УИХ намрын чуулганаа завсарлуулахын өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт гадаад зах зээлээс бонд босгох онцгой эрх олгосон нь үе, үеийн нийслэлийн Засаг дарга нарт олдож байгаагүй түүхэн боломж, басхүү том хариуцлага гэж тодорхойлж болно.
Одоо гол нь амласныхаа дагуу ирэх хоёрдугаар сард багтаан олон улсын хөрөнгийн зах зээлээс бонд босгож, 20 мянган айлын орон сууц барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.
Эдийн засагчид “одоо олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргахад амаргүй” гэдэг таагүй мэдээ дуулгаж буй ч эе эвийг нь олоод хямд эх үүсвэртэй мөнгө босгож чадвал эргэн төлөлтөд дарамт үүсгэхгүй. Нөгөө талдаа хямд эх үүсвэрээр дахин төлөвлөлтийг амжилттай хийж чадвал агаар, хөрсний бохирдлоо бууруулж чадахын зэрэгцээ тэнгэрт тулчихаад байгаа орон сууцны үнийн хөөс бууна. Тэр ч утгаараа барилгын бизнес эрхлэгчдэд ч хамаатай асуудал болж хувираад байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын тайлбарласнаар Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэн 20 мянган айлын орон сууцыг барьж байгуулахад 1.4-1.5 их наяд төгрөг шаардлагатай.
Харин УИХ-аас Монгол Улсын 2024 оны төсвийн хуулийг батлахдаа Засгийн газрын өрийн дээд хязгаарыг 3,5 их наяд төгрөгөөс хэтрэхгүй байхаар зааж өгсөн. Нийслэлээс олон улсын хөрөнгийн зах зээлд гарах энэхүү бондод Засгийн газар баталгаа гаргана. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өрийн тааз дотроо багтаан бонд гаргах эрхийг УИХ-аас авсныг нийслэл ийнхүү ашиглах гэж байна гэж хэлж болно. Нийслэлээс гаргах бондын хүү хэдэн хувьтай байх вэ гэдэг нь мөн анхаарал татсан асуудал байгаа. Засгийн газраас хамгийн сүүлд гаргасан Сэнчири бондын хүү 7,85 хувьтай байжээ. Түүний араас Засгийн газрын баталгаатай ногоон бонд гаргахад хүү нь төдийлөн өндөр тогтохгүй болов уу гэдэг горьдлого тээж буй.
Олон улсын хөрөнгийн зах зээлээс бондыг амжилттай босгож чадсан нөхцөлд ирэх хавраас 20 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ Сүхбаатарын талбайгаас хойш 1.7 км зайд байгаа дэд бүтэц нь шийдэгдсэн Сэлбэ дэд төвийн 160 га газарт их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Орон сууцыг барьж байгуулахдаа дэргэдээ сургууль, цэцэрлэг, спорт заалтай, мөн соёл урлагийн үйлчилгээ авах боломжтойгоор төлөвлөлт хийсний зэрэгцээ ногоон байгууламжтай байна. Ажлын байрыг нь ч давхар гэртэй нь ойрхон байлгах шийдэл гарц хайж буй. Энэ нь түгжрэлийг бууруулах бас нэгэн шийдэл юм.
Мөн Баянхошуу дэд төвийг түшиглэн 6000 айлын орон сууцыг дээрх жишгээр барьж байгуулна. Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци мөн дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барьж буй аж. Эдгээр нь нийт дүнгээрээ 20 мянган айлыг орон сууцанд хамруулах шийдэл болно гэж үзэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч, сайжруулсан түлш түлж байна.
Гэвч энэхүү түлш хоруу чанар ихтэй нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулж чадаагүй нь давхар батлагдсан. Мөн гэр хорооллын нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгэн, газар гэсэхэд ундны усыг бохирдуулах болсон нь бас л асуудал дагуулж буй. УИХ, Засгийн газраас дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд хууль, тогтоолын төслүүдийг олноор баталж, яндан, зуух солихоос эхлээд түүхий нүүрсийг Улаанбаатар хотод хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлш ийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч оновчтой шийдэл болж чадаагүй. Эцсийн дүндээ гэр хорооллыг барилгажуулах нь ганц аврал юм байна гэж үзэн, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт онцгой эрхүүдийг хуулиар олгосон нь энэ. Гол нь тэр багийн гишүүдийнхээ хамтаар энэ том даалгаврыг гүйцэтгэж чадах эсэх нь ирэх зургадугаар сарын 28-нд товлогдсон УИХ-ын сонгууль, мөн ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд МАН олонхи болж чадах эсэхийг давхар шийдэх болж буйгаараа онцлогтой.
Мөн анхаарах нэг асуудал нь бондын зарцуулалт бүрт хяналт тавьж, зөвхөн гэр хорооллыг барилгажуулах их бүтээн байгуулалтад зарцуулах нь чухал.
Тодруулж хэлбэл, олон улсын зах зээлээс бондыг бага хүүтэй босгож чадлаа ч дахин төлөвлөлтөд зарцуулж чадахгүй, зориулалтыг нь өөрчлөх, эс бол хулгайн замаар оруулбал, эцсийн хариуцлагыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хүлээнэ.
Энэ агуулгаараа бол бонд босгоно гэдэг эргээд ялд унаж ч болзошгүй аюултай ажил.
Нөгөө талдаа нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утаа, түгжрэл, хөрсний бохирдлыг шийдсэн хотын дарга гэдэг нэрийг түүхэнд үлдээх үү, ээлжит нэгэн суудал бөглөсөн захирагч байв уу гэдгийг шийдэх эсэх нь түүнээс өөрөөс нь л шалтгаалах боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ