгсөөд ямар хүн болох тухай төсөөлөл чамд байна уу гэж асуухад хүү Мөнгө олдог хүн болно доо хэмээн хариулдаг. Тиймээс Өлзий хүйтэн, зутруу гэрийн зүг алхах тоолондоо ямар нэг найдвар тээж яваа харагдана. Ээжээ би олимпиадад оролцоно…боловсролтой болоод хүн шиг ажил хийж зөндөө цалин авч таныг ёстой жаргаана шүү дээ гэж хэлэх нь чухам хамаг нөөц бололцоогоо боловсролд зориулснаар ирээдүйд гачигдах зүйлгүй баталгаатай амьдрах боломжтой гэдгийг ухаарсан хэрсүү хүүгийн яриа байлаа.

Үзэгч та магадгүй “олимпиад”, “онц сурах хүслэн” гэх мэт улиг болсон клише оруулж  филмд хүүхдийг буруу өнцгөөс харуулж байна гэж шүүмжилж болох ч филмийн зохиомж төгсгөл хэсэгтээ сурган хүмүүжил, боловсрол, мөн өөрийгөө бүтээх эрх чөлөөний тухай нэгдмэл үзэл санаатай холбогддог. Боловсрол болон сурган хүмүүжил гэж үнэн хэрэгтээ юу болох тухай физикийн багш л Өлзийд учирлаж ойлгуулна. Хүн өдөр тутмын амьдралд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлснээр нийгмийн хэм хэмжээнд суралцах, аливааг эргэцүүлэн бодох, мөн зөв бурууг ялгах чадвар үүсдэг. Боловсрол гэдэг зөвхөн мэдлэг биш бас чадвар[4]. Иймд боловсролын асуудал өөрөө хэн нэгний мэргэжил эзэмших үйл явцаас хальсан “хүн болох” тухай амьдралын хичээл гэдгийг Өлзий эцэстээ ухаарна.

ХОЁР. БААВГАЙ БОЛОХСОН ФИЛМ ӨӨРӨӨ НИЙГМИЙН ШҮҮМЖ

П.Золжаргал найруулагчтай филмийн баг хамт олон зориуд ес эхэлсэн хахир хүйтний саруудад зураг авалтаа хийжээ. Улаанбаатар хот “Үхлийн хөндий” гэх нэр зүүгээд чамгүй олон жилийг ардаа орхилоо. Найруулагч үхлийн хөндий Улаанбаатарын үнэн төрхийг харуулахаар зорьсон нь үзэгчдэд нөгөө л шийдэл үгүй утааны асуудлыг ахин дахин сануулах мэт. Бид  яаж яваад нийслэл хотоо ийм байдалд хүргэв? Энэ бүхэн хотжилтоос үүссэн асуудал уу? эсвэл хуульгүй хотын замбараагүй үйл ажиллагааны илрэл үү? Филм үзэж суухад энэ мэт нийгмийн асуудлыг эргэцүүлэх боломж олдов.

Анх 1954 онд “Гипрогор Институт”-ээс боловсруулсан 20-25 жилийн хугацаатай анхны ерөнхий төлөвлөгөөг баталснаар хот байгуулалтад шинжлэх ухааны үндэслэл нэвтэрч, хотыг орон сууцны 19 хороолол болгон орон сууц, иргэний барилга байгууламж, орчны зам талбай, гэрэлтүүлэг, цахилгаан дулааны эрчим хүч, радио, холбоо, ус түгээгүүр, ариутгах татуурга, төрөл бүрийн үйлчилгээний цэг салбаруудын хамт иж бүрнээр барьж байгуулах их ажил эрчимжсэн[5] гэж үздэг. Анхны ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 20 жилийн хугацаанд нийт хүн ам 125000 байхаар…орон сууцны барилгын 70 хүртэлх хувийг 2-4 давхар, 20 хувийг дан барилга, 10 хувьд гэр хашаа байхаар төлөвлөжээ[6]. Анхны төлөвлөгөө батлагдсанаас хойш үндсэндээ 5 удаа Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлсэн гэдэг. Төлөвлөгөө бүрд гэр хорооллын бүс нутгийг хязгаарлаж, оронд нь Налайх дагуул хот хөгжүүлэх бодлого баримталжээ.

Эхлээд бид хотуудыг босгоно—Дараагаар хотууд биднийг төлөвшүүлнэ[7]. Уламжлал ёсоор том хотод эдийн засгийн чадамжтай хүмүүс суурьших боломжтой гэсэн бичигдээгүй хууль бий. Орон нутгаас шилжигсэд амьжиргааны чадамжтай болох хүртлээ өртөг багатай дагавар хотуудад суурьшдаг тогтолцоог аливаа улс орон чандлан баримталдаг. Филмийн гол дүр Өлзийбат ба түүний эхийн хооронд яагаад зөрчил үүсдэг вэ гэхээр 4 хүүхэдтэй эмэгтэй энэ том хотод тэсэж үлдэж чадахгүйгээ ухаардаг. Эмэгтэй нутаг буцах хүсэлтэй ч том хүү нэгэнт хотод ирсэн тул эндээ учраа олно гэж шийдэж эх хүү хоёрын дунд зөрчил үүснэ. Үнэндээ ардчиллаас хойш 30 жилд энэ мэт хэдэн мянган rural flight[8] их мөрөөдөл тээгээд Улаанбаатарт ирцгээж, улмаар гэр хорооллын бүс нутаг үнэмлэхүй томрон тэлжээ. 2022 оны байдлаар нийслэлд 205.000 өрх гэр хороололд амьдардаг гэх статистик мэдээлэл бий. Эдгээр айл өрхийн дийлэнх орон нутгаас шилжин ирэгсдийг төлөөлнө. Судалгаанаас үзвэл шилжих хөдөлгөөний гол шалтгаан орон нутаг дах ядуурлын түвшин нэмэгдсэнтэй холбоотой байдаг.

Филмийн гол дүр Өлзийбат хамар хашааны өвгөнтэй хууч хөөрөхдөө Манай аав мянгат малчин байсан. Нэг өвлөөр тал малаа алдсан даа гэж дурсан ярьдаг. Үүнээс үзвэл орон нутгаас шилжин ирэгсдийн тодорхой төлөөлөл нь малчид бөгөөд тэд цас зуднаар хамаг хөрөнгөө алдаж, амьдралын эрхээр том хот барааддаг гэх санааг филмд онцлон харуулжээ. Малчид 2010 онд хамгийн ядуу иргэдийн тоонд жагсаж байсан бол өнөөдөр 3 малчны 1 ядууд тооцогдох болов[9]. Тэгэхээр шилжин ирэгсдийг Улаанбаатар хотын утааны асуудалд шууд буруутгах хэцүү. Учир нь орон нутгийн өрхийн амьжиргааны түвшин хаанаа ч хүрдэггүй тул хот бараадах тэдний эцсийн сонголт болдог. Нөгөөтэйгүүр шилжин суурьших зөвшөөрөл, газар олголтыг төрийн хууль дүрмээр зохицуулдаг гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс хотжилт, замбараагүй төвлөрөлийн гол буруутан хэн бэ гэдгийг дор бүрнээ дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй. Хотжилтыг дагаад үүсдэг саад бэршхээл бишгүй олон, харин Улаанбаатарчууд эдгээр бэлхшээлийг даван туулж чаддаг уу? гэсэн асуулт филм үзэж суухад өөрийн эрхгүй бодогдоно.

Найруулагч бидний мэдэхгүй гэр хорооллын ертөнцийн бодит үнэнийг нэмэлт хачиргүйгээр харуулаад зогсохгүй том хотод тулгардаг нийгмийн асуудлыг зоригтойгоор хөндөж чаджээ. Тухайлбал Өлзийбатын эхийг төлөөлүүлэн “ажилгүйдэл” сэдвийг гаргаж ирэв. Хотжилтын үр дагавартай салшгүй холбоотой 3 хүчин зүйл бол нэгдүгээрт: ажилгүйдлээс үүссэн ядуурал,  хоёрдугаарт: тэгш бус байдал, гуравдугаарт: шилжин ирсэн хүн амыг нийгмээс гадуурхах үзэгдэл[10]. Өлзийбат хүү ажилгүй, орлогогүй эхээ арчаагүй гэж тодорхойлдог ч үнэн хэрэгтээ ажилгүйдэл дан ганц хувь хүний буруугаас үүддэггүй гэдгийг социологийн олон талын судалгаанаас харах боломжтой. Аль ч нийгэмд ажилгүйдэл үүсэхэд хүмүүс өөрсдийгөө буруутгах хандлага ажиглагддаг ба шалтгааныг өөрийн боловсролтой холбож үздэг. Би тааруу учраас надад ажил олдсонгүй гэх дүгнэлт хэтэрхий өрөөсгөл гэдгийг эдийн засгийн макро түвшний судалгаанууд батлан харуулна. Хүн ам өсөхийн хэрээр эдийн засаг нь ажлын байрны хэрэгцээг хангах боломжгүйд хүрч, улмаар хэдэн мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Энэ гарцаагүй үзэгдэл том хотуудад зайлшгүй тохиолддог ба үр дүнд эдийн засгийн хямрал тэр дороо нийгмийн хямрал болон хувирдаг[11] тухай философич Хабермас нэгэн цагт дурджээ.

Ажилгүй, орлогүй хүн нийгэмд ч, өөртөө ч эрх чөлөөгүй. Үүнийг Золжаргал найруулагч Өлзийбатын эхийн дүрээр нотлон харуулахыг зорьсон гэмээр. Ажилгүй, орлогогүй ядуусын нөөц бололцоо дундаж иргэн эсвэл дундаж гэр бүлээс хавьгүй доогуур тул тэд ердийн амьдралын хэв маяг, заншил, мөн өдөр тутмын үйл ажиллагаанаас гадуурхагддаг[12] тухай Английн социологич Петер Таунсэнд цохон тэмдэглэсэн. Ядуурлаас үүдэлтэй амьжиргааны чадавхын талаарх социологийн онолын үндэслэлийг тус филмийн дүрүүдээс бүрэн харах боломжтой. Тухайлбал Өлзийбатын  дүү охин дэлгүүрийн лангуун дээрх гутлыг шохоорхон харах хэдий ч худалдан авч чадахгүйгээ ойлгож чимээгүй орхин одно. Өөр нэгэн зураглалд Өлзийбат дэлгүүрээс бараа авахдаа “хүнсний талон” дээр бичилт хийхийг худалдагчаас гуйдаг. Цаашлаад галлах нүүрсгүй, идэх хоолгүй өдөр хоногоо аргацааж буй ах дүү 3 алга тэнгэрдэж тоглоод сондгойсон нэгнээ дэлгүүр гүйлгэж цаасан хайрцаг цуглуулах ажилд дайчилна. Филмийн турш үргэлжлэх энэ мэт хар бараан зураглалыг харж суухад бид яагаад ийм харгис, хүмүүнлэг бус нийгмийг бүтээх болов? гэсэн бодол өөрийн эрхгүй дотор давчдуулна.

Хувь хүн нийгмийн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхийн тулд зарим гэмт хэргийг үйлдэж болно[13] гэсэн сонирхолтой гаргалгааг Америкийн социологич Роберт Мертон 20-р зууны эхэн үед дэвшүүлжээ. Аливаа улс, нийгмийн хурдацтай өөрчлөлтийн явцад элдэв гаж үзэгдэл олширч улмаар гэмт хэрэг, амиа хорлолт ихэсдэг. Нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг судлаач Эмиль Дюркхайм эртний грек хэлний аноми[14] гэх ухагдахуунаар тайлбарласан. Филмд Өлзийбатын найзууд шөнө оройн цагаар эзэнгүй айл ухахаар хөдөлцгөөдөг. Тэд гэмт хэрэг үйлдэх гэж буйгаа маш сайн ухамсарласан бөгөөд үүнийгээ “мөнгөний ажил” гэж тодорхойлно. Түүнчлэн хууль бус мод бэлтгэлийн үйл явцыг филмд харуулдаг ба Өлзий 2 дүүгээ хоосон хонуулахгүй гэсэндээ аргагүйн эрхэнд модны хулгайчидтай нийлж уул руу явна. Физикийн багш хайран хүүхэд сургуулиа хаяад баларлаа гэж харамсаж түүний араас очих бөгөөд модны хулгайчдыг насанд хүрээгүй хүүхэд уруу татаж ажиллууллаа гэж шүүмжилдэг. Гэтэл энэ нийгмийн дээд доод аль ч шатанд бүхэлдээ хууль бус гэмт хэрэг гаарч байхад Өлзий болон модны хулгайчдыг буруутгах цаанаа л нэг учир дутагдалтай.

Ингээд эцэстээ “Баавгай болохсон” филмийн төгсгөлд нийгмийн бүхий л давхаргад нөлөөллөө үзүүлдэг тэр “эрх мэдлийн хүч”-ний тухай эргэцүүлэн бодох сэжүүр үүсэв. Аливаа улсын эдийн засаг, төрийн аюулгүй байдал болон улс төрийн шийдвэрийг элитийн бүлгэм эрх мэдлийн хүчээр удирдан чиглүүлдэг[15] гэх онолыг социологич Чарьлз В.Миллс 20-р зууны дунд үед гаргаж иржээ. Корпорац болон бизнесийн байгууллагууд, цэрэг армиас авхуулаад шашны нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагууд, бүр цаашлаад засгийн газар өөрөө энэхүү эрх мэдлийн хүчийг үүсгэдэг. Миллс хэдийгээр Америкийн нийгмийн судалгаанд тулгуурлан онолоо гаргаж ирсэн ч өнөөдөр Монголд энэ үзэгдэл жинхэнэ утгаараа биеллээ олсон гэмээр( Миллсийн санал болгосон 5 төрлийн элитийн бүлгэмээс зөвхөн улс төр болон эдийн засгийн элитийн хүчийг монголын нийгмээс харж болно).

Аль ч нийгэм, хүн хоорондын харилцаанд эрх мэдлийн хүч үйлчлэх нь гарцаагүй. Гэвч хаана эрх мэдэл оршино, тэнд эсэргүүцэл бий болдог[16]. “Баавгай болохсон” филмд манай нийгэмд өрнөсөн томоохон жагсаалыг зориуд дүрслэн харуулсан нь сайшаалтай. Өлзий хүү хамар хашааны өвгөний хамтаар айлд мах хүргэж өгөх ажилд дайчлагдана. Тэд хотын төвөөр дайран өнгөрөхөд нүүрсний хулгайгаас улбаатай “Боож Үхлээ” ард түмний жагсаал эд өрнөж байгаа харагддаг. Үнэндээ Улаанбаатарчууд бид 2022-2023 онд утааг дагасан авлига хээл хахуулийн асуудлыг цэгцлэхийг шаардаж томоохон жагсаалууд зохион байгуулж чадсан. Энэ бол эрх мэдлийн хүчийг сөрж буй эсэргүүцлийн нэг хэлбэр яах аргагүй мөн. Эцсийн эцэст П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” филм бас л нэг төрлийн эсэргүүцлээ илэрхийлэх арга хэлбэр болов уу.

Уран бүтээлээр дамжуулан бүхэл бүтэн нийгмийн шүүмж хийж чадсан нь бахархууштай. Ойрын хэдэн өдрүүдэд тус филм Монголчуудын ярианы халуун сэдэв болж, хүн бүрийн мэлмийг нээж өгнө гэдэгт би итгэлтэй байна. Хэлэх гэснээ энэ хүрээд өндөрлүүлье. Миний хувьд филмийн дараагаар нийгэмд өөрчлөлт явагдах эсэхийг хүлээх үлдлээ.

УРЛАГ СУДЛААЧ Б.МИЧИДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-19 66.181.183.53

Ёстой балай кино байна лээ. Цаг заваа үрж мөнгөө үрэн байж үзсэндээ харамссан. Монголын кино урлаг ингэтлээ доошоо орж сэдэвгүй болсонд харамссан. Үзээгүй хүмүүст хэлэхэд цаг зав мөнгөө үрнэ битгий үз гэж хэлий дээ.

Avatar

ZOCHIN 2024-01-19 92.88.171.146

xeterxii nurshuu bolovch zuv sedvuud xundsun shuumj bailaa

Avatar

Филм гэх шиг 2024-01-19 66.181.180.47

Филм гэх шиг. Гадаад үгээр чамирхахаар судлаач болчих уу

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.47.41

medeellee buten unshaach malaa chms deer bichsen bn

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.46.89

Чанартай сайн нийтлэл болжээ. Киногоо үзээгүй уншлаа

Avatar

Нэргүй 2024-01-19 203.91.116.130

фильм гэж бичдэгсэн.

Avatar

bold 2024-01-19 192.82.65.29

ymar ch utga uchirgui tsag mongonii garz kino

Avatar

Нэргүй 2024-01-19 202.126.92.98

фильм /кино/ гэнэ…бусдаар зөв, сайшаалтай шүүмж бичсэн байна…

Avatar

Нэргүй 2024-01-19 202.9.46.89

Bolushka shig svrkhii bichdeg hvvhen baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж