"Б.Ганбат өөрөө дотоод сэтгэлдээ урлагийн тэр их эрчмийг хадгалж явдаг, тэр нь зөвхөн тайзан дээрээ л мэдрэгдэнэ" хэмээн Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров түүнийг нэгэнтээ дурсчээ. Монголын жазз хөгжмийн урлагийн "Загалмайлсан эцэг" маэстро Б.Ганбат агсны "Баянмонголын Ганбат" пянзны нээлт өнөөдөр /2024.01.18/ боллоо. Монголчууд "Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Дуурсах алдрыг өөрөө олдог" гэдэг. Тэгвэл Бадамдоржийн Ганбат гэх эрхэм уран бүтээлч ард түмнээ "Баянмонголын Ганбат" гэж алдаршиж, нэрээ дуудуулсан уран бүтээлч байв.
Шинэхэн пянзанд түүний сор бүтээлүүдээс дээжлэн, "Жалам харын явдал", "Дэрэнгийн хар азарга", "Ангийн охин чамдаа", "Хамаг Монгол", "Нутгаас ирсэн захиа", "Эгшиглэ, эгшиглэ гитар минь", "Дөрвөн настай халиун", "Энхийн давалгаа" зэрэг дөрвөн дуу, дөрвөн хөгжмийн бүтээл нь багтжээ.
"Шинийн наймны бэлгэ дэмбэрэлтэй сайн өдөр аавынхаа пянзны нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Аав минь амьд сэрүүн байхад "Баянмонгол" чуулгын уран бүтээлчид таны уран бүтээлийг шинээр бичин, дуулж пянз гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр үед аав энэ саналыг нь маш баяртайгаар хүлээн авч, хөгжмийн зохиолуудаа өөрийнхөө гар бичмэл дээрээ зааж өгч байлаа. Тэр цагаас л пянз хэвлүүлэх үйл явцаа эхлүүлж, Герман улсад хэвлүүлээд эх орондоо нээлтээ хийж байна. Гэр бүл, үр хүүхдүүдийнх нь зүгээс маш их баяртай байна" гэдгийг "Морин хуур" чуулгын хөгжимчин, дунд хүү Г.Гантулга онцолсон юм.
"АХ МААНЬ ОЛОН ДУУНЫ ХӨГЖМИЙН НАЙРУУЛГЫГ ХИЙЖ, "БАЯНМОНГОЛ" ЧУУЛГЫНХАА УРЫН САНД ОРУУЛСАН"
Тэрбээр "Аав минь "Баянмонгол" чуулгадаа тасралтгүй 46 жил ажилласан уран бүтээлч. Чуулгаа өдий зэрэгт хүргэж, ажлынхаа халааг шинэ залуу үедээ хүлээлгэн өгсөн байдаг. Би аавтайгаа 23 жил Улсын филармонид хамт ажиллаж, олон сайхан дурсамжийг хамтдаа өнгөрүүлсэн. Аавынхаа захиасыг биелүүлсэндээ баяртай байна" хэмээн дурссан. Харин төрсөн дүү Б.Батбаяр ахыгаа дурсан ярихдаа "Манай ах олон дууны хөгжмийн найруулгыг хийж, "Баянмонгол" чуулгынхаа урын санд оруулсан байдаг. Хүүхэд байхад ах маань ажлаасаа тарж ирчихээд нотны цаасан дээр нот бичээд л суучихдаг. Юу хийж байгааг нь сонирхохоор "Маргаашийн тоглолтод дуулах дуу байгаа юм" гэдэг байсан. Ямар ч хөгжим хэрэглэхгүй дотроо бодоод л бичдэг байсныг гайхдаг байлаа. Сүүлд ахаараа бахархдаг болсон" гэв.
Монголын жазз хөгжмийн урлагийн "Загалмайлсан эцэг" Б.Ганбатын шинэхэн пянзны талаар "Пянз цуглуулагчдын клуб"-ийн тэргүүн С.Цогтбаяр тодотгож хэлэхдээ "Пянз цуглуулагчид 2024 оны анхны пянзаа өлгийдөн авч байна. Пянзны давалгаа эхэлснээс хойш Монголд 80 гаруй пянз хэвлэгдээд байна. Энэ давалгааны хамгийн отгон пянз нээлтээ хийлээ. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн "Баянмонгол" чуулгын Ерөнхий удирдаач Б.Ганбатын пянз "Баянмонгол" чуулгын гурав дахь пянз нь.
Бид номон суварга гэж ярьдаг шиг пянзаар хөшөө дурсгал босгож байна гэсэн үг. Б.Ганбат агсны уран бүтээл үнэхээр гайхамшигтай. "Баянмонгол" чуулгыг олон жил тодорхойлж ирсэн уран бүтээлч" гэсэн юм.
Тэрээр 1953 онд Улаанбаатар хотноо "Элит" төвийн буурин дээр Б.Бадамдоржийн ууган ихэр хөвгүүдийн нэг болж мэндэлжээ. Багаасаа хөгжим сонирхсон тэрээр гурван дүүгийнхээ хамт гэр бүлийн хамтлаг байгуулж явсан төдийгүй Яргайтын зуслангийн найз Д.Галсанбаттай гитар тоглож өссөнөөр хожим Монголын эстрад, жазз хөгжмийн хоёр том чуулгын гоцлол гитарчин, гавьяатууд болсон юм.
Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн "Баянмонгол" чуулгын Ерөнхий удирдаач Б.Ганбат нийслэлийн тавдугаар дунд сургуулиа төгсөөд, Багшийн сургуулийн Соёлын ангид орж, нэгэн үеийн оюутнууд болох Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, Х.Билэгжаргал нартай хамт Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийн гишүүд явсан нь хожим бүгдээрээ Монголын хөгжмийн ноён оргилууд болсон түүхтэй.
"ХӨГЖМИЙГ ЯАЖ ЭЗЭМШИХ ЁСТОЙГ БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГ УРАН БҮТЭЭЛЧ БАЙСАН"
"Chinzo’s records" пянзны дэлгүүрийн захирал Г.Чинзориг:
-Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн "Баянмонгол" чуулгын Ерөнхий удирдаач Б.Ганбат агсны шинэхэн пянзны бичлэгийг Монголдоо бичсэн. Яг пянзны аналоги мастерингийг Герман улсад бэлтгэж, Голланд улсад хэвлүүлсэн. Нийт найман дуутай. Эрхэм уран бүтээлчийн үр хүүхдүүд нь аавынхаа гэгээн дурсгалд зориулж, уран бүтээлийг нь мөнхжүүлэх зорилгоор олон түмэндээ зориулан пянз гаргаж байгаад баяртай байна. Пянз цуглуулагч бидний хувьд ч гэсэн ийм сайхан бүтээл өлгийдөн авч байгаад туйлын баяртай байна гэв.
"Өнөөдөр хамгийн хайртай ахынхаа бас багшийнхаа пянзны баярт ирээд байна. Б.Ганбат багш бидэнд маш том үлгэр дууриалал байсан. Тэр хүнийг хөгжим тоглож байгааг хараад л мэдэрдэг. Хөгжмийг яаж эзэмших ёстойг бие, хэл, сэтгэлээрээ илэрхийлж, хөгжимчдийг хүмүүжүүлдэг байсан. Би яг тэгж л хүмүүжсэн шавь нарынх нь нэг учраас багшийнхаа пянзны нээлтэд оролцож байгаадаа баяртай байна" гэдгийг "Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр хэлсэн юм.
Тэрээр 1973 онд Барилгачдын соёлын ордонд хормейстр, хөгжмийн багшаар томилогдон ажиллахдаа мэргэжлийн гитарын анхны дугуйланг нээж байсан бол 1990-ээд оноос "Эгшигт-Оюу" төвийг байгуулж, олон зуун шавь төрүүлсэн байна. Түүний анхны шавь нь "Харанга" хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай, отгон шавь нь "Баянмонгол" чуулгын гоцлол гитарчин Э.Хосбаяр юм. Мөн 1974 оноос Улсын филармонийн урилгаар "Баянмонгол" чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллах болсноор гитарын гоцлолын өвөрмөц техник /дээд арга барилаас тоглох/-ээр өөрийн гэсэн "сургууль"-ийг бий болгосон уран бүтээлч. Ялангуяа Э.Чойдогийн "Жалам хар" хэмээх хөгжмийг жазз стилиэр найруулсан нь Монголын анхны "фолк-жазз" хөгжмийн найруулгад тооцогдож, гитарын гоцлол нь түүнийг "Жалам харын Ганбат" гэж олноо алдаршуулсан билээ.
Тухайн үеийн Герман, Куба, Чех, Болгар, Румын, Унгар, Орос, Хятад зэрэг улсуудад "Баянмонгол" чуулгатайгаа аялан тоглолт хийж, гитарын гоцлолоороо гадаадын үзэгчдийг бишрүүлж байсан гэдэг.
Б.Ганбат нь эстрад, жазз урлагийн тайзнаа 46 жил ажиллахдаа жазз хөгжим, дууны бүтээл, хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвисан байна. Түүний зохиосон "Эгшиглэ, эгшиглэ гитар минь", "Ангийн охин чамдаа", "Хүлээлтийн дуу", "Захиа", "Дэрэнгийн хар азарга", "Хамаг Монгол", "Хөөрөг", "Цаг чамайг хүлээхгүй", "Бурхан халдуны салхин сүлдэр" зэрэг дуунууд нь олны сэтгэлд хоногшжээ.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Нэргүй 2024-01-18 124.158.69.166
Баянмонголын Ганбат сайн удирдаач, найруулагч зохион байгуулагч байсан. Гитар тоглохын хувьд Баян монголын Баатарсүх үнэхээр сайхан тоглодог байлаа. Тэр маань одоо яаж яваа бол,……… хүмүүс, урлагийнхан түүнд туслах ёстой.