Узбекистаны хөлбөмбөгийн өнгийг тодорхойлох шинэ од Файзуллаев

Узбекистаны хөлбөмбөгийн өнгийг тодорхойлох шинэ од Файзуллаев

Узбекистаны хөлбөмбөгийн өнгийг тодорхойлох шинэ од Файзуллаев

Азийн цомын тэмцээн Катар улсад үргэлжилж байна. Тивийн аваргын хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд өчигдөр хүлээлт өндөртэй буй Узбекистаны шигшээ баг ээлжит тоглолтоо хийлээ. Сүүлийн жилүүдэд Узбекистаны хөлбөмбөгийн хөгжил, тоглолт Азид цойлж, Өмнөд Солонгос, Япон, Австрали, Катартай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлэх хэмжээнд очсон. Ялангуяа өсвөр, залуучуудын шигшээ багууд нь дэлхийн шилдэгт тооцогдож байна. 17 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны өсвөрийн дэлхийн аваргад Английг хожиж, Испанитай тэнцэж, Францад ердөө ганц гоолоор хожигдож, шуугиан тарив. Мөн 20 болон 23 хүртэлх насны баг нь томоохон тэмцээнүүдэд битүү морьдоор нэрлэгддэг.

Узбекистаны шигшээ баг өчигдөр Энэтхэгийн шигшээг 3-0 гэсэн гэсэн харьцаатай хожиж, Азийн аваргын эхний хожлоо авав. "Цагаан чононууд" хэсгийн эхний тоглолтдоо Сиритэй тэнцсэн билээ. Энэтхэгийн эсрэг өдгөө 20 настай Аббосбек Файзуллаев гэх Оросын ЦСКА Москвад данстай хүү гялалзлаа. Тэрбээр багийнхаа эхний гоолыг оруулж, хоёр дахь гоолын дамжуулалтыг өгөв.

Тус улсын супер од Италийн Ромагаас Гаглиарид зээлээр тоглож буй Элдор Шомуродов бэртлийн улмаас тэмцээнийг өнжиж байгаа бөгөөд энэ ч утгаараа Узбекийн довтолгоо эргэлзээ дагуулсан. Тэгвэл Игорь Сергеев гараанд гарсан үүргээ биелүүлж, гоолдлоо. Харин Шерзод Насруллаев багийнхаа гурав дахь гоолыг оруулжээ.

Аббосбек Файзуллаев бол 20 хүртэлх насны Азийн аваргын шилдэг тоглогчоор шалгарсан нэгэн. Нутгийнхаа Пахтакор Ташкент клубын хүүхдийн академиас замналаа эхлүүлсэн түүний ур чадвар, гүйцэтгэл, хурд насандаа гайхагддаг. ЦСКА Москва ч түүнийг боломжоор үнээр нэгтгэж, өдгөө хангалттай боломж олгож буй. Ямартай ч Файзуллаев энэ удаагийн Азийн аваргын гол оддын нэг байх учиртай. Мөн Узбект Абдукодир Хусанов гэх 19 настай төвийн хамгаалагч бий. Францын Ленз клубын гарааны тоглогч болсон Хусанов 20 хүртэлх насны дэлхийн аваргаар гангарч, олон багуудын харааг булаасан.

Гол довтлогч нь байхгүй ч залуу одод нь Узбекистаны шигшээ багийг энэ удаагийн Азийн аваргын гол өрсөлдөгч болгож байна.

Узбекистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Сречко Катанец гэх словени эрхэм ажилладаг. Түүнийг шигшээ багийг удирдаж эхэлснээс хойш Узбекийн хөлбөмбөг нэг шат ахисан гэдэг. Ирэх 2026 оны дэлхийн аваргад ч ороход ойрхон байгаа. "Цагаан чононууд" өмнө нь Германд болсон дэлхийн аваргад оролцоход ойрхон байсан ч аз дутаж, эрхийн төлөөх плей-оффын тоглолтод Бахрейнд гоолын зөрүүгээр хожигдож байв. Тэгвэл Сречко Катанец багаа дэлхийн аваргад оролцоно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Ямартай ч Узбекистаны шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Австралийн эсрэг хийнэ. Хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолт. Нөгөө талаараа хурдтай хөгжиж буй Узбекистаны шигшээ хэдийнэ байр сууриа эзэлсэн Австралийн эсрэг шалгалтад орно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-19 103.212.116.134

Гаглиари гэж юу байдаг юм бэ. Ухаандаа орчуулж байгаа л юм байхдаа. Кальяри гээ л биччихвэл хөл бөмбөг сонирхогч хэн ч ойлгоно шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж