Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё үргэлжилж байна. Башёгийн тав дахь өдөр цөөнгүй сонирхолтой барилдаан боллоо. Гэмтлээсээ эргэн ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хокүтофүжиг давж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо.
Харин дөрөв дэх өдөр өвдөг шороодсон Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр/2024.01.18/ Абиг давлаа. Түүний хувьд энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх учиртай. Тиймээс барилдаан бүр чухал. Түүнтэй гол өрсөлдөөнийг үзүүлэх бөхчүүдийн нэг озэки Такакэйшо бэртлийн улмаас башёг өнжихөөр болсон.
Нөгөө талд озэки Хошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлэх боломжоо алдаж, тав дахь өдөр Гонояамад өвдөг шороодлоо. Ингэснээр дөрвөн даваа, нэг унаатай болов. Түүнийг давсан Гонояама "Баяртай байна. Би башё эхлэхээс өмнө хөлийнхөө ажиллагаан дээр сайн ажилласан" гэжээ. Өнөөдөр тэрбээр Киришиматай барилдана.
Одоогоор маэгаширагийн тавдугаарт эрэмбэтэй Асанояама нэг ч унаагүй, таван даваатай явна. Цагтаа озэки цолтой явсан ч цар тахлын журам зөрчиж дэггүйтэн цолоо хураалгаж, зиндаа буурсан тэрбээр сайн барилдаж буй.
Холбоотой мэдээ